Хамгийн том түшиг тулгуур маань САЙН БАГ байлаа
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал, хатагтай Батсүхийн Саранчимэг
2015.09.22

Хамгийн том түшиг тулгуур маань САЙН БАГ байлаа

Энэ удаагийн манай VIPerson зочин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал, хатагтай Батсүхийн Саранчимэг. Манай хотынхны хамгийн их очих дуртай газар бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Таван жилийн өмнө шар шороон дунд хүрз бариад зогсож байсан энэ хатагтай их ажлын ард гарчээ. Одоо түүний хөлс хүчээ шингээсэн Цэцэрлэгт хүрээлэн хүмүүсийн хөлд дарагддаг, аз жаргалын цэцэрлэг болсон. Тийм ээ, үнэхээр аз жаргалын цэцэрлэг…

-Хэдхэн жилийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шавыг тавиад шороон дунд зогсож байсан. Өнөөдөр манай хотын хүүхэд хөгшидгүй очиж бужигнадаг, өдрийг өнгөрөөх дуртай газар нь болжээ. Таван жилийн хөдөлмөр гэдэг бол бас л том хөдөлмөр. Энэ таван жилд юу хийж, чухам ямар хэмжээний ажлын ард гарчихаад зогсож байна даа. Хоёулаа яриагаа эндээс эхлэх үү?

-“Open door” сонин зочноороо урьсанд их баярлалаа.  Тийм шүү. Таван жилийн өмнө анх ажлаа авч байхад улаан шороо эргэлдсэн л газар байсан. 2010 онд байгууллага маань 27 хүн, 27 бээлий, таван хүрзтэй, шарилж дүүрэн, дэд бүтэц гэх зүйлгүй эхэлж байв. Тэр үед олон хүмүүс энэ бүтэхгүй төсөл, ээлжит үлгэр домог  гэж шүүмжилж байсан л даа. Үнэндээ шийдвэр гаргалцсан зарим удирдлагууд маань ч өөрсдөө итгэл үнэмшил муутай байсан юм. (инээв)

Харин өнөөдөр хотын маань иргэдийн олноороо ирэх дуртай газрын нэг болжээ. Сэтгэл, зүтгэл байвал сайхан хамт олон,  гар нийлсэн баг хэрхэн ажил хийж болдгийг бид харуулж чадлаа гэж боддог.

-Цэцэрлэгт хүрээлэн гэж чухам яг юу юм бэ. Тийм их хэрэгтэй зүйл үү. Ингэхэд танайх хэдэн модтой болоод байна вэ?

-Онолын хувьд бол цэцэрлэгт хүрээлэн гэдэг нь ногоон байгууламж нь 70-с доошгүй хувь бүхий байгууламжийг нэрлэдэг. Дэлхийд ерөнхийдөө хүний гараар бүтсэн болон унаган байгалиа хамгаалан үлдсэн хоёр төрлийн хүрээлэн байдаг.

Цэцэрлэгт хүрээлэн хэрэгтэй байлгүй яахав дээ. Тийм биш бол өдий болтол ажиллахгүй байсан ш дээ. (инээв) Хүн ер нь хотжиж хөгжихийн хэрээр унаган байгалиасаа холдож төрөлх чанараа гээж эхэлдэг юм шиг байгаа юм. Тэр үедээ байгальтай ойр байж амарч тайвшрах газар хэрэгтэй болдог. Харин хот төлөвлөлт талаасаа бол их хотын төвд уушиг болсон газар зайлшгүй хэрэгтэй байдаг.

Манай хүрээлэнд өнөөдөр 22 төрлийн 110 мянга гаруй мод 93 хувийн ургалттай байгаа.

-Мод өөрөө арчилгааны хувьд яг л нялх хүүхэд шиг нямбай ажиллагаа шаарддаг юм шиг санагддаг.

-Өвөл зунгүй л арчилна шүү дээ. Ерөөсөө л хүүхэд шиг байнгын арчилгаа тордолгоо шаарддаг. Нэг өдрийн хурц наранд л мод үхэж, зүлэг шарлана шүү дээ. Ялангуяа манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд.

