“Майдар эко хот” сүндэрлэхийг хүн бүхэн хүлээж байна
“Их майдар” бурхны бэлгэдэлтэй “Майдар эко хот”
2015.04.29

“Майдар эко хот” сүндэрлэхийг хүн бүхэн хүлээж байна

Орчин үеийн хот байгуулалтын хамгийн шилдэг үзэл баримтлал, технологид суурилан бүтээгдэх дэлхийн цөөхөн хотуудын нэг болон сүндэрлэнэ

Монголын уран бүтээлчид, улс төр нийгмийн зүт­гэлт­нүү­дийн санаачилгаар шав нь тавигдаж, хотын төв цэг бо­лох Их Майдарын цогцолбор бүтээн байгуулагдаж эхэлсэн нь 2009 он буюу Манзушир ху­таг­тын анх зөгнөснөөс яг 100 жилийн дараа билээ. Тэгвэл 2011 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч 07 тоот захирамж гаргаж, Үн­дэс­ний хэмжээний энэ аварга төс­лийг өөрийн ивээлдээ авсан. Ин­гэснээр дэлхийн хам­гийн өн­дөр Майдар бурхан, 108 метр өндөр Зар­лиг увидастаны суварган бай­гууламжийг төрийн зүгээс соёр­хон дэмжиж байгааг албан ёсоор илэрхийлсэн билээ. 

Харин Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурхны бэлгэдэлтэй “Майдар эко хот” байгуулахыг одоогоос гурван жилийн өмнө шийдвэрлэсэн.  300 мянган оршин суугчтай, улс төр, соёл урлаг, аялал жуулчлалын шинэ төв буюу төмөр зам хурдны зам дүүжин зам зэрэг дэд бүтцийн хувьд Улаанбаатар, Зуунмод, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудалтай нягт сүлжилдэн холбогдсон төвийн бүсийн дахин төлөвлөлтийн нэгээхэн хэсэг болох “Майдар эко хот” нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Зуун мод хоттой ихэрлэн сүндэрлэхээр болсон. 

“Майдар эко хот” нь орчин үеийн хот байгуулалтын хамгийн шилдэг үзэл баримтлал, технологид суурилан бүтээгдэх дэлхийн цөөхөн хотуудын нэг болон сүндэрлэх гэж байгаа учраас монголчууд, тэр дундаа Төв аймгийн иргэд давуу эрхтэй болохоор тэсэн ядан хүлээж байгаа нь мэдээжийн хэрэг. 

“Майдар эко хот”-ын ерөнхий төлөвлөгөөнөөс харахад эко хот 110 мянган га талбайтай, 300 мянган оршин суугчтай, их сургууль, музей, сүм, хийд, аялал жуулчлалын байгууламжууд, кино үйлдвэрлэл явуулах орчинг бүрдүүлэх үнэхээр том бүтээн байгуулалт гэдэг харагдаж байв.

Нутгийн иргэд тун удахгүй шинэ хоттой болох нь хэмээн баярлаж сууна 

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт, Зуунмод хоттой ихэрлэн сүндэрлэх “Майдар эко хот”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн өмнө Төв аймгийн иргэдээс санал, дэмжлэгийг нь авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм. Энэхүү шийдвэрийн дагуу  хот төлөвлөлт нь хийгдэж дууссан “Майдар эко хот” төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд ажлын хэсэг байгуулагджээ. 

Энэ хүрээнд “Ирээдүйг чиглэсэн их бүтээн байгуулалт “Зуун мод хот-Майдар эко хот” сэдэвт танилцуулга, уулзалт, хэлэлцүүлгийг Төв аймгийн “Туургатан” театрт зохион байгууллаа. Уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулагдсан ажлын хэсгийн төлөөлөл болох БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа, Төв аймгийн ИТХ, ЗДТГ, Германы RSАA компанийн төлөөлөгчид, “Их Майдар” сан, “Их Майдар” төсөл, нутгийн иргэд оролцсон. 

БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа уулзалтын эхэнд “Майдар эко хот” төсөл нь хүн ам, эдийн засаг, цаг уурын нөхцлийг дээд зэргээр тооцож, эрчим хүчний эх үүсвэр, цэвэр ус, бохирын суваг, ногоон байгууламж зэргийг оршин суугчдын тав тухыг дээд зэргээр хангахаар төлөвлөн цогцоор нь шийдсэн байгаль орчинд нэн ээлтэй, нийгмийн сайн сайхны төлөөх бүтээн байгуулалт гэдгийг онцолсон юм. Мөн хотын эрчим хүчний дийлэнхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах тухай ярилаа. 

Учир нь Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний маш их нөөцтэй орон бөгөөд Сэргэлэн сумын нутагт салхин парк байгуулагдан ажиллаж эхлээд байгаа болохоор эрчим хүчний хэрэглээг хангах бүрэн боломжтой аж. “Майдар эко хот”-ын ерөнхий төлөвлөгөөг гаргаж буй Германы архитектор Штефан Шмиц уулзалтын үеэр Зуунмод хотын дахин төлөвлөлтийг гаргасан тухайгаа хэлсэн бөгөөд 13 км зайтай энэ хоёр хотыг өрсөлдөх бус зохицон, нэгнийхээ нөхөх байдлаар хөгжин алсдаа нэгдэж нийлэн том болон хувирах том мөрөөдөлтэй хэмээж байсан нь анхаарал татлаа. 

Хамгийн эхний ээлжинд хамрагдах давуу эрхтэй азтай хүмүүс 

“Майдар эко хот”-ын ерөнхий төлөвлөгөөнөөс харахад эко хот 110 мянган га талбайтай, 300 мянган оршин суугчтай, их сургууль, музей, сүм, хийд, аялал жуулчлалын байгууламжууд, кино үйлдвэрлэл явуулах орчинг бүрдүүлэх үнэхээр том бүтээн байгуулалт гэдэг харагдаж байв. Экологид ээлтэй аргуудыг бүрэн ашиглахаар төлөвлөсөн хамгийн том жишээ нь эргэн тойрны уулсаас буух хур борооны усыг цуглуулах, цэвэршүүлэх байгууламжууд баригдаж хиймэл цөөрөм үүсгэн, оршин суугчдын амралт чөлөөт цагийн бүсийг бий болгох гэдэг нь харагдана. 

Үүнээс гадна “Майдар эко хот”-д спорт, соёл урлагийн байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүд олноор баригдах нь энэ хот аялал жуулчлалд түлхүү анхаарч байгаатай холбоотой. Байгалийн дархан цаазат газар Богдхан уулын урд энгэрээр байрлах учир байгалийн цэвэр байдлыг хадгалахад онцгой анхаарч, уулын орой хэсэг рүү огт барилга барихгүй гэж байна билээ. “Майдар эко хот” боссоноор нутаг орондоо хэрэгтэй төдийгүй, улсдаа ганц Улаанбаатартаа “баасан дээр цугласан батгана” шиг шавсан иргэдийн тал хувь нь ч гэсэн нүүж, их хот амьсгаа авах нь дамжиггүй. 

Үүнээс гадна төсөл хэрэгжүүлэгчдийн хэлж байгаагаар энэхүү орчин цагийн бүтээн байгуулалт Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт, Зуунмод хоттой ихэрлэн сүндэрлэх учраас тус аймгийн иргэд, нутгийн зон олонд ихээхэн ач холбогдолтойн дээр тэд давуу эрхтэйгээр оролцож, ашиг шимийг нь хүртэх юм байна. Тухайлбал, бүтээн байгуулалтын ид үед 12 мянган ажлын байр бий болохоос гадна барилгын ажиллагсдын хоол унд, унаа тээвэр, үйлчилгээг дагасан 30 мянган шууд бус ажлын байр бий болох нь. 

