Бизнесийн орчинг төр өөрөө эвдээд байна
ЖДҮ-ийн газрын дарга асан Ц.Ням-Осортой ярилцлаа.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
ЖДҮ-ийн тухай ойлголт манай нийгэмд анхнаасаа буруу тавигдсан. Өнгөрсөн жил "Жижиг, дунд үйлдэрлэлийн тухай" хуулийг шинэчлэн найруулсан боловч олигтой өөрчлөлт орсонгүй. Тус хуулинд бичил бизнес эрхлэгчид буюу өрхийн үйлдвэрлэгчид, импорт, экспортыг орлох жижиг, дунд үйлдвэрлэгчид гэдгийг нарийн сайн тусгаж шаардлагатай байсан юм. Орон нутгийг хөгжүүлэх сан, сумын хөгжлийн сан, ЖДҮ-ийг дэмжих сангууд нь хоорондоо ялгардаггүй. Энэ бүхнийг тодорхой болгоогүйн улмаас бодлогын алдаа гарч байна.
ЖДҮ-ийн тогтолцоог нарийн болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ?
Бодлогоо тодорхой болгож, хэн-юуг хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг ангилах хэрэгтэй. Би ЖДҮ-ийн газрын дарга байхдаа үүний суурийг тавьсан. Тухайлбал, сумын хөгжлийн санг сум л шийднэ гэсэн зарчимтай. Сум, аймаг, дүүргийн эрхлэх ажлыг тодорхой болгосны дараагаар хяналтыг нь агентлаг хийж байлаа. Яам, агентлагууд аймаг сумдыг хариуцлагагүй байна гээд мөнгийг нь хувьдаа татах сонирхол байдаг. Энэ нь ЖДҮ-ийн салбарт болоод төрийн бодлогод ч ажиглагддаг.
Боловсон хүчнийг шат шатанд нь бэлтгэн сургах асуудал бол төрийн бодлогын хэрэгжилтийн гол суурь
Тухайн үеийн тогтолцоог одоо өөрчилснөөр дэвшилт гарсан уу?
Дэвшилт гараагүй. Би өөрөө үүнийг босгосон хүний хувьд эргээд харахад туйлын сэтгэл дундуур байдаг. ЖДҮ-ийн салбарт ажиллаж байхад сумын Засаг дарга нарт эрх мэдэл өгснөөр их дураараа загнадаг байсан. Тухайн үед бид хийе гэж зүтгэж байсан хүн бүрт зээл өгсөн. Энэ бүхнийг эргээд харахад аль хэдийн бизнесээ хийгээд эхэлчихсэн хүмүүсийг дэмжих нь зөв байжээ. Тэдний шинэ санаачлага, үйлдвэрлэлээ өргөжүүлэх төсөл дээр экспертийн санал, шүүмжийг тусгаж, мэргэжлийн хүмүүсээр удирдуулсан давтан сургалтад тэдгээр бизнес эрхлэгчдийг хамруулж, мэргэшүүлэх нь зүйтэй байж.
Одоо энэ бүхнийг засаж залруулъя гэвэл оройтсон гэж үү?
Бизнесийн бус төрийн хүмүүсээр бизнесийн чиглэл, журам, бодлого гаргаж байгаа байдлыг болих ёстой. Боловсон хүчнийг шат шатанд нь бэлтгэн сургах асуудал бол төрийн бодлогын хэрэгжилтийн гол суурь. Тухайн салбарын бодлогыг зангиддаг гол институтийг үгүй хийж болохгүй. Мөн нэгэнт байгуулагдсан төрийн бүтцийг самардагаа болих хэрэгтэй. Ингээд байхаар төрийн залгамж чанар, бодлогын хэрэгжилт гэдэг зүйл үгүй болоод байна.
ЖДҮ-ийг дэмжиж буй өнөөгийн бодлого, зохицуулалтыг ямар зарчмаар явуулбал зөв голдрилдоо орох бол?
"Чингис бонд"-ын хөрөнгөөр үйлдвэрийг дэмжинэ гэсэн санаа нь зөв, гэхдээ арга нь буруу байна. Одоогоор барилгын, ноос ноолуурын гээд нийт 140 гаруй компанийг энэ хүрээнд дэмжсэн. Нэгэнт хөл дээрээ боссон компанийг их мөнгөөр дэмжих хэрэггүй. Том компаниудыг мөнгөн хэлбэрээр дэмжээд ирэхээр монополь байдал нь улам гаарч, зах зээлд шударга бус өрсөлдөөн үүсдэг. Ингэснээр бизнесийн орчинг төр өөрөө эвдэж байна гэсэн үг.