-Хамгийн ойрын жишээ татахад Бээжингийн өвөл манай өвлийн  дэргэд юу байдаг билээ. Тэгэхэд л моднуудаа хөөрхөн “хувцаслачихсан” байгаа харагддаг. Танайх бас модоо тэгж “хувцасладаг” уу?

-Тэгэлгүй яахав. Хүн шиг л хувцасладаг. (инээв) Аль болох олон улсын жишигт нийцсэн арга аргачлалаар ажиллахыг хичээдэг дээ. Ер нь бүтээн байгуулалт гэхээр байшин барилга л яриад байдаг. Уг нь жинхэнэ бүтээн байгуулалт бол ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн юм.

-Сайхан үг байна. Үнэндээ манайд цэцэрлэгт хүрээлэн байхгүй, ганцхан Хүүхдийн парк л байсан. Тэгвэл одоо Үндэсний цэцэрлэгт хүрээлэн маань хөлд дарагдсан газар болж эхэлж байна. Гурван жилийн дараа гэхэд бүр л өргөн амьдралтай газар  болно гэдэг тодорхой. Гэхдээ ийм цэцэрлэгт хүрээлэнтэй харьцах соёл бидний ахуй амьдралд бага. Нээгдэнгүүт л хүмүүс ирээд худалдаа хийгээд эхэлчихсэн, зах шиг болж байна гэх шүүмжлэл гарч байсан. Энэ жил жаахан хумих гэж оролдсон юм шиг байна. Тэгэхээр энэ иргэдтэй хэрхэн яаж ойлголцож ажиллаж байна вэ?

-Аливаа асуудлыг зарим нэг нь дэндүү зоосны нүхээр харах хандлага ихэслээ. Эдийн засаг доройтож иргэдийн амьдрал хүнд байгаа хэдий ч бид бас нэг үнэт зүйлтэй байх хэрэгтэй юм. Хууль бус худалдаа эрхлэгчидтэй бид анх нээсэн өдрөөсөө л тэмцэж холбогдох газруудтай хамтран олон арга хэмжээ авч ирсэн. Ер нь хүн бүр л хариуцсан ажлаа гүйцэд хийх хэрэгтэй гэж бодогддог болсон. Бид шийдвэрлэх эрхтэй газруудад нь удаа дараа хүсэлт тавьж байгаа өдрөөс өдөрт багасч байна.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийт хэдэн га талбайтай вэ?

-Энэ төсөл нийтдээ 975 га талбайг хамрах юм. ТЭЗҮ-ийн тухайд олон улсад зарлагдаад судалгаа гаргаж байсан юм. Хэрвээ энэ хүрээлэн төлөвлөлтөөрөө хийгдээд дуусах юм бол газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд гуравт орох юм. Гэсэн хэдий ч мөнгөнийхөө хэмжээнээс болоод төлөвлөгдсөний дагуу явахгүй байна. Энэ жил гэхэд төсвийн зөвхөн гурван хувь нь тавигдсан байх жишээтэй. Тухайлбал, бүтээн байгуулалтын санхүүжилт байхгүй. Хотын төсөв муу байгаа гэх шалтгаанаар. Гэхдээ манай Иргэдийн Хурлын Төлөөлөгчид дэмжээд 620 сая төгрөг баталж өгсөн. Одоо төв хэсгийн тохижилтын ажил хийж байна.

-Хэрвээ төлөвлөлтийн дагуу явбал цэцэрлэгт хүрээлэнд нэмж юу юу хийх вэ?