Мөн шаардагдаж байгаа ажиллах хүч, хоол хүнс, бараа материалын хангалтыг Төв аймгийн сумдаас болон Зуунмод хотоос голчлон хийлгэхээр төлөвлөжээ. Зуун мод хоттой инженерийн байгууламж, хот төлөвлөлтийн хувьд нягт уялдаатай босох Майдар эко хотод баригдах орон сууцнаас болон үйлчилгээний барилгуудаас талбай авах хүсэлтэй Төв аймгийн уугуул иргэдэд (сүүлийн зургаан жил нутагтаа оршин суусан) найман хувийн зээл, 10 хувийн урьдчилгаагаар өмчтэй болох бололцоог Барилга хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпораци бий болгож байгаа гэсэн сайхан мэдээ дуулдсан. Бас хамгийн эхний ээлжинд хамрагдах давуу эрхийг олгоно гэсэн шүү. 

Улаанбаатарт шавах хэрэг алга 

Өнгөрсөн онд Германы архитектор Штефан Шмицийг УИХ-ын дэд дарга М.Энхболд хүлээн авч уулзах үеэр тэр ажлын явцаа танилцуулсан мэдээлэл хийсэн байна. Штефан Шмиц энэ үеэр “2015 оны арваннэгдүгээр сард ажлаа дуусгаж, Монголын талд хүлээлгэн өгнө. Монгол Улсын Засгийн газар үүнээс өмнө Төв аймгийн иргэдэд төслийн талаар мэдээлэл хүргэж, дэмжлэгийг авахаар шийдвэрлэсэн нь хотын хөгжлийг анхнаас нь зөв зохистой явуулах, иргэдийн дэмжлэгт тулгуурласан хөгжлийг бий болгохыг чармайж байгаагийн илрэл юм. 

“Майдар эко хот”-ын эхний хэсгийн бүтээн байгуулалт 2030 онд дууссанаар 90 мянган оршин суугчтай болно гэж тооцоолж байна. Нэн тэргүүний ач холбогдол нь нийслэлийн бүх салбарын ачааллыг бууруулж, төвлөрөлийг сааруулан, хөгжлийг орон нутаг руу шилжүүлснээр үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч, ажлын байрны түрээс ч эрс багасгана. Ингэснээр орон сууц, ажлын байртай болох бага, дунд орлоготой иргэдийн хүсэл бодитой болох юм. Төв аймгийн хөгжил, иргэдийн ахуй амьдрал, ажил орлогод дэвшил авчрах энэхүү гэгээлэг, өөдрөг төслийг дэмжих нь сайн цагийг наашлуулахад таны оруулах хувь нэмэр болно” гэж хэлж байжээ. 

Хариуд нь Төв аймгаас удаа дараа УИХ-д сонгогдож ажиллаж байгаа УИХ-ын дэд дарга М.Энхболд “Майдар эко хот” байгуулах ажлыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж “Шинэ хотын ерөнхий төлөвлөлтийг орчин үеийн үзэл баримтлалаар гаргаж байгаа нь сайшаалтай. 1986 онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг 680 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн. 

Гэтэл одоо хүн ам 1.2 сая орчим болж, түгжрэл бухимдал ихтэй, агаар хөрсний бохирдол хэмжээнээс хэтэрсэн байна. “Майдар эко хот” аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр илүү хөгжих боломжтой юм байна. Би “Майдар эко хот”-ыг Америкийн Нью-Йорк, Японы Саппоро шиг оновчтой төлөвлөлттэй хот болоосой гэж хүсч байна” гэсэн байна. Харин яг өнөөдөр “Майдар эко хот”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн өмнө Төв аймгийн иргэдээс санал, дэмжлэгийг нь авах шийдвэр буюу “гарын үсэг” цуглуулах ажлыг хийж ирэхийг Засгийн газраас шаардсанаар цаас цуглуулах ажил эхэлж байгаа гэнэ. 

