Манай төвд нэг ирээд л бүх ажлаа амжуулаарай
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэл
2015.10.26

Манай төвд нэг ирээд л бүх ажлаа амжуулаарай

Хэрэглэгч, үйлдвэрлэгчид нэг цэгт уулзмаар байна

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тал дээр ямар бодлого, алхам хийх нь зүйтэй гэж үздэг вэ?

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь хэрэглэгчдийн энгийн хэрэглээнээс эхэлнэ. Би "Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв"-ийн даргын хувьд Монгол дээл, хувцасаа сонгон өмсөж, бусдад үлгэр дууриалал болохыг хичээдэг юм. Монгол дээл гэдэг утгаараа импортын хувцаснаас илүүтэй монгол хүний биеийн онцлог, хэв шинжид тохирдог.

Өдөр тутмын ажилдаа өмсөхөд тохиромжтой Монгол дээл, хувцасаа өмсөж хэвших давалгаа төр, хувийн хэвшлийн байгууллагуудаар өрнөөсэй гэж боддог.

Монгол хүн бүрт үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой гэсэн ухамсар сэтгэлгээ сууж, эх орны үйлдвэрлэлээ дэмждэг байгаасай.

Дотоодын үйлдвэрлэгчид хэрэглэгчдээ дээдэлж, бид чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой гэж өөрсөддөө шаардлага тавьж, манай бүтээгдэхүүнийг авна гэдэгт итгэл үнэмшилтэй болох хэрэгтэй. Ингэж хэрэглэгч, үйлдвэрлэгчийн хүсэл, эрх ашиг нэг цэгт огтлолцож, тэр огтлолцол дээр сая мэдлэг шингэсэн үйлдвэрлэлийн тухай яригдана. Хэрэглэгчийн эрэлт  хэрэгцээ, сэтгэлгээ, үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүндээ хандах хандлага гэсэн хоёр тал нэгдмэл байх ёстой.

Хэрэглэгч, үйлдвэрлэгчийн эрэлт хэрэгцээ, хандлагын огтлолцох цэг нь чанартай бүтээгдэхүүн зах зээлд нэвтрэх үндэс суурь нь болно гэсэн үг үү?

Нэг талаас үйлдвэрлэгч олон улсын стандартад нийцсэн, үйлдвэрлэлийн байх ёстой хэм хэмжээг сайтар баримталсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Нөгөө талаас хэрэглэгч дотоодын бүтээгдэхүүнийг худалдан авдаг байх хэрэгтэй. Ингэж чадсан жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө.

Энэ эрэлт хэрэгцээ, хандлагыг хэрхэн бий болгох вэ? Эсвэл цагийн аясаар нэгэнт бүрдэх зүйл үү?

Нэг үеэ бодвол эерэг хандлага төлөвшиж байна. Тухайлбал, би Эмэгтэйчүүдийн чуулганд оролцоход тэнд цугларсан эмэгтэйчүүд бүгд өөр, өөр загварын Монгол дээл өмссөн байсан. Үнэхээр гайхалтай. Энэ бол үндэсний үйлдвэрлэл хөгжиж байгаагийн илрэл. Аажим, аажмаар энгийн хэрэглээ рүү улам ойртсон хувцас, хэрэглэлийг түлхүү үйлдвэрлэдэг цаг ирнэ. Энэ чиглэлд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой. Тиймээс манай төв үйлдвэрлэгчдээ чанартай, хүмүүсийн хэрэглээнд тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй байгааг байнга зөвлөдөг, хэрэглэгчдэд үндэсний бараа бүтээгдэхүүнээ сонгохыг уриалдаг. Ингэснээр гадагшаа урсах мөнгөний урсгалыг дотооддоо авч үлдэх, эргээд үйлдвэрлэлээ өргөжүүлдэг механизмд шилжих хэрэгтэй.

Тухайлбал, цагаан сар, улсын баяр наадам, даншиг зэрэг томоохон баяр ёслолын үеэр үйлдвэрлэгчид манай бүтээгдэхүүнийг худалдан авч, хүмүүст бэлэглэхэд нүүр улайрахааргүй байна уу гэдгээ бодох хэрэгтэй. Зөвхөн чанар гэлтгүй сав баглаа боодолдоо ч анхаарах нь чухал. Үйлдвэрлэсэн компанийн нэр, орц найрлага, үйлдвэрлэсэн хугацаа, хадгалах горим нь тодорхой байх ёстой.

ШУ бол үйлдвэрлэл эрхлэгчдийн гол түнш, дотны "найз нөхөр"

Манай үйлдвэрлэгчид шинэ санаа нэвтрүүлэх, үйлдвэрлэлдээ ШУ-мэдлэг шингээх тал дээр хэр анхаарч ажиллаж байна?

Өмнө нь өөрийн зөв гэж бодсоноороо бизнесээ эрхэлдэг байсан.