-Аливаа ажил төлөвлөлтийн дагуу л явах ёстой. Улаанбаатар хотод анхны гэх тодотголтой хэд хэдэн бүтээн байгуулалтыг цэцэрлэгт хүрээлэндээ бид хийсэн. Жишээ нь, хамгийн анхны хамгийн урт гүйлтийн зам, дугуйн замтай боллоо. Мөн спортын талбайнууд байна. Нэг дор тоглох боломж бүрдэж байна. Мөн усан оргилуур, ногоон байгууламжууд, хамгийн анхны усжуулалтын автоматжуулсан систем гээд олон зүйлийг бид хийлээ. Үнэндээ анх ажил авахад дэд бүтэц ч үгүй. Гэрэл үгүй л байсан шүү дээ. Тэр үеэ бодвол бид өөрийн гэсэн дэд бүтэцтэй, худагтай, усжуулалтын системтэй боллоо. Яг энэ ногоон байгууламжийн зураг төсөлдөө 180 га-гийн ерөнхий төлөвлөгөө гаргаад бүх ажлууд төлөвлөлтийн дагуу явагдаж байна.

-Би хангайн хүн болохоор хөвч, моддын чимээ, голын урсгалд дуртай. Харин говийнхон их өөр юм шиг санагддаг. Нэг л тийм санаа алдсан уудам талд дуртай. Наранд дуртай ч юм шиг сонин шинжүүд мэдрэгдээд байдаг юм. Та бол Дундговийн хүн. Таны дотоод ертөнцөд байсан мод, модны тухай ойлголт ямар байсан бол. Мэдээж та гадаадад олон жил амьдарсан хүн болохоор эх орондоо нэг гоё цэцэрлэгт хүрээлэн хийх юмсан гэж бодож байсан байх. Хүн болгон л гаднын гайхамшигтай бүхнийг харж, бяцхан атаархаж явдаг шүү дээ. Тэрнээс болж ч энэ төслийг барьж авсан байж болох юм.

-Би инженер мэргэжилтэй хүн. Гадаадад цөөнгүй жил суралцаж, ажиллаж амьдарлаа. Энд тэнд явж байхдаа Монголоо, Улаанбаатараа ийм болгох юмсан гэсэн мөрөөдөл, бас таны хэлсэн шиг цагаахан атаархал тээж явдаг байсан нь нууц биш. Хүн болгон л тийм байдаг байх. Тэгээд Монголдоо ирээд, хувь заяаны эрхээр энэ том ногоон байгууламжийн төсөлд ажиллах боломж олдсон. Цэцэрлэгт хүрээлэн босгох ажлыг Г.Мөнхбаяр  дарга маань надад даалгасан. Чи энэ ажлыг босгоноо, чамд итгэж байна гэж хэлж байсан өдөр саяхан юм шиг л санагдаж байна. Тухайн үеийн хотын удирдлагуудад талархаж явдаг юм. Ганцхан бид ч биш хотын иргэд талархаж явдаг гэдэгт эргэлзэхгүй байна.

Хувь хүний хувьд өөрийнхөө дуртай ажлыг хийж яваа болохоор ухарч няцах нь битгий хэл үргэлж эрч хүчтэйгээр ажиллах сайхан байдаг. Энэ ажилдаа би зүрх сэтгэлээ бүтнээр нь өгсөн. Би багаасаа л байгальд дуртай хүүхэд байсан. Үзэсгэлэнт байгаль, ногоон орчинд сэтгэл их татагддаг байж билээ. Хүн чинь байхгүй юмандаа дуртай байдаг шүү дээ. Манай говь бол хангайгаас тэс өөр. Өөрийн маань дотор явдаг хүсэл мөрөөдөлтэй маань энэ төсөл хоёргүй замаар нэгдсэн. Одоо миний бүх амьдрал ногоон байгууламжийн төлөөх амьдрал болж хувирсан юм шиг санагддаг.

-Энэ сайхан газрыг хайрлах тал дээр хэрэглэгчид маань алдаж байх шиг. Ууж байсан ундааныхаа савыг шидэх, зажилж явсан бохио хаях юу ч биш бололтой?

-Нэг үеэ бодвол үйлчлүүлэгчид маань бас ч гэж гайгүй болж байна. Иргэд өөрсдөө ч гэсэн бие биендээ шаардлага тавьдаг болоод байна. Томчууд маань хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлж баймаар байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгөөр босож буй та бидний хүрээлэн шүү дээ. Тэгэхээр нэг нэгэндээ зөв шаардлага тавьж, бие биенээ хүндэтгэж харилцдаг, хотоо хайрладаг соёлыг уйгагүй нэвтрүүлэх хэрэгтэй болмоор байна.

