Г.Баярсайхан гишүүний асуулгад хариу өглөө
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.09.07

Г.Баярсайхан гишүүний асуулгад хариу өглөө

УИХ-ын гишүүн Г.Баярсайханы Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан тавьсан асуулгад хариу өгчээ.

Г.Баярсайхан гишүүн төрийн тусгай албан хаагчдийн эмнэлгийн суурин дээр барьж буй барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах, эмнэлгийн эзэмшил газрын баталгаажилтын хугацааг уртасгах, хамгаалах, зориулалтын бус барилга байгууламж барихыг таслан зогсоох талаар ямар ажил хийж байгааг Ерөнхий сайдаас лавласан юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ‘Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусгаагүй барилгыг 260 ор бүхий эмнэлэг болгох комиссын  гэрээг “Юниверсити хоспитал" компанитай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт өгсөн. Талууд энэ оны долдугаар сарын 7-нд концессын гэрээнд гарын үсэг зурсан. “Юниверсити хоспитал” компани эмнэлэг байгуулахад нийт 28 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна. Концесс эзэмшигч нь 2016 оны дөрөвдүгээр сард амбулатори, хэвтэн эмчлүүлэх хэсгийг ашиглалтад оруулах юм. Нийт барилгын ажлыг 2017 онд ашиглалтад оруулна” хэмээн хариулжээ. Мөн “Үндэсний аудитын газраас хийсэн “Нийслэлд байрлаж байгаа эмнэлгүүдийн эзэмшил газрын ашиглалт, шинээр барих эмнэлгүүдийн хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжилт, үр дүн” тайланд эзэмшил газраасаа алдаагүй эмнэлэг байхгүй гэж дүгнэсэн байдаг. Эмнэлгийн эзэмшил газрын баталгаажилтын хугацааг уртасгах, хамгаалах арга хэмжээ авч, баталгаажилт хийлгээгүй удирдах албан тушаалтанд хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад даалгасан. Эрүүл мэнд, спортын яамны харьяа болон Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагаас судалгаа авахад эмнэлгүүд бүгд эзэмшил газраа зохих ёсоор баталгаажуулан, гэрчилгээг сунгуулсан байна гэжээ.

Түүнчлэн “ Өмнө нь гаргасан газар олгох шийдвэрийн улмаас эмнэлгийн эзэмшил газарт давхардал үүсэх улмаар орчны ариун цэвэр, эрүүл ахуйн стандарт алдагдах асуудал гарсаар байна. Цаашид эмнэлгийн эзэмшилд газар давхардуулан олгохгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт даалгасан болно. Нэгэнт өмнө нь гаргасан шийдвэрийн улмаас үүссэн зарим асуудлын хувьд Эрүүл мэнд, спортын яам болон холбогдох эмнэлгийн байгууллагын зүгээс хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлж байгаа болно” гэж хариулсан байв.