Бие даагч гишүүд С.Баярцогтыг огцруулах кноп дарна гэв
УИХ дахь бие даагч гишүүд болох Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар маргааш Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах эсэх тухай асуудлыг эцэслэх юм. Энэ үед бие даагч гишүүд сайд С.Баярцогтыг огцруулах кноп дарна гэж мэдэгдэж байна.
Мөн Х.Болорчулуун гишүүн “С.Баярцогтыг гал хамгаалагч болгоод өнгөрөөх үү, тэр чигээр нь өөрчлөх үү гэдгийг цаг хугацаа харуулна. Намрын чуулган эхлэнгүүт сайд огцруулах асуудлыг хэлэлцэх нь гэж шүүмжилж байна. Гэвч энэ Засгийн газарт ажиллаж байгаа сайд нарт УИХ-ын өгч байгаа үнэлгээ гэж ойлгох хэрэгтэй” гэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн санаачлан өргөн мэдүүлж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлтийг Цэцээс гаргасан. Энэ бол улс төрийн захиалгаар хийгдсэн зүйл.
Хэрвээ УИХ энэ дүгнэлтийг хүлээгээд авчихвал 20 хэдэн жил Үндсэн хууль зөрчсөн үү гэдэг асуудал ярина. О.Баасанхүү гишүүний сайд С.Баярцогтыг огцруулах асуудал нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарахаас өмнө өргөн баригдсан. Тийм учраас УИХ эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Мөн Цэцийн дүгнэлтийг ч УИХ хүлээж авахгүй” гэх тайлбар хийв.