Үнэндээ Улаанбаатар хот ачааллаа дийлэхгүй байгаа өнөө цагт энд тэндгүй л дагуул хот босгох талаар ярьж байгаа. Тэгвэл хүндээ ч, байгальдаа ч ээлтэй “Майдар эко хот”-ыг босгохын тулд заавал ийм их гарын үсэг, цаасны ажил хийх хэрэг юу байна. Үнэн хэрэгтээ “Майдар эко хот”-ыг босгочихвол улсдаа ганц Улаанбаатартаа шавах хэрэг ч алга, үнэндээ. 

Ингэж цаас, гарын үсэг цуглуулах ажил хийж хугацаа алдсаар байвал бидний шинэ сайхан хотод амьдрах мөрөөдөл ч алсарсаар байх болно. Гэтэл нутгийн уугуул иргэд, тэдний цаад аймагт суугаа монгол хүн, нийт монголчуудын сэтгэлгээ шинэ зуунтай хөл нийлж, сайн сайхан зүйлд тэмүүлж байна. Тиймээс манай сурвалжлах хэсэг албаны хүмүүстэй болон Төв аймгийн иргэдтэй уулзаж, байр суурийг нь сонссоноо хүргэе. 

Г.Байгалмаа: Эдийн засгийн хувьд маш их үр өгөөжтэй гэдгийг иргэд хэлж байна

/Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулагдсан ажлын хэсгийн төлөөлөл, БХБ-ын дэд сайд/ 

Энэ төслийн санаачилга нь 2008 онд гарсан. Бурхан шашны бэлгэдэл болсон Майдар бурхныг бүтээж бий болгох, түүнийгээ дагаад хот байгуулъя гэсэн. Энэ бол Улаанбаатар хот руу ирж байгаа их нүүдлийг багасгах, сааруулахад чиглэж байгаа. Мөн энэ “Майдар эко хот” бол ногоон хот болно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тийм ч учраас Германы инженерүүд баг гарган ажилласан байгаа. Энэ ажлын ерөнхий төлөвлөлт ирэх зургадугаар сард дуусах ёстой. Үүнийг Монголын талд бүрэн дүүрэн хүлээлгэж өгнө.

Өнөөдрийн ажлын явц бол “Их Майдар” сангаас энэхүү Майдар бурхны бүтээн байгуулах ажлыг ид өрнүүлээд явж байгаа. Бид төлөвлөлтийг албажуулж, баталгаажуулснаараа энэ оноос эхлэн “Майдар эко хот”-ынхоо үндсэн суурийг тавьж, дөрвөн үе шаттай хэрэгжих бүтээн байгуулалтын эхний үе шат руу орно. 
Энэ хүрээнд Төв аймгийн удирдлагууд болон нутгийн иргэдтэй уулзаж байна. Иргэд их дэмжиж байна. Ажлын байртай, орлоготой, амьдрах орчин сайжрах юм байна, аялал жуулчлалын төв болсноор эдийн засгийн хувьд маш их үр өгөөжтэй байх юм байна гэдгийг иргэд маань хэлж байна. 

Б.Цогтбаяр: Бүтээн байгуулалтын ажлыг энэ жилдээ дуусгахаар төлөвлөж байна

/“Их Майдар” төслийн гүйцэтгэх захирал/

“Их Майдар” төслийг 2009 онд санаачлаад, 2012 оноос хэрэгжүүлж эхлээд одоогийн байдлаар 35 хувьтай явагдаж байна. Эхний үе шатанд 54 метрийн өндөртэй Их Майдар бурхныг бүтээж байна. Бүтээн байгуулалтын ажлыг энэ жилдээ дуусгахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар олон нийтийн оролцоотой 17 орчим тэрбум төгрөгийн төсөл хэрэгжсэнээр бүс нутгийн хэмжээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг татаж, Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулах төлөвлөгөөтэй байна. 
Мөн урт хугацаандаа төсөл амжилттай хэрэгжсэнээр төслөөс орох орлогыг байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд гэсэн гурван чиглэлд зарцуулах зорилготой байгаа. 

