Чуулганаар шийдэх ёстой гэсэн бүлгийн шийдвэр гарсан
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
2015.10.13

Чуулганаар шийдэх ёстой гэсэн бүлгийн шийдвэр гарсан

Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Хоригийг УИХ хүлээж авсан учир тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болоод буй.

Энэ талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас тодрууллаа.

-Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэчнээн зүйл анги өршөөгдөх вэ. Тэгвэл ямар хэрэг хийсэн хүмүүс өршөөгдөхгүй байгаа вэ?

-Эрүүгийн тусгай ангиар 300 орчим гэмт хэрэг байдаг. Одоо гарсан хуулиар 29 зүйл анги нь өршөөгдөхгүй. Үүн дээр нэмээд долоон зүйл ангийг өршөөлд хамруулахгүй байх саналыг Ерөнхийлөгч оруулж ирсэн. Өршөөлийн хууль 11 зүйлтэй. Үүнээс есдүгээр зүйл нь өршөөгдөхгүй гэмт хэрэг.

Тухайлбал, хар тамхи, хүний амь нас бүрэлгэсэн, эх орноосоо урвасан зэрэг гэмт хэрэг багтаж байгаа. Тавдугаар зүйлээр гэмт хэрэг хийгээд ял эдэлж байгаа хүмүүсийн ялаас хоёр жил хасч байгаа. Нэмээд танхайрах, бүлэглэх зэрэг таван зүйл заалт орсон байгаа. Хамгийн гол нь авлига авсан хүнийг өршөөхгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Нэгдсэн чуулганаар үүнийг дахин хэлэлцээд эцэслэнэ.

Зөвхөн Өршөөлийн хууль гэлтгүй аливаа хуулийг нягт нямбай хэлэлцэх ёстой. Хуулийн цаана хүний амь амьдрал байдаг. Энэ хуулийг бараг сар гаруй хэлэлцсэн. Засч залруулах, зүйл бий. Хуулийн үйлчлэлд нийт 100 мянга гаруй хүн хамрагдаж байна. Насанд хүрсэн арван хүн тутмын нэг нь энэ хуульд хамрагдаж байна гэсэн үг. Бараг 90 мянга нь өршөөгдчихсөн байгаа.

Жолооны эрхээ хасуулсан байсан 81 мянга гаруй хүн эрхээ сэргээлгэчихлээ. Нөгөөтэйгүүр, жирэмсэн, хөхүүл, гурав хүртэл настай хүүхдийн эцэг эх болон тэнсэн ялтай хүмүүс өршөөгдсөн. Тухайлбал, тэнсэнтэй залуус цэргийн албаа хааж амжихгүй байсаар 26 нас хүрчихдэг байсан.

-Уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн. Чухам яаж өөрчлөгдөх вэ?

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авсан учир Хууль зүйн байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ёстой.  Хууль зүйн байнгын хороо хуралдаад, Ц.Оюунбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Гэхдээ ажлын хэсгийн санал байнгын хорооны хурлаар унасан. Дараа нь Хууль зүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хориг тавьсан 11 зүйл, заалтаар санал хураалгасан юм.

Хоригийн талаар С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Л.Түвдэндорж нарын гишүүд санал гаргаж, 11 зүйл, заалтаас зургаа нь дэмжигдсэн. Дэмжигдээгүй зургаан зүйл, заалт дээр Хууль зүйн байнгын хороо болон чуулганаар хэлэлцэнэ. Энэ асуудлыг чуулган дээр шийдэх нь зөв гэсэн бүлгийн шийдвэр гарсан. 

-АН-ын бүлгээс таныг Хууль зүйн байнгын хорооны даргаар улираан томилох шийдвэр гаргасан. Гэтэл сөрөг хүчний гишүүд таныг шүүмжилж Ш.Түвдэндорж даргыг дэмжиж байгаа харагдана лээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Сөрөг хүчин гэдэг бол мэдээж сөрж байдаг. Гэхдээ бас бүхнийг сөрнө гэсэн байдлаар болж бүтэж байгаа зүйлийг нурааж болохгүй. Цаад талын том бодлогоо харах хэрэгтэй.  Мэдээж хэрэг ажлаа сайн хийж байгаа хүн л шүүмжлэлд илүү өртдөг. Манай бүлэг намайг ажлаа сайн хийж байна, энэ үед байх хэрэгтэй гэж үзээд “Цаашид ажилла” гэж байгаа болов уу.