Шинэ Нисэх буудлын ажлын явцтай танилцав
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо болон албаны бусад хүмүүс өнөөдөр Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал баригдаж буй Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Хөшигийн хөндий”-д ажиллаж, Олон улсын нисэх онгоцны буудлын ажлын явцтай танилцав.
Шинэ нисэх буудал нь иж бүрэн цогцолбор бөгөөд дараах хэсгээс бүрдэж байна. Том оврын хүнд даацын онгоц буух, хөөрөх зурвас, явгалах зам, онгоц байршуулах талбай /перон/, бие даасан ус, дулаан, цахилгаан эрчим хүчний хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж, нисэх онгоцыг газрын тоног төхөөрөмжөөр үйлчлэх болон 8000 тн багтаамж бүхий агуулах, борооны болон үерийн уснаас хамгаалах далан суваг зэрэг 30 гаруй барилга байгууламжаас бүрдэж байгаа юм.
Далайд гарцгүй Монгол Улсын хувьд гадагш гарах гол хаалга болох чухал ач холбогдолтой нийслэл хотын нисэх онгоцны буудлын аюулгүй ажиллагаа, хүчин чадал, найдвартай, тав тухтай байдлыг сайжруулах үүднээс Монгол Улсын нийслэлийн Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг газар зүйн ямар нэгэн хязгаарлалтаас ангид газар нутагт байгуулж, үүгээрээ Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой.
-
Олон Улсын жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтой болсноор зорчигчдын тоо нэмэгдэж, ялангуяа гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
-
Ажлын байр 4000-5000 хүнээр нэмэгдэнэ.
-
Монголын агаарын тээвэрлэгчдэд өгөх үр ашиг, нислэгийн саатал багассанаар гарах үр ашиг, жуулчдаас олох үр ашиг зэргийг тооцсон эдийн засгийн дотоод өгөөжийн хувь 13.2 хувь байна.
-
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын цогцолбор ньжилд 3 сая хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадалтай, цаашид үйлчилгээний барилгыг 20 хүртэл хүзүүвчтэй болгон жилдээ 22000 агаарын хөлөг хүлээн авч 12 сая зорчигч зорчих боломжтой болох юм.
Шинэ нисэх буудал нь “Майдар Эко хот”-той нэг цогцолбор болж хөгжинө. Майдар хот нь шинэ нисэх буудлаас 17 км-ийн зайтай орших бөгөөд аялал жуулчлалын цогцолбор болох юм. Мөн Богдхан төмөр зам нь шинэ нисэх буудалтай хамт хөгжиж, агаарын болон төмөр замын логистикийн гол төв болох боломж бүрдэнэ.
Япон Улсын Хөгжлийн албан ёсны туслалцааны Зээлийн гэрээ 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдөр УИХ-аар соёрхон батлагдсан. Хоёрдугаар шатны зээлийн асуудал ирэх долоо хоногт УИХ-аар орж шийдэгдэх юм. Төслийн санхүүжүүлэгч нь Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага бол төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Япон Улсын Мицүбиши-Чиёода хамтарсан түншлэл шалгарч 49.5 тэрбум иенийн үнийн дүнтэй гэрээг байгуулан ажиллаж байна.
Япон Улсын хөгжлийн албан ёсны туслалцааны Зээлийн гэрээ 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдөр УИХ-аар соёрхон батлагдсан. Хоёрдугаар шатны зээлийн асуудал ирэх долоо хоногт УИХ-аар орж шийдэгдэнэ гэдгийг УИХ-ын дарга энэ үеэр хэлж байв. Түүнчлэн нисэх онгоцны буудалтай танилцсан УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд хэлэхдээ “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийг санхүүжүүлж буй Япон Улсын Хөгжлийн албан ёсны туслалцааны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт 2018 оноос эхэлнэ. Энэхүү зээлийг уг нисэх буудлын үйл ажиллагааны орлогоос эргэн төлөхийн тулд үр ашигтай ажиллуулах хамгийн оновчтой менежментийг сонгох нь нэн чухал.
Мөн нисэх онгоцны шинэ буудлын Зорчигч үйлчилгээний барилгын төлөвлөлтийн шатанд жилдээ 12 сая хүртэл зорчигч хүлээн авч үйлчлэх боломжтой болгон өргөтгөх боломжийг тооцсоноос гадна дахин нэмэлт зурвас барих зай талбайг төлөвлөсөн. Хэдийгээр нэмэлт зурвасыг барих төлөвлөлтийг хийсэн боловч уг зурвасыг барих газрын асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байна. Иймээс нисэх онгоцны шинэ буудлын ирээдүйн хөгжлийг бүрэн хангахуйц зай талбайг тусгай хэрэгцээнд авах шаардлагатай" гэв.
Мөн тэрээр, энэ нисэх буудал ирэх жил зохион байгуулагдах АСЕМ-ийн уулзалтын үеэр онгоцнууд хүлээн авах хэмжээнд хүрсэн байх юм гээд манай улсын газар зүйн байрлал Зүүн өмнөд азиас Америк, Европ тив рүү явах замд байдаг учраас энэ байршлаа ашиглан олон улсын авиа компаниудын онгоцыг буулгаж, үйлчилгээ үзүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Японы Мицибүши-Чиёода түншлэл, Ерөнхий туслан гүйцэтгэгч БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани ажиллаж байгаа юм. Мөн барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр Монголын “Делта”, “Бүти”, “Mez Res”, “OTK”, “ND, Геокат, IT ZONE зэрэг компани, Япон, Солонгосын, Хятад, Чех улсын дангаараа болоод хамтарсан хөрөнгө оруулалттай 20 орчим компаниуд ажиллаж байгаа юм. Мөн өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын талбайд 1500 орчим ажилтан ажиллаж байгаагаас 85 орчим хувь нь монгол иргэд ажиллаж байгаа юм байна.
УИХ-ын дарга шинэ нисэх онгоцны буудлын нисэх, хөөрөх зурвас, нисэх буудлын үндсэн барилга, инженерийн шугам сүлжээ зэрэгтэй танилцсан.