Уншаад үзэхээр зөв зүйтэй зүйл байгаа мэт боловч шууд хэрэгжүүлээд явъя гэхээр тодорхойгүй, ойлгомжгүй зүйл олон байна.
ЖДҮ-ийн хууль нь хэрэгжүүлэхэд хэцүү их том хууль. Бодлогын болон эрх зүйн баримт бичигт бодит амьдралд хэрэгжүүлэх боломжгүй зүйл заалтууд тусгагдсан байдаг. Уншаад үзэхээр зөв зүйтэй зүйл байгаа мэт боловч шууд хэрэгжүүлээд явъя гэхээр тодорхойгүй, ойлгомжгүй зүйл олон байна. Тухайлбал, хөнгөлөлттэй зээл, хүүгээр дэмжих бодлогуудын чиглэлүүдийг гаргах ёстой. Хэрэв хөдөө орон нутаг руу чиглэсэн үйлдвэрлэл эрхлэх, хотоос алслагдсан бүсэд үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол татвар бага ногдуулдаг байх хэрэгтэй байна.
Татварын бодлогоос эхлээд л бизнесийн орчныг сайжруулах олон арга хэрэглүүр байх шиг. Тэгсэн мөртлөө яагаад энэ бүхнийг авч хэрэгжүүлэхгүй байгаа юм бол?
Аж үйлдвэрийн тухай хуультай татвар, тендерийн бодлогыг уялдуулах, энэ хүрээнд дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Иж бүрэн, цогцоор нь шийдэхгүй бол дутуу хөтүү бодлого, баримт бичиг батлагдсаар байна.
Бодит тохиолдлыг аваад үзэхэд, Засгийн газрын тогтоолоор хэд, хэдэн бүтээгдэхүүний импортыг хязгаарлахаар болж, татварын бодлогоор зохицуулалт хийсэн. Гэвч ажил хэрэг болоогүй л байна. Яг улиг болтлоо яригдаж, замхрахын ирмэг дээр 17 жилийн дараа сая нэг юм шинэчлэгдсэн НӨАТ-ын тухай хууль шиг л юм болж байна.
ЖДҮ-ийн хүрээнд явуулж буй бодлого тааруу байгаагаас нийгэм, эдийн засагт ямар хор, нөлөө үзүүлж байна?
Орон сууцны хавтгайруулсан зээл барилгын салбарыг унагаж байна. Ойрын хоёр жилд зөв бодлогоор алдаагаа яаралтай засахгүй орон сууцны хямрал үүсэх аюултай. Хэрвээ ингэж хямарвал иргэд орон сууцны зээлээ төлж чадахгүйгээс арилжааны банкууд дампуурах эрсдэлтэй.
Цаашид энэ салбарт ямар бодлого баримталбал байдал сайжрах бол?
Хятад, Сингапур зэрэг аж үйлдвэр, технологийн парк өндөр хөгжсөн орнуудад боловсон хүчнээ бэлдэх тал дээр номер нэг анхаардаг. Тухайн компанийн ажилчид практикт сайтар бэлтгэгдсэн гэж үзсэний үндсэн дээр Засгийн газар, төсөл хөтөлбөрүүдээс санхүүжилт өгдөг.
Манай улсад Эрдэнэт, Дархан, Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулах зорилгоор олон сургалт зохион байгуулсан ч, эдгээр парк, төвүүд байгуулагдаагүй л байна. Байгуулах нэрийдлээр мөнгө их иддэг. Орчин үед ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой хэлбэр болох кластерийг хөгжүүлэхдээ эдийн засаг, эрх зүйн хүрээнд сайтар бодолцох шаардлагатай. Манайд арьс шир, мах, сүүний үйлдвэрлэлд кластер байгуулахаар оролддог боловч нэг л ахихгүй байна.
"Самсунг", "Тоёото" зэрэг корпорациуд энэ системийг жишиг болгон хэрэгжүүлж чадсан. Энэ системийг нэвтрүүлснээрээ "Самсунг" 17 мянга, "Тоёото" 23 мянган жижиг компанийг чирдэг. Автомашины шил, гишгүүр, хулдаас, толь, хаалга гээд эд анги, дагалдах хэрэгслийг хүч зарж өөрсдөө хийхгүй, гадагшаа мөнгө урсгаж импортлохгүй дотоодын компаниудаараа хийлгэдэг, ийм зарчмаар ажилла гэдгийг бодлогын баримт бичигтээ тусгасан байдаг.