Г.Баярсайханыг Хөдөлмөрийн сайдаар томилуулахыг дэмжив
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2015.09.08/ хуралдаж Засгийн газраас 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хөдөлмөрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг томилуулах тухай танилцуулгыг хийв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд байсангүй. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг томилуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 90,9 хувийн саналаар дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.