-Дундговийн Бага газрын чулууг очиж үзээгүй байж байгаад сая очиж үзлээ л дээ. Тэр сонин хад асгатай, хуурай уур амьсгалтай газар та 500 суулгац суулгажээ. Тэгээд 499 суулгац нь ургаад нэг мод ургаж өгөхгүй байснаа энэ жил 500 дахь мод болж ургасан гээд үзүүлэхээр чинь их гайхаж хүлээж авсан. Тэндээс буцахдаа яагаад ч юм сэтгэл зовж, яана даа гэж бодогдоод байсан. Говь бол халуун газар. Тэр газар их хийж байгуулсан ногоон байгууламж, худаг  бүх юм нүдэнд харагдаад. Энэ төгөл бол их том итгэлийн асуудал байх. Юу  бодож тэнд тийм ажил хийсэн юм бэ?

-Бага газрын чулуу бол үнэхээр өвөрмөц газар. Тэнд очоод явж байхад энд модтой байвал сайханаа гэх бодол дандаа төрдөг байсан. Тэр хүсэл мөрөөдлөөсөө болоод сүүлдээ Дэлгэрцогт сумын иргэдтэй уулзаж, энд мод таривал та нар хайрлаж хамгаалаад явж чадах уу гэж асуусан. Тэд маань чаднаа гэж хэлсэн. Маш их баяртай хүлээж авсан. Тэгээд л үүнийг хийгээд өгчихье, худгийг нь гаргаад өгье гэж зориг шулуудсан.

Энэ төглийг манай нутгийнхан цааш нь хайрлаж хамгаалаад аваад явж чадна гэдэгт итгэж байгаа. Эзэнтэй юм бүхэн арчлагдаад, хайрлагдаад хамгаалагдаад явдаг шүү дээ. Танай цэцэрлэгт хүрээлэнд мод тарихаар ургаад өөр газар тарихаар ургахгүй юм гэж иргэд хэлдэг. Үүний цаад шалтгаан ерөөсөө манай ногоон байгууламж эзэнтэй л байгаа байхгүй юу. Аливаа юм эзэнтэй, эргэж тооцох хариуцлагын тогтолцоотой л байх ёстой. Олон улс оронд  ногоон байгууламж хариуцсан том хэлтсүүд ажилладаг юм. Гэтэл манайд хариуцах бодлого нь ч байхгүй.

Ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө хийж бүртгэлжүүлмээр байна гэх саналыг тавьдаг боловч тэр санал маань нэг л ажил болж яваагүй, зөвлөх үйлчилгээ төдийхөн л болчихсонд харамсаж л байдаг юм. Зам тавих гэж  тэнд байгаа мод бутыг сүйтгэчихдэг зуршил манайд байсаар л байна.

-Сүүлийн үед энерги гэж их ярьдаг болсон. Тэр талаасаа харахад танайх хайртай хосуудын болзож зугаалдаг, өвгөд хөгшдийн ирж сууцгаадаг, цагаа жаргалтай өнгөрүүлдэг, хүүхдүүдийн тоглож нааддаг инээд баяр бялхсан газар болж. Иргэд өөрсдөө л өөрсдөдөө хүндэтгэлтэй хандаад сурчихвал та нарт өөр зүйлд илүү санаа тавихгүйгээр ажиллах боломж нэмэгдэх юм даа. Ийм сайхан газар шүлс, бохио хаяад л  байвал ямар утга байх вэ. Хэцүү ажил юм аа, үнэхээр?

