АН-ын нэр дэвшигчдийг шинжвэл...
АН-ынхан хуралдаж шинээр сайдад томилох гишүүдээ зарлалаа.
Дахиад л Н.Батбаяр
АН-ын бүлгийнхэн Засгийн газарт оруулах сайдын нэрсээ тодруулаад байгаа. МАН-ын гишүүдийн үлдээсэн зургаан яамаас хамгийн том нь Сангийн яам. Монгол улсын бүх салбарын төсөв тус газраар дамждаг учраас хэн хүнгүй сайд нь болохыг хүсдэг. Харин энэ удаад Ж.Эрдэнэбат гишүүний орыг залгаж АН-аас Н.Батбаярын нэр тодроод байна.
Шинэчлэлийн засгийн газарт Эдийн засгийн яамыг толгойлж байсан түүнд АН-ынхан дахин итгэл хүлээлгэж байгаа нь үнэхээр инээдтэй. Нэг хэсэг галаар тахиж Чингис бондыг авчран, УИХ-ын чуулганы танхимд согтуу үг хэлж ард түмний хэл амны бай болж байсан түүнд Сангийн яамыг удирдуулна гэдэгт нэг л төсөөлөгдөхгүй байна хэмээн жиргээчид хэлж байгаа. Үнэндээ өнөөдөр ам.доллар хоёр цэнхэрт хүрээд байгаа нь түүний онгод тахилгатай холбоход хилсдэхгүй биз.
Г.Баярсайхан сайдад
АН дотроо нилээд олон фракцтай гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс сонгуульд ялаад засаг байгуулах дээрээ тулвал фракцуудынхаа эрх ашгийг юун түрүүнд боддог. Энэ жишгийн дагуу Шонхор фракциас УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг Д.Оюунхорол гишүүний оронд томилох саналыг гаргаад байгаа.
Тэрээр бусдаасаа байгаль орчинтой нэлээд ойр. Учир нь Экологич мэргэжилтэй тэрбээр өнгөрсөн хугацаанд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж үзсэн. Багагүй туршлага хуримтлуулчихсан учраас фракцынхан нь түүнийг дэмжиж, Хөдөлмөрийн, эсвэл Байгаль орчин, ногоон хөгжип, аялал жуулчлалын сайдын аль нэгийг хийж чадна хэмээн зүтгүүлсэн.
Гэвч мэргэжлийнх нь чиглэлийн яам тохиролцоогоор “Шударга ёс" эвсэлд очсон сурагтай. Ингээд тэр Хөдөлмөрийн сайаад нэр дэвшихээр болж буй. Гэхдээ ямартай ч түүнийг сайдын суудлаас харах нь ойлгомжтой болоод байна.
МоАХ фракцын сонголт
Тэр МоАХ фракцын гишүүн, Х.Баттулгын хүн гэдэг. “Босс" нь түүнийг нэр дэвшүүлэхийн төлөө багагүй хичээл зүтгэл гаргаж, МоАХ фракц нь намдаа багагүй нөлөөтэй учраас Х.Баттулгын байр суурийг бусад нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байсан биз.
Л.Эрдэнэчимэгийн хувьд УИХ-д анх удаа сонгогдсон гишүүн. Нэлээд амбийцтай, эмэгтэйчуүдээ нэгтгээд албан бус бүлэг байгуулж, ахлагч нь хүртэл болчихсон.
Тэгэхээр түүнд сайдын амбиц бий. Тамхи, архины эсрэг хуулиар имижээ бурдүүлсэн эрхэм гишүүн энэ хавар Тавантолгойн ажлын хэсгийг ахалж ажилласан нь түүний нэр хүндийг улам өсгөсөн хэмээн үздэг.
Тавантолгойн Ажлын хэсгийг ахална гэхэд нь л чамлах, шүүмжлэх хүмүүсийн уур амьсгал давамгайлсан ч тэр бүхнийг ялаад л гарсан. Өөрөөр хэлбэл тэрээр шүүмжлэлийг магтаалаар сольж чаддаг гишүүн. Тиймээс бүхэл бүтэн яам толгойлно гэдэг тийм амаргүй ч түүнд намынхан нь итгэл хүлээлгэжээ.
Я.Санжмятав гишүүн дахиал сайд болно
Ардчилсан намд үлдэх өөр нэг яам нь өмнөх засагт ч тэдэнд байсан Барилга хот байгуулалтын яам. Харин АН дотроо Алтангадасынхан авах бололтой. Нэр дэвшигч нь Хөдөлмөрийн сайдыг нэр төртэй биелүүлж засаг огцроход хэл амгүй албан тушаалаа хүлээлгэж өгсөн Я.Санжмятав гишүүн.
Нэг хэсэг Сангийн сайаад нэр нь дуудагдаж байсан ч одоо БХБЯ-ыг "базах"-аар болж байх шиг. Түүний хувьд дахин сайдаар томилогдоход өмнөх ажлын туршлага нь сайнаар нөлөөлж байгаа. Тиймээс л АН-ынхан хамгийн бага хэл аманд өртдөг гишүүнээ дахин сунгаанд оруулж байгаа бололтой.
Хэдэн өдрийн турш хор найруулж, хэлэлцээ тохиролцоо өрнөсний эцэст АН дотроос ийм нэрс тодорлоо.
Харин МАХН-ынхан гурван суудлын захиалгыг өгөөд байгаа ч олонхи гэдгээрээ АН хоёр суудлыг л оноогоод байгаа аж. Мэдээж салбар бодлого хариуцаагүй Шадар сайд тэдний мэдэлд шууд хувиарлагдах нь ойлгомжтой. Харин үлдсэн нэг нь Байгаль орчин, ногоон хөгжип, аялал жуулчлалын яам болоод байна. Гэхдээ ямар хор найруулагдаж, юугаар энгийн иргэд бидэндээ гэнэтийн бэлэг барихыг харж л сууядаа.