Одоо ШУ-ны онолын үндэслэлд нийцсэн, бодитоор мэдлэг шингэсэн үйлдвэрлэл явуулах цаг нь болсон.

Онцолж хэлэхэд, манай жижиг, дунд үйлдвэрлэлийн цөөнгүй хувийг гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчид эзэлдэг. Тэгвэл энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай олон улсын стандарт гэж байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Яагаад жуулчдад зориулсан бэлэг дурсгалын зүйлс олноор борлуулагдахгүй байна? гэвэл чийглэг уур амьсгалтай оронд манай арьс ширэн урлалын бүтээгдэхүүнээс эвгүй үнэр гардаг гэж байна. Тэгвэл манай арьс ширний үйлдвэрүүд түүхий эдийн боловсруулалтандаа илүү анхаарч, ямар технологи нэвтрүүлэх хэрэгтэй гэдгээ тодорхойлох хэрэгтэй болоод байна.

Арьс ширээ яаж илүү нимгэн болгож, түүн дээр урлаж буй зүйлээ улам нарийн гоёмсог дүрслэх гэдэгт анхаарах хэрэгтэй гэдэг дээр "Аялал жуулчлалын газар"-тай хамтран сургалт явуулсан. Энэ бүхнийг ажил хэрэг болгох үүднээс мэргэжлийн байгууллагууд, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрээд байна.

ЖДҮ-ийн том үйлдвэрлэгчээс ялгарах онцлог нь маневр багатай, үйлдвэрлэлийн арга технологи, онцлогоосоо шалтгаалаад 2-3 жилийн дотор хөл дээрээ босох эсвэл үйл ажиллагаа нь зогсох хүртэл эрсдэл, савлагаатай салбар. Тиймээс ийм онцлогтой салбарыг хариуцаж ажилладагийн хувьд маш хурдтай, эрч хүчтэй байж, шинийг эрэлхийлэх, цаг үеэ мэдэрсэн үйл ажиллагаа явуулдаг.

Мөн МУИС, ШУТИС, СЭЗДС-ийн судалгааны багуудтай хамтран ШУ-ны ололтыг практикт хэрхэн нэвтрүүлэх бодит ажил хийхээр төлөвлөж байна. ШУ бол үйлдвэрлэл эрхлэгчдийн түнш, дотны "найз нөхөр" нь яалт ч үгүй мөн.            

ЖДҮ эрхлэгчид хэрэгцээт мэдээллээ нэг дороос авах нөхцөл бололцоо бий юу?

Манай төв сар бүрийн 20-нд бизнес уулзалт зохион байгуулж байна. Үйлдвэрлэгчдэд маш олон асуудал тулгардаг. Энэ асуудлаа яаж шийдэх тал дээр зөвлөгөө өгөх зорилгоор мэргэжлийн хүмүүсээр удирдуулсан уулзалт, сургалт хийж байна. Жишээлбэл, эрсдэлийг тодорхойлох чиглэлээр эрсдэлээс хэрхэн хамгаалах, болзошгүй эрсдэлийг яаж тооцоолох, яаж өртөхгүй байх вэ зэргээр хичээл заасан.  “Нийслэл ЖДҮ” төвдөө  бид сард 2 удаа буюу нэг төслийн, нэг захиалгат сургалт зохион байгуулдаг. Одоогоор он гарсаар төсөл боловруулах чиглэлээр 868 хүн, үйлдвэрлэлийн менежментээр 204 хүн сургаад  байна.

Мөн манай төвд төрөл бүрийн бизнес болон үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай бүх сэдвийн хүрээнд 1300 гаруй дотоод, гадаадын ном, гарын авлага, заавар зөвлөмжүүд бүхий мэдээллийн сан ажиллаж байна. Үүн дотроо жижиг дунд үйлдвэрлэлийн хүрээнд гарсан бүх хууль тогтоомжууд, орчин үеийн кластерыг хэрхэн байгуулах, гадаад орны туршлага гээд цэгцтэй, ангилсан мэдээлэл материалыг судлах боломжтой. Үйлчлүүлэгч эдгээрээс хүссэн, хэрэгцээт мэдээллээ компьютерт бичиж, хэвлэн авч болно.  

Мөн том үйлдвэрүүдэдтэй хамтран сургалт-аялал хийж, жижиг, дунд үйлдвэрүүд тэднээс мэдлэг туршлага солилцож байна. Түүнчлэн манай төвтэй холбоотой байснаар дотоод болон гадаадын үзэсгэлэн худалдаанд оролцох боломжтой.

"Нийслэлийн ЖДҮ" сургалт, мэдээллийн төв: Сургалтын үеэр

Энэ төвөөр хүссэн хүн болгон үйлчлүүлэх боломжтой юу? Эсвэл албан ёсны бүртгэлтэй гишүүддээ үйлчилдэг үү? Хүмүүс хэр хүлээн авч байна?