-Бид ерөөсөө ногоон байгууламжаа нэмэх ёстой, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нэмж бий болгох ёстой гэж хүн бүр л мөрөөддөг, зорьдог, боддог болох ёстой юм. Бүгдийн нэгдмэл хүсэл шиг том хүч энэ ертөнцөд хаа ч байхгүй. Бүх хүн энэ цэцэрлэгт хүрээлэнгээ улам гоё болгоё, цааш нь хөгжүүлье, хайрлаж хамгаалъя гэж хүсэхэд л асар том хүч бүрэлдэнэ гэсэн үг. Би ингэж л боддог. Үүнийгээ утгагүй тайлбарлаж, ярьж явдаг.

-Инженерүүдийг өөрийн чадавхитай хүмүүс байдаг гэж би боддог. Инженерүүд бол гараараа юм хийдэг, бүтээн байгуулдаг хүмүүс байдаг. Танаас энэ чанар нэвт шувт харагдаж байна. Хэдэн жилийн өмнө таны дүүтэй ярилцаж байсан юм. Таны тухай сонин түүх ярьж байж билээ. Манай эгч онцоос өөр дүн ерөөсөө авч үзээгүй, хэзээ ч онцоос өөр дүн авдаггүй хүүхэд байсан гэж. Тухайн үед IT-ийн инженер гэх мэргэжлийг хүмүүс тэр бүр мэдэхгүй, мөн сонгодоггүй байсан. Тийм үед эгч сонголт хийж байсан гэж тэр дурссан нь санагдлаа.

-Тийм шүү. Сургуулиа төгсөхдөө сурлагаараа нэгд жагсаж байлаа. Мэргэжлээ сонгоход аавынхаа зөвлөмжийг дагасан.

-Социализмын үед таны хүүхэд нас өнгөрсөн. Ингэхэд Батсүхийнх гэж ямар айл байв. Бага насны талаархи дурсамжуудаас ярьж өгөөч. Таныг харахаар ямар ч хор шар харагддаггүй. Гэтэл онцоос өөр дүн авдаггүй байсаар 10 жилээ төгссөн гэхээр тийм ч энгийн охин байгаагүй юм шиг?

-Хүмүүс мундаг боловсролтой, мөнгөтэй байх нь чухал биш. Хамгийн гол нь хүн өөрөө зөв төлөвшилтэй, зөв хүн байх нь л чухал гэж эцэг эх минь сургасан. Батсүхийнх гэж гурван охинтой, ганц хүүтэй айлын хамгийн том нь болж би төрсөн. Багадаа их шартай, шатар тоглох дуртай хүүхэд байсан.

Би тэгнэ, ингэнэ, тэрэнд хүрнэ, ийм болно гэж бодсон л бол хүрч байж санаа амардаг хүүхэд байлаа. Мундаг л байх ёстой гэсэн нэг үзэл өөртөө суулгачихсан. (инээв) Үүнийгээ би зөв хор шар байж гэж  боддог. Зөв юмны төлөө зорилгоо тавьчихаад, түүнийхээ төлөө эцсээ хүртэл явна гэдэг зантай.

-Таны дүү УИХ-ын гишүүн Б.Наранхүү бас улсын олимпиадад сайн оролцдог байсан гэл үү. Улсын олимпиадад оролцохоор Улаанбаатарт ирэхдээ одоогийн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж гуайнд ирж байсан гэж дурсаж байсныг санаж байна?

-Наранхүү физикээр илүү сайн байсан. Улсын олимпиадуудын маш сайн оролцогч байж, Дундговь аймгийн жил бүрийн математикийн аварга болдог байсан. МУИС-ын математикийн анхны лицей хэлбэрийн сургалттай элсэлт авахад 15 настайдаа  сонгогдож элсэж байсан хүүхдүүдийн нэг юм.

-Таны  дүү хэлэхдээ манай аав бидэнд чанга ч дуугардаггүй хүн байсан. Чанга дуугарсан эрэгтэй хүний дууг манай эгч, дүү нар үзээгүй байх гэж ярьж байсан?

