Өгөх гээд байгаа бол Ерөнхий сайдаа өг
Ерөнхий сайд бие даагчдыг Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүнд оруулах санал тавьсан гэх мэдээлэл бий.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.
-УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлаар долоо хоногийн даваа гариг бүр нам эвслийн бүлэг, бие даагчид байр сууриа илэрхийлдэг. Энэ удаад бие даагчид яагаад мэдээлэл хийсэнгүй вэ?
-Бид УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаарх мэдээ, материалыг бүрэн авч түүндээ судалгаа хийж байж мэдээлэл хийдэг. Гэвч Өршөөлийн тухай хуулийн төсөл болон зарим хуулийн төслийн ноцтой заалтуудтай холбоотой материалууд бидэнд ирээгүй байна. Тиймээс мэдээлэл хийх боломж гарсангүй.
-Ээлжит бус чуулганаар МАН-ын зургаан сайдыг чөлөөлөх тухай хэлэлцэнэ гэсэн. Энэ талаар ямар байр суурьтай байна?
-АН, МАН-ын аль нь ч байсан хамгийн гол нь засаг төр тогтвортой байх ёстой. Миний хувьд кнопоо альталд нь дарвал сайд болно, болохгүй гэдэг болзолтойгоор улс төрд хэзээ ч оролцож болохгүй гэдэг байр суурьгай байдаг. Өөрөөр хэлбэл, бие даагчид төр Засгийн тогтвортой байдлыг илүүд үзэж, үүнийгээ дэмжинэ. Тиймээс энэ байр суурьтаа хэвээр байгаа.
-Зургаан сайдын асуудалтай зэрэгцэн бие даагчдыг засагт хамтрах санал тавьсан гэх мэдээлэл бий. Тухайлбал, таныг Хөдөлмөрийн сайд болгох санал ирсэн юм уу?
-С.Ганбаатарыг Хөдөлмөрийн сайд болно гэж их ярьж байна. Ийм болзолтой, болзолгүй засгийг тогтвортой байлгах талд тууштай хандана. Ер нь ямар нэг болзлоор кнопоо худалддаг зүйлийг зогсоох ёстой. Албан тушаалын тухай яриа бол тусдаа. Харин 100 мянган дарханчуудаа төлөөлж кноп дарж байгаа явдал бол зөвхөн Монголын ард иргэдийн эрх ашгийн төлөө байх ёстой. Үүндээ ч хатуу байр суурьтай байна. Хөдөлмөрийн сайдыг С.Ганбаатарт өгнө гэсэн яриа гарч, нөгөөх нь бараг авсан юм шиг ярьж байгаа. Надад Хөдөлмөрийн сайдаа өг. Өгсөн өдөр нь би С.Чинзориг сайдад буцаагаад өгчихье. Тэр хүн ажлаа хийг. Хоёрдугаарт, бүр өгөх гээд байгаа бол Ерөнхий сайдаа өгчих. Тэгвэл би ажил хийе. Харин буруу зүйл хийж байгаа Ерөнхий сайдын шийдвэрийг засч, залруулж ажиллахын төлөө тууштай байх болно. Ямар ч байсан Хөдөлмөрийн сайдын албан тушаалыг би ерөөсөө авахгүй.