Штефан Шмиц: Засгийн газар зөв менежментээр авч явах туслалцаа л маш их хэрэгтэй байна

/RSАA компанийн хот төлөвлөгч, “Майдар эко хот” төлөвлөлтийн багийн удирдагч, ерөнхий архитектор/

Хот төлөвлөлт, бүтэц, зохион байгуулалтын хувьд хамгийн түрүүнд төлөвлөлтөө эхэлсэн газар бол “Их Майдар” цогцолбор юм. Ингээд бид цогцолбороосоо эх аваад хотынхоо байр зүй, газрынх нь тогтоцод захирагдаж “Майдар эко хот”-ыг төлөвлөсөн. Хамгийн түрүүнд хотынхоо төв хэсгийг “Их Майдар” цогцолбороо тойруулж бариад дараа нь хот маань өргөжих төлөвлөлт хийсэн. Төлөвлөлтөө хийж байх явцад гурван уулын ам таарсан учраас түүндээ тохируулсан. Мөн хотын барилгажилт хэд хэдэн үе шаттай явагдана. 

Эхний ээлжинд “Их Майдар” цогцолборыг тойрсон хотын төв хэсэг, дараа нь маш олон дүүргүүд тодорхой үе шаттай баригдана. Тэдгээр дүүргүүд маань өөр өөрийн гэсэн онцлог, өнгө төрхтэй байх юм. Ерөнхийдөө эко хот гэдэг тодорхойлолтод хүрэхийн тулд байгальд ээлтэй байх зэргээс авахуудаад маш олон хүчин зүйлээс бүрддэг. Нэг хүчин зүйл гэвэл богино замын хот байх ёстой. 

Богино замын хот гэхээр хүн өдөр тутамд хэрэгцээтэй бүх үйлчилгээ, хэрэглээний зүйлсээ өөрийн амьдарч буй хотоосоо хангах боломжийг бүрдүүлсэн байх ёстой. Хоёрдугаарт нь, эрчим хүчний хувьд асар бага зарцуулалттай байх ёстой. Эко хотыг бий болгодог чухал элементүүдийн нэг чухал зүйл нь байгалийн унаган төрхийг алдагдуулахгүйгээр бий болгосон ногоон бүс юм. “Майдар эко хот”-ын дэд бүтэц, барилгажилтын ажил 2017 онд эхлэх төлөвлөгөөтэй байгаа. 2016 онд ажлын зургаа боловсруулна. Хамгийн түрүүнд дэд бүтцээ барина. 

Эхний ээлжийн барилгажилтын ажилд нэг тэрбум евро, хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Мэдээж Монгол Улсын Засгийн газар энэ хотыг босгоё, бүтээн байгуулъя гэсэн хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Ерөнхийдөө төсөл маань дэлхий даяар нэр хүндтэй болж, байр сууриа олоод яригдаад эхэллээ. Тэгэхээр дэлхий дахины хөрөнгө оруулагчид маш их байна. Тиймээс хөрөнгө мөнгөнд санаа зовохгүй байна, харин хамгийн гол нь Монгол Улсын Засгийн газар зөв зохион байгуулалттай, зөв менежментээр авч явах туслалцаа л маш их хэрэгтэй байна.  

Ц.Мэндсайхан: Ирээдүйн бурхны хот гэдэг утгаар нь иргэд дэмжиж байна

/Төв аймгийн ИТХ-ын дарга/

Монголчууд Майдар бурхныг ирээдүйн бурхан хэмээн тахин шүтэж, ирээдүй хойч үеэ түүнд даатган залбирч түүний номын хураас хүртэх ерөөл тавьдаг уламжлалтай. Тэр утгаараа Майдар бурхны бүтээн байгуулалт бол зөвхөн Төв аймгийн иргэд биш нийт сүсэгтэн олон, монгол түмний талархлыг хүлээж байгаа их бүтээн байгуулалт юм. Цаашдаа энэ бүтээн байгуулалт өргөжиж, “Майдар эко хот” болох асуудалд иргэд олон янзын байр суурьтай байгаа. 

