Автомашин ачиж журамлах торгуулийн хэмжээ хэт өндөр байгааг шүүмжиллээ
НИТХ-ын дарга Д.Баттулга автомашин ачиж журамлах торгуулийн хэмжээ хэт өндөр байгааг шүүмжиллээ.
Үндсэн зардлаасаа даруй тав дахин үнэтэй байгаа тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх арга хэмжээнээс улсын төсөвд маш бага хувь нь ордог. Ачиж журамлах үйлчилгээ эрхэлдэг 13 компаниас зөвхөн нэг л улсад хураамж төлдөг бөгөөд өдөрт хоёр сая төгрөгийн цэвэр орлоготой байдаг байна.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд зогсохыг хориглосон газар зогссон автомашиныг ачиж журамладаг болсноор багагүй хугацаа өнгөрөөд байна. Журам хэрэгжиж эхэлснээр эерэг үр дүн байгаа боловч нөгөө талдаа эдийн засгийн алдагдал үүрч байна гэдгийг нийслэлийн удирдлага баталж байгаа юм.
2013-2014 оны байдлаар 9230 жолоочыг 70-80 мянган төгрөгөөр хууль бусаар торгож нийтдээ 647 сая төгрөгийн орлого олсон хэмээн шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас акт тогтоогоод байна. 11790 иргэний автомашины дугуйг түгжиж, 234 сая төгрөгийг хууль бусар олсон хэмээн тэрхүү байцаагчийн актад дурьдсан байна. 2014-2016 оны хооронд ачалтын хувь хэмжээг буулгах ёстой гэдгийг хотын захиргааны зүгээс хэлж байна.
Зогсох зогсоолын журмыг зөрчиж, зогсохыг хориглосон газар тээврийн хэрэгслийг байршуулсан иргэдийн тээврийн хэрэгслийг ачиж түр саатуулах байранд тээвэрлэн хүргэдэг. Чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг зөөх зардлыг 55 мянган төгрөг болгон багасгасан боловч энэ нь тооцоо судалгаа багатай байгааг шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл 30 км-ээс дээш зайнд чирэгч машинаар шилжүүлсэн гэх тайлбар нь хууль бус гэдэг нь нөхцөл байдлаар харагдаж байна.