81 мянган хүн жолооны эрхээ сэргээх боломжтой
Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулан ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт тус комисс хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас дараах зүйлийг тодрууллаа.
-Комиссын хуралдаанаар Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригоос бусад зүйл заалтыг хэрэгжүүлэх боломжтой гэсэн шийдвэрийг гаргасан гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Хууль батлагдсан өдроөсөө хүчин тогөлдөр хэрэгжинэ. Өршөөл үзүүлэх тухай хууль нь өнгөрсөн наймдугаар сарын 11 -нд буюу ээлжит бус чуулганаар баглагдсан. Харин Ерөнхийлөгч 17-ны өдөр тус хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Ерөнхийлөгч өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд хуулийн дагуу хэсэгчлэн бу юу бүхэлд нь хориг тавьдаг. Өмнө нь гарч байсан Өршөөлийн хуулиудад хориг тавьж байгаагүй. Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль нь 11 зүйл заалттай. Үүний 4.1 болон долдугаар зүйл, заалтад Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хориг тавьснаас бусад зүйл, заалт өнөөдрөөс эхлээд эрчимжиж байна гэж хэлж болно.
-Хориг тавьснаас бусад заалтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн гэсэн. Энэ хүрээнд хэчнээн иргэн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах вэ?
-Өнөөдрийн байдлаар захиргааны зөрчил гаргасан, тэнсэн харгалзах ялтай, гурав хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эх, ял нь хойшлогдсон, баривчлагдах ялтай байгаа хүмүүс өршөөгдөнө. Мөн 81 мянган хүн жолооны эрхээ хасуулсан байдаг. Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсанаас хойш 81 мянган хүн тодорхой шалгуураар шалгалтаа өгч, зохих журмынхаа дагуу жолооны эрхээ сэргээх боломжтой болсон гэсэн үг. Үүнийг цагдаагийн байгууллага хэрэгжүүлээд явах юм.
Хэрэв ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал авлига, албан тушаалын долоон зүйл ангид хамаарагдаж буй 40 хүн өршөөлд хамрагдахгүй. Дээрээс нь одоо энэ зүйл, заалтаар 10 орчим хүн ял эдэлж байгаа. Тэд ч мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй. Мөн хуулийн тавдугаар зүйл, заалт дээр гурван зүйл ангийг нэмж байгаа. Энэ зүйл ангид бүлэглэн танхайрах зэрэг гэмт хэргүүд хамрагдаж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэгт залуучууд ихээр өртөж, ял авсан байдаг. Дээрх зүйл, заалт нь орж, хоёр жил нь хасагдаад явбал 2000 гаруй хүн хамрагдах боломжтой.
-Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний мөнгө төсөвлөсөн. Энэ асуудлыг шийдсэн болов уу?
-Улсын төсвөөс буюу Ерөнхий сайдын нөөцөөс зохих мөнгийг гаргах асуудлаар Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын саналыг авсан. Ингээд манай комисс хууль хэрэгжүүлэхтэй холбоотой 150-180 сая төгрөг төсөвлөсөн тухай албан бичгээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн. Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдэх байх.
-Ерөнхийлөгч танхайн хэргээр ял эдэлж байгаа залуучуудын ялыг хасч тооцох саналыг гаргасан. Энэ нь санал учир хориг тавьсан хэмжээнд авч хэлэлцэн, хүлээж авах боломжгүй хэмээн хуульчид тайлбарлаж байна. Та үүнтэй санал нийлж байна уу?
-Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг тавьсан. Мэдээж УИХ үүнийг хэлэлцээд хуулийн дагуу шийдвэрлэнэ.