Ой судалгаа хөгжлийн төвдөө манай яам 8 төрлийн мод тарилаа
"Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн энэ жилийн арга хэмжээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” болгон улс орон даяар өрнүүлж, 4 зорилт тавин ажилласан.
Иргэд хашаандаа, байгууллага орчин тойрондоо, сум, хороо бичил цэцэрлэг байгуулах, нэрэмжит ойтой болох чиглэлээр ажиллаж, нийт улсын хэмжээнд 1.5 сая орчим мод тариад байна. Өнөөдөр хот суурин газрын нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дундаж 12м2 байхад та бидний оршин сууж байгаа нийслэл Улаанбаатар хотод энэ хэмжээ 2.6м2 буюу дэлхийн дунджаас 4.6 дахин бага байна.
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Ой судалгаа хөгжлийн төвд яамныхаа ажилчидтай 8 төрлийн 700 мод тарилаа. Ой судалгаа хөгжлийн төв 2015 онд 100,000 ширхэг бортог үйлдвэрлэж түүндээ 100,000 ширхэг шинэсний бортогны үрсэлгээ хийгээд байна. Шинэс нь Монгол улсын ойн сангийн 73 хувийг эзэлдэг.
Мөн 2,1 сая га талбайд ойн хортон шавьж хорхойд идэгдсэн талбайн судалгаа хийгдсэнээс голомтын бүс болсон 400,000 га талбайд нь хортон шавьжнаас хамгаалах, хор цацах, эрүүлжүүлэх ажил хийгдээд байна.
Ой судалгаа хөгжлийн төвдөө манай яам 8 төрлийн мод тарилаа
Цаашдаа Ой судалгаа хөгжлийн төв 140 төрлийн модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн болох 15 жилийн төлөвлөгөөгөө гарган ажлаа 2014 оноос эхлүүлээд байна.