-Аав маань үнэхээр тийм хүн байсан. Биднийг ээж аав хоёр маань маш их хайрлаж өсгөсөн. Манай нөхөр Мөнхөө анх хүргэн болж ирээд манайд байж байхдаа намайг үнсээд л эрхлүүлээд байна. Аав маань тэрийг нь хараад миний охиныг яасан их үнсдэг юм бэ гэж хэлж бөөн инээд болж байж билээ. Бараг нөхрөөс минь харамлаж байгаа юм шиг тэгж хэлж байсан. Хөөрхөн байгаа биз. (инээв) Аав, өвөөгийнхөө хайртай охин нь учраас  би хайранд умбаж өссөн хүн. Өвөө маань лам хүн байсан. Лам байсан тухай тэр үед ярих хэлэх бүх юм нь хориотой байсан. Нууцхан хүүрнэдэг байсан бүх яриа нь одоо надад сонсогдоод л явдаг юм.

-Анх тантай уулзахад та Нийслэлийн ИХТ-д нэр дэвшиж байсан. Тэр үеийн Сараа өнөөдрийн Сараа хоёр их өөрчлөгдсөн. Олон жил гадаадад амьдарч байгаад гэнэт эргэж ирсэн. Эргэж ирэх шийдвэр угаасаа хүчтэй шийдвэр байдаг. Энэ шийдвэрийг яагаад гаргасан юм бэ?

-Чинийхээр би хэрхэн өөрчлөгдсөн бэ. Тэр үеийн би яг ямар байсан бол. (инээв)

-Ер нь  бол ярихдаа их акценттай байсан. Монголынхоо амьдралын талаар бага төсөөлөлтэй байх шиг санагдаж байж билээ?

-Орост зургаан жил, Америкт долоон жил  шахам амьдарчээ. Өндөр хөгжилтэй орнуудад чинь хүмүүс ажлаа хийснээрээ цалингаа авдаг, бас өөрөө сурах хөгжих зорилгыг өвөртөлж байдаг болохоор их ачаалалтай он жилүүд байдаг. Гэхдээ хууль ёс, дүрэм журам нь тодорхой, нийгэм нь олон зуун жилээр төлөвшчихсөн байдаг учраас ерөнхий амьдралын хэв маяг нь тайван уур амьсгалтай л даа.

Тийм орчинд хүний бодох зүйл ч арай өөр байдаг. Анх ирээд урам хугарах, бухимдах зүйлс их байсан. Тэгээд өөрийн эх орон болохоор аяндаа тэр цөхрөл алга болсон. Монголчууд чинь юманд дасан зохицохдоо их сайн хүмүүс шүү дээ. Гадаадад байсан ч тэр Монголдоо байсан ч тэр илүү дасан зохицох чадвартай улс юм болов уу гэж хардаг.

-Танай гэр бүлийн хүний тухай асуумаар байна. Та хоёр Орост сурч байхдаа танилцсан уу?

-Оюутан болсон хойноо буюу хоёрдугаар курст орсон жилээ бид хоёр үерхэж, гэр бүл болсон. Одоо хоёр сайхан хүүгийн ээж аав болцгоосон байна. Ер нь хүн ээж болохоороо амьдралыг илүү их мэдэрдэг юм билээ. Том хүү маань одоо 25 настай. Саяхан хамтдаа амьдарсан 25 жилийн өдрөө бид тэмдэглэн өнгөрүүлсэн. Миний хань сайхан эр хүн бий. Бид хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаагаа эргээд дурсан ярилцсан. Мэдээж бүх он жилүүдийн турш дардан сайхан байгаагүй. Бэрхшээл тулгарч л байсан. Тэдгээрийг хамтдаа туулсаар өдий хүрчээ. Өнөөдрийн миний сайн сайхан яваа нь миний ханьтай холбоотой. Надад амьдралын туршид сайхан бүхнийг мэдрүүлсэн ханьдаа баярлаж явдаг. Амжилт бүтээл минь Мөнхбаатар гэдэг тэр хүнтэй салшгүй холбоотой. Хоёр хүүгээ бид сайн хүн, зөв хүн болгохын төлөө л явж байна.

-Таны доод талын дүү тань Б.Наранхүү гишүүн үү?