Ер нь хүссэн хүн бүрт нээлттэй гэж хэлж болно. Манай төвөөр нэг иргэн ихэвчлэн 1-2 удаа ирдэг бол ЖДҮ эрхлэгчид тогтмол харилцаа холбоотой, идэвхитэй үйлчлүүлдэг. Тэдэнд зориулсан хэрэгтэй мэдээлэл, үйлчилгээгээр хангаж чаддаг болохоор манай төв хэрэгтэй гэдгийг ойлгож байна.

Манай төв энгийн, элгэсэг орчин, харилцаа үүсгэхийг эрмэлзэж ажилладаг.

Мэдлэг, мэдээлэл тал дээр хангалттай анхаарч байна гэж ойлголоо. Тэгвэл үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих тал дээр ямар ажлууд хийдэг вэ?

Борлуулалтыг дэмжих гол суваг бол үзэсгэлэн худалдаа. Бид жил бүр “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 9 удаагийн үзэсгэлэн худалдаа явагдан, 323 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдаж, 677 сая гаруй төгрөгийн борлуулалт хийсэн. Хятадын Эрээн, Хөх хот, ОХУ-ын Улаан-Үүд хотод үзэсгэлэн худалдаанууд тогтмол зохион байгуулж байна.

Манай “Нийслэлийн ЖДҮ” төв болоод дүүргийн салбар төвүүдэд байнгын борлуулалтын цэгүүд ажилладаг. Тийм их хэмжээний биш ч тодорхой тооны бүтээгдэхүүн борлуулж байна. Цаашид зөвхөн нийслэлийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг нэгдсэн том худалдааны төвтэй болох тухай яригдаж байна.  

"Улаанбаатарт үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааны үеэр

ЖДҮ-ийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр олгож буй зээл, тусламж бизнес эрхлэгчдэд хэр үр өгөөжтэй байгааг танай төвөөс танддаг уу? 

Манай дүүрэг хариуцсан мэргэжилтэнгүүд 2 удаа явж зээл авсан бүх ААН-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан. Тэд санхүүжилтад сэтгэл хангалуун, ам сайтай байж авсан зээлээ үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлэх, борлуулалтын сувгаа нэмэх, шинээр ажлын байр бий болгох зэргээр үр ашигтай зарцуулж байгаа нь судалгаанаас харагдаж байна.

Зээл авсан жижиг дунд үйлдвэрүүд дээр 121 ажлын байр шинээр бий болж, 78 төрлийн тоног төхөөрөмж авч, 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэсэн байна.

Арваннэгдүгээр  сарын 20, 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаагаар 2015 онд үйлдвэрлэсэн 20 гаруй шинэ бүтээгдэхүүнүүд болоод шинэчлэгдсэн каталогийг хэрэглэгчдэд танилцуулна.

Жижиг үйлдвэрүүд нийлж, кластер байгуулах нь зүйтэй гэж танай төв, яам агентлагийн түвшинд ярьдаг. Үүнийг хэрэгжүүлж буй бодит жишээ байна уу?

Жижиг үйлдвэрлэгчид түрээсийн байр, подвольдоо тус тусдаа ажиллах нь үр дүн багатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Анх би Баянгол дүүрэгт "Оёдлын холбоо" байгуулах санаачлагыг дэмжиж эхлүүлсэн. Харин одоо бүх дүүрэгт ийм холбоо ажиллаж байна. Хамгийн амжилттай ажиллаж байгаа Багануур дүүргийн оёдолчдын холбоо л гэхэд одоо компанийн хэмжээнд хүрсэн, 16 хүн нийлээд уурхайн захиалга хийж байна.

Ингэж хоршсоноор оёдолчид борлуулалтанд санаа зовохоо больж байнгын захиалгаа биелүүлэх тал дээр ажиллах болсон. Чацаргана, сүү, сүүн бүтээгдэхүүн дээр кластер амжилттай хэрэгжиж эхлээд байна. Бид зах зээлийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг сонгож, кластер байгуулахыг дэмжин ажиллана.  

Ер нь манай байгууллага жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болон бизнес эрхлэгчдийг нэг байгууллагаас нөгөө байгууллага руу бичиг цаас барин явдаг байдлыг зогсоож, мэдээллийг нэг дороос авах боломжоор хангахын төлөө ажиллаж байна. Энэ нь ч бидэнтэй хамтран ажилласан иргэдийн зүгээс дэмжлэг авч байна.

Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүнд хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа байдаг. Цаг нартай уралдаж байдаг үйлдвэрлэгчдэдээ мэдээллийг хэрхэн түргэн шуурхай хүргэх, тэдэнд үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд нь туслах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийг дэмжих гээд олон талт үйл ажиллагааг бид нэг цэгээс түргэн шуурхай хүргэж байна.

 Ярилцахад таатай байлаа. Ажилд нь амжилт хүсье.