Халуурсан улс төр, хачирхсан тайлбар
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ.
14 хоногийн хугацаатай хуралдаж буй ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлуудаас олны анхаарлыг хамгийн их татаж буй нь Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах, томилох тухай асуудал юм. Уг асуудалтай холбоотойгоор улс төр бужигнаж байна. Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дарга бөгөөд Ардчилсан намын дарга З.Энхболдод “Намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой. Үүнийг нэг мөр болгож шийдэхийн тулд ҮЗХ-г ээлжит бус чуулганаас өмнө хуралдуул” гэсэн утга бүхий шаардлага хүргүүлсэн. Харин Ардчилсан намын
ҮЗХ ээлжит чуулганаас өмнө хуралдсангүй. Улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар УИХ- ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Намын даргадаа хүргүүлсэн Ерөнхий сайдын шаардлагын талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Тэр бол Ардчилсан намын дотоод асуудал.
Намынх нь дүрэм журам ямар байдгийг мэдэхгүй юм. Надад бол хошин шогийн л юм харагдаж байна. 1990 онд одоогийн эрх барьж буй нөхөд “МАХН нам, төрийг хослон барьж байна, ийм байж болохгүй” гэж тэмцсэн биз дээ. Гэтэл одоо өөрсдөө нам, төрийг хослон барих гэж зүтгээд байгаа нь инээдтэй. МАН эхлээд засагт орохгүй гэж байсан. Ч.Сайханбилэг хайрын захиа бичсээр байгаад хамтарсан засаг байгуулсан. Тэгээд одоо хөөж байдаг, нөгөө хэд нь хөөхөөр нь гарахгүй гээд л зүтгэж байдаг. Өрөвдөлтэй л харагдаж байна.
-МАН-аас ажиллаж байгаа сайдууд засгаас гарахад бэлэн гэж мэдэгдэж байсан. Гарахгүй гэсэн хүн байгаа гэж үү?
-Зарим сайд нь тамга тэмдгээ аваад зугатсан, зарим нь суудалтайгаа үлдэхийн тулд газар хуваарилаад яваа сурагтай байна шүү дээ.
-Шударга ёс эвслийн бүлэг МАН-ын сайд нарыг засгаас гаргах асуудал дээр байр сууриа нэгтгэсэн үү?
-Одоохондоо ярьсан зүйл алга. Бүлэг хуралдаагүй байна. Даваа гарагт (өнөөдөр) хуралдаж, байр сууриа нэгтгэх байх.
-Та ямар бодолтой байгаа вэ?
-Хуучин МАХН хоёр хуваагдаж МАН, МАХН гэдэг хоёр нам бий болсон. Тасарсан мах, үсэрсэн цус нь болохоор МАН- ын энэ байдлыг хараад өрөвдөж л сууна. Ингэж нэр төргүй хөөгдөж суухаар засгаас хурдан гарах хэрэгтэй шүү дээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
- МАН-ы н сайдуудыг огцруулах асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Жил ч болохгүй хөөж туух байсан юм бол эхнээсээ яах гэж хамтарсан юм бэ. Гэхдээ Ч.Сайханбилэг зорилгодоо хүрсэн л
дээ. Хоёр толгойг хөдөлгөсөн гэсэн мессежийг нийгэмд өглөө. Хоёр толгой угаасаа зогсоогүй, хөдөлж байсан. Ч.Сайханбилэг Дубайд очиж байж болох хамгийн муу хувилбараар гэрээ хийж, баримтаар батлагдаагүй зардлыг хүлээн зөвшөөрүүлж Сангийн сайдаар гарын үсэг зуруулснаар зорилго нь биелсэн юм. Би Ч.Сайханбилэгийг Монгол Улсын талд ажиллаж байгаад эргэлздэг, тэр гадаадын аль нэг улсыг төлөөлж байгаа мэт санагддаг. Г.Жамъян гуайн хэлсэн “Барууны тэжээвэр” гэдэг үг санаанд ордог. Энэ ээлжит бус чуулганаар МАН-ын сайд нарын асуудал биш, Ч.Сайханбилэг гэдэг хүн Ерөнхий сайдын албан тушаалд байх, эсэх асуудлыг хэлэлцмээр байгаа юм.
-МАН засгаас гарснаар бие даагчдад засагт хамтрах боломж гарна гэсэн яриа байгаа?
-Хэдийгээр эрх мэдэлд хүрч байж бодсон зорьсноо хэрэгжүүлэх боломжтой болох ч миний хувьд Ч.Сайханбилэгийн танхимд урьсан ч орохгүй.