2016 оны төсвийн төслийг хэлэлцэнэ
Засгийн газрын хуралдаан
2015.09.28

2016 оны төсвийн төслийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт товлогдоод байна.

Тус хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсний дотор анхаарал татах хуулийн төслүүд багтжээ. Тодруулбал, Монгол Улсын 2016 оны төсвийн төсөл, түүнтэй холбоотой бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Хуульд зааснаар Засгийн газар ирэх оны төсвийн төслийг жил бүрийн аравдугаар сарын 1-нд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх ёстой.

Мөн энэ өдрийн хуралдаанд Хууль зүйн сайд Д.Дорлигжав Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлж, Засгийн газрын саналыг авахаар хэлэлцүүлэх аж. Уг төслийг Ерөнхийлөгч санаачлан боловсруулжээ.

Анхаарал татах бас нэгэн хуулийн төсөл нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. УИХ-ын төвшинд нэг жил гаруйн хугацаанд бүх намын бүлгээс төлөөлөл оролцсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан юм. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр ахлан ажилласан бөгөөд төсөл нь боловсруулагдаж дууссан байна.