-Тийм. Наранхүүгийн доод талын дүү маань Австрийн Инсбург хотод эм зүйн чиглэлээр нарийн мэргэжлээр суралцаж, доктор хамгаалсан хүн бий. О.Содбилэг гишүүний ээж Туяа, манай дүү хоёр эм зүйгээр доктор хамгаалсан юм билээ. Түүний дараагийн дүү Наранхүүгийн компанид ажиллаж байгаад одоо Австралийн их сургуульд сурахаар явах гэж байна.

-Та Нийслэлийн ИТХ-ын гишүүн. НИТХ-ийн төлөөлөгчдийн гаргаж байгаа шийдвэр янз бүрийн хэл ам дагуулах явдал гардаг. НИТХ-аас энэ найман  жилд юу олж авав?

-Энэ жилүүдэд төр засаг иргэдийнхээ аз жаргалын төлөө экологийн тэнцвэртэй эрүүл орчинг бүрдүүлж өгөх үүрэгтэй ч түүнийгээ мартаад удаж байгааг сайн ойлгосон. Тиймдээ үүний төлөө цаашдаа улам илүү хичээж ажиллах ёстойг маш сайн ойлгосон. Сүүлийн үед улстөрч гэхээр л олонхи нь муухай хүмүүс, ерөөсөө энэ нам бол буруу газар муу муухайн үүр гэж ярьдаг болжээ. Уул нь уулын мод урттай богинотой гэдэг дээ. Бид өөрсдөө л хойч үедээ зөв үлгэрлэж, ярихаасаа илүүтэйгээр үйл хэргээрээ харуулдаг байх ёстой. Үгэнд биш үйлдэлд итгэ гэж хэлмээр байна.

-Эмэгтэй хүний амжилт, аз жаргал чухам ямар хүчээр бүтдэг эд вэ. Цэвэр эрэгтэй хүнээс шалтгаалдаг гэж зарим нь үздэг?

-Санал нийлэхгүй хариулт байна. Харин ч эсрэгээрээ гэж бодож явдаг.

-Та МАН-ын гишүүн хүн. Танай нам өнгөрсөн сонгуулиудад нэлээн том ялагдал хүлээлээ. Гурван сонгууль дараалан том ялагдал хүлээлээ. Танай намынхан өнгөрсөн гурван жил алдаагаа нөхөж ажиллаж чадсан уу. Цахим ертөнцийг ажиглаж байхад рейтинг нь эрх баригчидтайгаа адилхан л уналттай харагдаж байна.

-Ялагдал гэдэг бол дараагийн ялалтын эхлэл гэж би ойлгодог. Хүнд нэг боломж хаагдаж байхад дахиад нөгөө боломж нээгдэж байдаг. Тэр утгаараа том сургамж болж байгаа гэж бодож байгаа. Бодлогын хувьд зөв л ажиллаж байгаа. Би өөрөө Нийслэлийн намын тэргүүлэгч. Тэр утгаараа өөрийнхөө санаа бодлыг хэлдэг. Гэхдээ бүх юм хувь хүний санаа бодлоос их шалтгаална.

Бүгдээрээ л хичээж чармайж, хамгийн гол нь эвтэй бие биенийхээ чаддаг юмыг нь хүлээн зөвшөөрч сурмаар л байгаа байхгүй юу. Тэгэхгүй, за энэ хүүхэн амбицтай гэж хүнийг шүүхээсээ илүү бидэнд эв нэгдэл л хэрэгтэй байгаа байхгүй юу. Бидэнд нам гэхээсээ илүү  Монгол Улсынхаа хөгжлийн төлөө нэгдэж чаддаг, ойлгож ойлголцож чаддаг, чадалтай хүнийг нь хүлээн зөвшөөрч чаддаг байх л хэрэгтэй байгаад байна. Өнөөдөр талцаж хуваагдахаасаа илүү улс орноо бодсон, жаахан том эрх ашгаа харсан алсын хараа л зайлшгүй хэрэгтэй байна.