Иргэдийн дийлэнх нь зөвшөөрч байна. Ирээдүйн бурхны хот гэдэг утгаар нь дэлхийн буддистуудын төв болох нь, олон түмний оюун ухаан, сэтгэл санаа, байгальтайгаа харилцах тогтвор суурьшилтай эко хот болох нь гэсэн утгаар нь иргэд дэмжиж байна. Нөгөө талаар Төв аймгийн зарим удирдлагууд, иргэдийн хувьд “Улаанбаатар хот Төв аймгийн иргэдэд ямар нөлөө үзүүлэв. Алсдаа Улаанбаатар хот шиг төвлөрөл ихтэй хот болчих юм биш байгаа. 

Орон нутгийн удирдлагууд ямар оролцоотой байх юм” гэдэг дээр анхаарч, байр сууриа илэрхийлж байна. Тиймээс энэ асуудлыг зөв шийдэж, Төв аймгийг төвийн бүсийн хөгжлийн төв гэдгээр нь авч үзэж, засаг захиргааны хувьд Төв аймгийн “Майдар эко хот” гэж нэрлэх нь зүйтэй гэсэн саналууд ч орж ирж байгаа юм. Тэгэхээр энэ бүх асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй. 

Ч.Жадамба: Энэ бүтээн байгуулалтыг дэмжихгүй иргэн байхгүй гэдэгт итгэлтэй байна

/Төв аймгийн Иргэний танхимын менежер/

Төв аймгийн төвд “Майдар” цогцолбор, “Майдар эко хот”-ын талаар албаны хүмүүс, автор, инженерүүд ирж нутгийн иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсч байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт Европ стандартаар хөгжлийн томоохон төлөвлөлт, бүтээн байгуулалт бий болж, монголчууд төдийгүй Зуунмод хотын нийт шинэлэг, төлөвлөлт сайтай, эко хотыг байгуулах гэж байгаа гэдэгт итгэж байгаа нь харагдаж байна. Үүнийг бид бүхэн ч хүсч байгаа.

Тиймээс “Майдар эко хот”-ын ерөнхий засаг захиргааны нэгжийн болоод эрх мэдлийн хуваарилалт, хотын оршин суугчдын язгуур эрх ашиг, тэнд амьдарч байгаа хүмүүсийн уламжлалт ба одоо оршин байгаа амьдралын хэв шинжийг хэрхэн тусгах вэ, мөн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд Төв аймгийн иргэдийг аль хүрээнд нь яаж татан оролцуулах вэ, үр хойчдоо ямар байдлаар ойлгуулах вэ гэдэг талаас нь ихээхэн бодож боловсруулсан зүйлийг хүмүүсийн оюун санаанд их зөв талаас нь гэгээлэг ирээдүйтэйгээр хүргэж чадвал энэ бүтээн байгуулалтыг дэмжихгүй иргэн байхгүй гэдэгт би итгэлтэй байна. 

Р.Энхбаяр: Иргэдийн саналыг цаасан дээр байлгалгүй ажил хэрэг болгох хэрэгтэй

/Төв аймгийн иргэн/

-“Майдар эко хот” төслийн талаар мэдээлэл авч байгаа хэдий ч дэлгэрэнгүй мэдээлэл дутмаг байна. Ерөнхийдөө энэ төслийг маш их дэмжиж байгаа. Харин хэдий хугацаанд, яаж хэрэгжих гэж байгаа нь сонирхол татаж байна. Зам харилцаа гэдэг маш чухал, хэдэн дарга нарын эсэргүүцлээс болоод энэ ажил зогсч болохгүй. 
Тэгээд л асуудлыг өөрсдийнхөө дур зоргоор шийдчихээд, тэнд нэг зам барих гэж байна гээд л өөрсдөө тэр хавийн газраа түрүүлээд авчих юм. Гэтэл наана нь ард иргэд юу болж байгааг нь мэдэхгүй байж байгаад л хоцорчихдог. Одоо иргэдээс санал авч байгаа гэсэн. Хамгийн гол нь иргэдийн саналыг цаасан дээр байлгаад байлгүй ажил хэрэг болгох хэрэгтэй байна. 

