“10 хувийн урьдчилгаа”-г судалж байгаа
“Хотын усны цогц менежмент” хурал Төрийн ордны Б танхимд болж байна. Энэ хэлэлцүүлэг гурван өдрийн турш үргэлжлэх юм. Хурлын үеэр УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд З.Баянсэлэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Усыг дахин ашиглах асуудалд БХБЯ ямар бодлого баримталж байна вэ?
-Бид өнөөдөр усны цогц менежмент, усны хөгжлийн төлөвлөгөөг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна. Энэ төсөлд БХБЯ-ыг оролцооч гэсэн санал тавьсаны дагуу оролцож байна. Дэд бүтцэд усны асуудал тавигддаг. Тийм учраас барилгын салбара өөрөө суурь яам.
Бид хаана барилга барьж, хаана цэвэр, бохир усаа шийдэх, инженерийн шугам сүлжээгээ яаж тавих вэ гэдэг асуудал, төлөвлөлт нь барилгын салбарын бодлого. Усны бодлогод бүхий л салбарын уялдаа холбоо зайлшгүй шаардлагатай. Цаашид салбарууд энэ төсөлд яаж оролцох вэ? Хамтын ажиллагааны үр дүнд бидний хүссэн үр дүн гарч чадах уу гэдгийг шийднэ.
-Саарал усыг ашиглах талаар танай салбар их ярьдаг. Ажил хэрэг болгох уу?
-Бохир ус, цэвэрлэх, ариутгах татуургатай холбоотой асуудалд бодлогоо боловсруулаад явж байгаа. Салбарын яамны зүгээс саарал буюу бохир усаа дахиж ашиглах асуудлыг судалж ажиллаж байна. Саарал усыг дахин ашиглах нь зөвхөн манай орны асуудал биш. Дэлхий нийтийн асуудал юм. Улс орны хөгжлөө дагаад хурдацтай хөгжиж байгаа энэ үед бид өөрсдийн усны хэрэглээндээ авч хэрэгжүүлэх ажил байгаа. Гагцхүү хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд бэрхшээл тулгарснаас ажил хэрэг болоогүй байна.
-Танай салбарын зүгээс 10 хувийн урьдчилгаатай ипотекийн зээл хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар иргэд чих тавьж, хүлээлттэй байна. Энэ талаар?
Цаашлаад банкууд баахан байр барьцаалаад үлдэх юм биш биз гэдгийг олон талаас нь ярилцаж шийдэх хэрэгтэй
-Энэ бол зөвхөн манай яамны бодлогын хэмжээнд хийгдэх асуудал биш. Арилжааны банк, Хөгжлийн банк, Сангийн яам, нийслэлийн удирдлагууд санал солилцож, гэрээ хэлэлцээр хийгдэнэ. 10 хувийн урьдчилгаатай холбоотой баримт бичиг, тооцоо судалгаа, банкны баталгаатай холбоотой асуудал нь бүрэн шийдэгдээгүй, түүхий байна. Энэ зээлийг 2016 он хүртэл Хөгжлийн банкаар баталгаа гаргана гэж байгаа.
Цаашдаа ямар эх үүсвэрээр баталгаа гаргах вэ гэдэг дээр ярилцаж байгаа. Тиймээс 10 хувийн урьдчилгаатай ипотекийн зээл төдий, өдийнөөс хэрэгжинэ гэж хугацаа хэлж чадахгүй нь. Гэхдээ иргэдээ сонсож, тэдний саналыг харгалзаж үзэхгүй бол болохгүй. Иргэд энэ зээлийг авахад бэлэн үү. Мэдээж найдвартай эргэн төлөлттэй байх хэрэгтэй. Эргээд энэ нь иргэдэд өрийн дарамт болох вий. Улсад 25 жил ажиллачихаад тэтгэвэрт гарах насандаа 10 хувийн зээлд хамрагдлаа гэхэд ирэх 30 жилд өндөр хүүтэй энэ зээлийн дарамтад орчих вий гэсэн болгоомжлол байна.
Цаашлаад банкууд баахан байр барьцаалаад үлдэх юм биш биз гэдгийг олон талаас нь ярилцаж шийдэх хэрэгтэй. Түүнээс бус 10 хувийн урьдчилгаатай ипотекийн зээлд 100 сая төгрөгийн үнэтэй орон сууцанд 10 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд, цаана нь 90 сая төгрөгийг 30 жилийн хугацаанд хүүтэйгээр төлнө гэхээр өндөр үнийн дүн гарч ирнэ.
-Орон сууцны талбайн ам.метрийн тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Иргэдийн зүгээс 80 ам.метрээс дээш талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулж болохгүй юу гэдэг санал ярьж байгаа. Хувийн хэвшлийнхэнд тулгамдсан асуудлын нэг нь ч энэ. Бага ам.метртэй орон сууцыг ямар нэг байдлаар зээлд хамруулж худалдаалж байна. Харин 80-аас дээш ам.метр талбайтай орон сууцнууд зах зээл борлогдохгүй байгаа.
Тиймээс ипотекийн зээлд орон сууцны ам.метрийн талбайг чөлөөлж өгөх хэрэгтэй гэсэн санал гаргадаг. Энэ саналыг нийт иргэдийн олонх нь гаргаад байна уу, цөөн хэсэг нь хүсэлт тавиад байна уу гэдгийг бид бодолцох хэрэгтэй. Бид ч энэ асуудлыг судалж, харж байгаа. 80 ам.метр талбайгаас дээш орон сууц худалдан авахаар зээлийн хэмжээ нь улам л нэмэгдэнэ. Бид иргэдээ харж үзэх найдвартай зээлийг олгох ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ асуудлыг бид ямар ч байсан явуулна, хамгийн гол нь баталгаатай зээлийг хэрэгжүүлнэ.