-Ам нээвэл уушиг нээ гэдэг. Таны дүү болохоор Ардчилсан намын гишүүн. Та түүний асуудлуудад хэр оролцдог вэ. Эгчийн хувьд хэлж ярих юм байдаг уу?

-Та нэгэнтээ надаас “Та хоёр хоёулаа математикч хүмүүс. Бас хоёулаа шатар тоглодог. Тийм болохоор хоёр өөр нам сонгосон уран нүүдэл хийжээ дээ” гэж асууж байсан. Шатар гэдэг бол хоёр хүн нэг талд нь гарчихаад тоглодог биш, хоёр хүн өөрөө өөрийнхөө бодолтоор л тоглодог. Шийдэл нь ч нүүдэл нь ч өөр өөрийнх нь байдаг. Дүүгийн улс төрийн сонголтыг чи өөрөөс нь асуух хэрэгтэй байх. Ер нь хүний шашин шүтэх, улс төрийн сонголт нь хүнд Үндсэн хуулиараа олгогдсон дархан эрх байдаг. Бид бие биенийхээ ажилд огт оролцдоггүй.

-Танай хүүхдүүд шатар тоглож байгаа биз дээ?

-Бага хүү маань уржнан олон улсын сургуулиудын дунд зохиогддог тэмцээнд хүрэл, ноднин мөнгө, энэ жил алтан медаль авсан.

-Саяхан Илюмжинов долоо хоногийн сонинуудаас сонгож манайд ярилцлага өгсөн. Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч манай Viperson зочноор орсны дараа шатар яримаар санагдаад гоё байна. Ер нь Дундговийн хүүхдүүд математикаар хэзээнээсээ л тасархай байсан. Шатраар тасархай байсан.

-Үнэн. Математик шатраар манайхан сайн явдаг юм. Саяхан математикийн Таня багштайгаа уулзсан юм. Таня багш маань биднийг шатарчин тоочин болгоход их тус болсон. Багш нар маань мундаг байхгүй юу.

-Дунд сургуулийн багш тань байсан юм уу?

-Орос нэртэй Монгол багш л даа. Математикийн багш маань анх надад шатар заасан юм. Би зургаан сарын нэгэн болгонд шатрын тэмцээнд ордог байж билээ.

-Шатар тоглодог хүүхдүүд математикч байх нь элбэг юм аа?

-Хүнийг хүн болгоход хүний орчин их нөлөөлдөг юм байна л даа. Тэрэнтэй адилхан би өөрөө шатар суръя гээгүй. Манай хажуу айлын хүүхэд, хажуу айл дандаа шатар тоглодог айл байсан. Багш маань мундаг шатарчин хүн байлаа. Бид нар тэгээд л шатар маш их тоглодог байсан байхгүй юу. Дараа нь Орост очиж тоглоод мастер авч байлаа. Бидэнд тэр орчин л нөлөөлсөн гэж боддог. Одоо би хүүхдээ шатар тоглож сургаж байгаа. Миний хүү чинь сая алт авлаа ш дээ. Наранхүүгийн том хүү гэхэд л Улаанбаатар хотдоо дандаа математикийн улсын аварга болж байсан. Дөлгөөн тэр үедээ дандаа математикийн улсын аварга болж байсан. Ингээд бодохоор нутаг ус маань үнэхээр өөр газар юм шиг санагддаг. Байгаа л байгаа байхгүй юу. Манай аав, ээж хоёр маань их хөдөлмөрч хүмүүс байсан. Тэр үед бид нар эсгий гутлаа өөрсдөө л хийдэг байсан. Наранхүү чинь өөрөө тэр үедээ савхиар түрийвч оёод зарчихдаг хүүхэд байсан. Түрийвч их моодонд орж байсан шиг байгаа юм. Багаасаа л бизнес сэтгэлгээтэй хүүхэд байж.

-Тийм байж. Тантай ярилцах сайхан байлаа. Цэцэрлэгт хүрээлэнгийн тань ирээдүй үнэхээр тод харагдаж байна. Улам эрч хүчтэй ажиллаарай.