Манайх тэрбум долларын мах экспортлох боломжгүй
Хүнс, Хөдөө Аж Ахуйн Сайд Р.Бурмаа
2015.10.05

Манайх тэрбум долларын мах экспортлох боломжгүй

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийсэн. 

Тэрээр “Засгийн газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29.4 мянган тонн өвс, 11.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг өгснөөс одоогийн байдлаар 10.5 мянган тонн өвс, 1.2 мянган тонн тэжээл бэлтгэж, хадлангийн бэлтгэл 65.9 хувьтай, тэжээл бэлтгэл 63.0 хувийн гүйцэтгэлтэй байна” гэлээ.

 Уур амьсгалын хуурайшилт, гантай болон гандуу байснаас ургац алдсан үр тарианы чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээл, рапсын шахдасыг улс, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авч, малын тэжээлийн нөөц бүрдүүлэхээр болжээ. Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, тэжээлийн цэг, салбаруудад малын хүчит тэжээл худалдан авч байршуулахад хоёр тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэж, улсын нөөцийн өвс, тэжээлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

 58 мянган тонн хивэг нийлүүлнэ

 Намрын ургацын урьдчилан балансаас тооцоход гурилын үйлдвэрүүдэд шилжиж буй улаанбуудайнаас 58.0 мянган тонн хивэг, 12.6 мянган тонн багсармал тэжээл үйлдвэрлэгдэж, тариалалтаас 53.0 мянган тонн ногоон тэжээл нийлүүлэхээр буй гэсэн. Энэ нь малын хүчит тэжээлийн дотоодын хэрэглээг хангах боломжтой гэж үзэж байна.

 Есдүгээр сарын 30-ны байдлаар нийт 100.4 мянган га-гаас 83.8 мянган тонн үр тариа авч, ургац хураалтын явц 33.8 хувьтай, хүнсний ногооны хураалт 68.1 хувьтай үргэлжилж буй. Ургац хураалтын ажил энэ сард дуусах төлөвтэй байгааг Ерөнхий сайд хэлсэн. Ургац хураалтын дүнг үндэслэн 100.0 мянган тонн хүнсний улаанбуудай, 20 хүртэл мянган тонн үрийн улаанбуудайн нөөц бүрдүүлэхэд шаардагдах 80 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж эхэлжээ.

 Импортоор авах хүнсний болон үрийн буудайг гадаад талдаа нэг цонхны бодлогоор хэрэгжүүлэх, харин дотооддоо Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон дотоодын гурилын үйлдвэрлэгчдийн хамтарсан хэлцлээр хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөсөн байна.

 Энэ талаар салбарын сайд Р.Бурмаа “Ургац хураалт дундаа орж  байна. Газар тариалангийн бүс нутагт цаг агаарын хүчин зүйлс нөлөөлсөн. Сүүлийн үед мөндөр орж байна. Энэ нь ургац хураалтад нөлөөлж байна. Бидний урьдчилсан тооцсоноор нийт хэрэгцээнийхээ 58 хувийг дотоодоосоо хангана. Үлдсэнийг нь импортоор авах юм. 

Төрийн зүгээс тонн тутамд нь урамшуулал өгөхөөс гадна хөрсөө бордоход дэмжлэг үзүүлэх байдлаар хуулийн төсөл боловсруулж байна.   Хэр зэрэг улаанбуудай худалдаж авна түүнд нь дүйцүүлэн импортын буудайг өгнө гэсэн шаардлага тавьж байгаа. Импортоор харьцангуй хямд буудай оруулж ирнэ. Аж ахуйн нэгжүүдийн үрийн улаанбуудайнд  тэнцээгүйг нь малын тэжээлд авч байгаа” гэв.

 Бэлчээрийн даац хэтэрчээ

УИХ-ын чуулган

 Бэлчээрийн даацын судалгаагаар ирэх өвөл, хавар нийт нутгийн 60 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 40 хувьд бэлчээрийн даац хэтэрчээ. Даац олон дахин хэтэрсэн аймгуудын /Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор/ ихэнх сумд, бусад(Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Хэнтий) аймгийн зарим сумын урьдчилсан байдлаар 15.0 мянган өрхийн 3.5 сая малыг сум болон аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай бүс нутгуудад өвөлжих аж.