Ж.Цэрэнпил: Энэ бүтээн байгуулалтыг ах нь дэмжиж байгаа
/Төв аймгийн иргэн/
Их сайхан ажил, том бүтээн байгуулалт хийгдэж байгаад маш их баяртай байна. Майдар бурхан бол сайн цагийн 1000 бурхны тав дахь, ирээдүй цагийн бурхан гэж тахин шүтэж ирсэн түүхтэй. Майдар бурхныг тахин шүтсэнээр гэр бүлд эв нэгдэл, бие биеэ хайрлах, асран энэрэх сэтгэлийг бий болгож ирээдүйн буян заяаг даатгахын ерөөлтэй гэдэг. 
Тиймээс ирээдүй хойч үедээ түүхийн үнэт өвийг таниулж, хадгалуулан, байгаль дэлхийгээ хайрлах үзлийг шингээж чадахуйц их сайхан ажил гэж би хувьдаа бодож байна. Тиймээс энэ бүтээн байгуулалтыг ах нь дэмжиж байгаа. Хандив тусламж ч өргөх болно. 

Ц.Баярхүү: Аялал жуулчлалын том төв болсноор сум маань хөгжинө


/Төв аймгийн иргэн/
Дэмжилгүй яа вэ, маш их дэмжиж байгаа. Ер нь хот бол дэд бүтэц дагаж хөгждөг. Манай аймаг бол дэд бүтэц нь хөгжчихвөл цаашдаа илүү хөгжих боломжтой, геополитикийн хувьд ч асар их ач холбогдолтой газар нутагтай гэж би хувьдаа боддог. Ер нь бол Төв аймаг бол Улаанбаатар хотыг тойрсон өргөн уудам газар нутагтай учраас энд хот байгуулах нь маш зөв зүйтэй ажил гэж дүгнэж байна. Хүмүүс “Майдар эко хот” төслийн талаар 2-3 жилийн өмнөөс л мэдээлэл авч эхэлсэн. Тэгээд ч монгол хүн чинь бурхан шашнаа дээдэлдэг, сүсэг бишрэлтэй учраас дэмжиж байгаа байх. Цаашлаад аялал жуулчлалын том төв болсноор сум маань хөгжинө. Сум хөгжихийн хэрээр аймаг, аймаг хөгжвөл улс маань хөгжинө. Тийм болохоор их л өөдрөгөөр харж, тун удахгүй шинэ хот сүндэрлэнэ гээд хүлээж байна даа.  

Ш.Доржсүрэн: Малчид бидний үр хүүхэд ч гэсэн сайн сайхан орчинд амьдарч, ажиллах эрхтэй шүү дээ

/Төв аймгийн иргэн/
Сүрлэг сайхан хот босвол хүн болгон дуртай байх нь мэдээж. Малчид бидний үр хүүхэд ч гэсэн сайн сайхан орчинд амьдарч, ажиллах эрхтэй шүү дээ. 
Тиймээс энэ төслийг маш их дэмжиж байна. Тэгээд ч монголчууд сүсэг бишрэлтэй ард түмэн болохоор Их Майдар бурхны нэрээр нэрлэгдсэн энэ хотыг босгох байх гэдэгт итгэлтэй байна.  

н.Алтансүх: Манай улсад, тэр дундаа манай аймагт ийм сайхан бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаад их талархалтай байна

/Төв аймгийн иргэн/

Манай Төв аймгийн иргэд энэ сайхан бүтээн байгуулалтыг дэмжинэ гэдэгт найдаж байна. Аялал жуулчлалаар өөр бусад улс орнууд яаж хөрөнгөжиж байгааг хүн болгон мэдээг болсон өнөө цагт манай улсад, тэр дундаа манай аймагт ийм сайхан бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаад их талархалтай байна. 
Төв аймгийн бөхчүүд маань бэлтгэлдээ гарах гэж яваад “Майдар эко хот” төслийн хүмүүстэй таараад, уулзалт болно гэсэн учраас дэмжиж байгаагаа илэрхийлэхээр ирээд байна.