Ипотекийн урьдчилгааг бууруулах уу?
Ипотекийн урьдчилгааг бууруулах уу?
2015.11.02

Ипотекийн урьдчилгааг бууруулах уу?

Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өнгөрсөн бямба гаригт “Буянт-Ухаа″ хорооллын ажлын явцтай танилцах үеэрээ ипотекийн зээлийн урьдчилгааг 30 хувиас арван хувь болголх асуудлыг шийднэ гэдгээ сэтгүүлчдэд мэдээлжээ.

Засгийн газраас ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байгаа юм. Учир нь найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгааг 10 болгон бууруулж үлдсэн 20 хувьд Засгийн газар батлан даалт гаргахаар болсон бөгөөд эхний ээлжинд 200 тэрбум төгрөг шаардлагатай болсон.

Энэ мөнгийг Хөгжлийн банкнаас гаргана гэж Барилга хот байгуулалтын экс сайд Д.Цогбаатар тухайн үедээ хэлж байсан ч тус банкныхан өнөөдөр ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгох ажлыг санхүүжүүлэх боломжгүй гэдгээ дуулгасан. Тиймээс Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийн мэдээлэл бас дахиад дэмий хүлээлт үүсгэх вий гэсэн болгоомжлол байна.

Учир нь цалингаа хасч, төрийн албаны хүмүүсээ цомхотгох бодлого барьж байгаа Засгийн газарт ипотекийн зээлийн урьдчилгаанд гаргах 200 тэрбум төгрөг байхгүй байгаа юм. Нөгөө талаар урьдчилгаа 30 хувиа босгож чадахгүй байгаа хүмүүс 90 хувийн зээлийг төлж чадах эсэхэд арилжааны банкууд эргэлзсэн хэвээрээ байгаа бололтой.