 Оны гарсаар эхний есөн сарын байдлаар мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ 85 хувьтай, малын бруцеллёз, цэцэг, галзуу, цусан халдварт, сахуу өвчнөөс сэргийлэх арга хэмжээний тарилга, паразиттах өвчнөөс сэргийлэх намрын угаалга, туулгалт, шүлхийн вакцинжуулалтын ажил энэ сард дуусах аж. Одоогийн байдлаар манай улс гоц халдварт өвчин гараагүй байна.

 128.5 мянган тонн мах экспортолно

 Малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац, малын тарга хүч авалтаас хамааран энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлын гол нэг асуудал нь махны экспортыг нэмэгдүүлэхэд анхаарах аж. Манай улсын хувьд 128.5 мянган тонн мах экспортлох боломжтой тооцоотой байна.

 Засгийн газрын 2015 оны 321 дүгээр тогтоолоор махны нөөц бүрдүүлэх болон экспортын зориулалттай мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд нийт 180 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэжээ. Хөрш орнуудад гаргах махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ болон ОХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Цаашид махны экспортын квотыг нэмэгдүүлэх талаар Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд хандаад буй аж.

Энэ асуудалд гишүүд анхаарал хандуулж, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагаас ийн тодруулсан юм.  

 Д.Лүндээжанцан: Засаг төр нэг тэрбум долларын мах гаргана гэж яриад байдаг. Удирдлагууд ярихдаа буруу, зөрүү яриад байдаг юм уу. Монголын нийт малын 50 хувь нь экспортоор гараад явахаар байгаа.  

 Р.Бурмаа: БНХАУ манай улсаас нэг тэрбум долларын мах импортлох боломжтой гэдгээ дуулгасан. Манай хувьд тийм хүчин чадал байхгүй.  Бидний хувьд зөвхөн бэлчээрийн мал аж ахуй дээрээ үндэслэх биш эрчимжсэн мал аж ахуйг бий болгох шаардлагатай байна. Энэ салбарыг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.

Халх голын чөлөөт бүсээр дамжуулан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр төлөвлөсөн. Бидний хувьд 120 мянган тонн мах экспортлох боломжтой гэсэн тооцоо гарсан. Зөвхөн энэ он биш, дараа жилийн нэг хоёрдугаар улирлыг тооцсон байгаа. Тэрбум долларын хэмжээний махны боломжийг бий болговол эдийн засаг эрүүлжинэ. Малаа эрүүл байлгах хүсэл сонирхол нэмэгдэнэ. Хүнсний аюулгүй байдлыг хангана. Үйлдвэрийн аргаар боловсруулсан мах хэрэглэнэ.

 Н.Номтойбаяр: Тэрбум долларын махны экспорт хийнэ гэж байна. Р.Бурмаа сайдыг томилогдоход нэг зүйл би хэлж байсан. Тэрбум долларын мах экспортлохтой холбоотойгоор  эдийн засгийн хугарлын цэгийг хэдээр тооцсон бэ?

 Р.Бурмаа: Тэрбум долларын махыг ганцхан энэ жил гаргачих юм биш. Ийм зах зээлийн боломж байна гэсэн саналыг Хятадын зүгээс тавьсан. Бэлчээрийн даац хэтэрсэн байдалтай уялдуулан, малын төрөл бүр дээр нь, мөн дотоодын хэрэгцээгээ тооцоод махны экспортыг төлөвлөж байна. Манай үйлдвэрийн хүчин чадлын тооцоог гаргасан. Жилд 128 тонн махыг экспортод  гаргах боломжтой гэх тооцоо гарсан. Ер нь хонин толгойд шилжүүлснээр 10 сая толгой малыг экспортод гаргах боломж байна.