Замаар саадгүй зорчих боломжтой болж байгаа Батсүмбэр сумынхаа иргэдэд баяр хүргэе
Төв аймгийн Батсүмбэр сумын иргэд хатуу хучилттай автозамаар нийслэлтэй холбогдлоо. Зам хүлээн авах арга хэмжээнд оролцож иргэд, сонгогчидтойгоо уулзаад ирлээ. Нээлтийн ажиллагаанд хэлсэн үгээ бүрэн эхээр нь хүргэж байна.
“Эрхэм хүндэт Батсүмбэрчүүд, энд хүрэлцэн ирсэн зочид та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Би юуны өмнө өнөөдөр сайхан замаар саадгүй зорчих боломж бололцоотой болж байгаа Батсүмбэр сумынхаа нийт иргэдэд баяр хүргэж та бүхний цаашдын ажил үйлсэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголчууд “Худгаас усыг нь уухдаа энэ худгийг хэн гаргасан бэ? гэдгийг санаж бай” гэсэн ардын сайхан үгийг хэлцдэг улсууд. Тэгэхээр зам нээж байгаа энэ баяртай өдөр энэхүү замын анх эхэлсэн түүх, энэ замыг барьж байгуулах шийдвэр гаргахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн байгууллага, хамт олон, хүмүүс хийгээд болсон үйл явдлын талаар товчхон дурдах нь зөв болов уу? гэж бодож байна. ХБНГУ-ын Засгийн газар, Германы хөгжлийн агентлаг Монгол улсын хөгжилд тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлэхээр хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг эрчим хүчний салбарт олгохоор Монголын Засгийн газарт санал болгосон юм.
Тухайн үеийн Засгийн газар тэр саналыг авч хэлэлцээд “Бид эрчим хүчний салбарт энэ хөнгөлөлттэй зээлийг авахаас илүү их ач холбогдолтой замын салбарт, тэр тусмаа Монголын нийт хүн амын 50 хувь нь оршин суудаг нийслэл хотынхоо хүнсний хангамжийг сайжруулах зорилготой дэд бүтцийг бий болгоход ашиглая” гэсэн саналыг гаргасан бөгөөд үүнийг Германы тал зөвшөөрснөөр энэ зам баригдах анхны үүсэл тавигдсан түүхтэй юм.
2012 оны 1 дүгээр сард Батсүмбэр, Партизан, Жаргалант, Борнуур гэсэн сум, суурин газруудыг Улаанбаатар хоттой Ази, Европыг холбосон босоо тэнхлэгийн төв замтай холбох гэрээг Германы сэргээн босголт, зээлийн банктай Монгол улсын холбогдох төр засгийн байгууллага, Засгийн газар байгуулан УИХ-аар соёрхон батлуулж, Монголын талаас гаргах хөрөнгийг тухайн жилийн төсөвт нь суулгуулснаар энэ ажил эхэлж байлаа.
Жаргалант, Борнуурын замыг бид өмнөх онд хүлээж авсан. Энэ төслийн хүрээнд хэрэгжсэн хамгийн сүүлийн зам болох Партизан Батсүмбэрийн энэ 29,36 километр замыг өнөөдөр хүлээж авч байна. Энэ өдрөөс эхлээд манай Батсүмбэрчүүд төмөр зам, авто зам гэсэн хөгжлийн хоёр замтай болж, хөгжих сайхан боломж бололцоо бүрдлээ гэдгийг зориуд тэмдэглэн хэлье.
Энэ ажлыг хийж, зохион байгуулахад Монгол улсын Засгийн газар, Зам тээврийн яам, ХБНГУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, мөн энэ ажлыг гүйцэтгэхэд БНХАУ-ын Төмөр замын 1 дүгээр групп, Монголын Очирням ХХК-ийн хамтарсан консерциум ихээхэн ач холбогдол өгч, анхаарал тавьж, цаг нартай уралдан ажиллаж чанар сайтай хийж гүйцэтгэжээ. Би энэ тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд нутгийн иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа энэхүү замыг барьж байгуулахад зохицуулалт, хяналт хийсэн, бүтээн байгуулахад гардаж оролцсон бүх хүмүүс, байгууллага хамт олонд чин сэтгэлээсээ халуун талархал илэрхийлье.
Энэ зам ашиглалтанд орсноор Улаанбаатар хотод хүрч байгаа хүнсний хангамж нэмэгдэж, чанар, аюулгүй байдал нь сайжрах баталгаа бий болж байгаа юм. Манай Батсүмбэрчүүд өдөртөө 20-25 тонн сүүг нийслэл хот руу нийлүүлж байдаг ард түмэн. Хэтээсээ Төв аймагчууд олон жилийн туршид нийслэл хотын ар тал болж ирсэн. Олон сайхан хөдөлмөрийн баатрууд, алдар гавьяатнууд төрөн гарсан ийм сайхан нутаг.
Энэ нутагт бий болж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд өнөөдрөөс улам чанаржиж, хэмжээ нь ихсэж Улаанбаатарт хүрэх боломж бололцоо бүрдлээ. Тийм ч учраас энэ зам хүмүүсийн амьдралд ахиц өөрчлөлт гаргасан, Батсүмбэрчүүдийн амьдрал ахуйд орлого нэмсэн, хөгжил далласан, бүтээлч, сайхан зам болно гэдэгт би эргэлзэхгүй байна.
Ингээд алтан шар зам нь өлзийтэй байж, Батсүмбэрчүүдийн маань амьдрал сайн сайхан явахад энэ зам тус нэмрээ их өгөх болтугай гэж хүсэн ерөөе!”
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболд