МАН-ын бүлэг хаврын чуулганаар хариуцлагатай ажилласан
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.07.21

МАН-ын бүлэг хаврын чуулганаар хариуцлагатай ажилласан

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос хаврын чуулган үр дүн болон цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Энэ удаагийн чуулганыг хэр үр дүнтэй ажилласан хэмээн дүгнэж байна вэ?

-Хаврын чуулган сайн үр дүнтэй ажилласан. Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал сайн биш байгаа. Иймд чуулганы хугацаанд УИХ, Засгийн газар шаардлагатай хууль тогтоомжийг батлахын төлөө ажилласан гэж үзэж байна. Онцлох хуулиудаас гэвэл, НӨАТ-ын тухай хууль байна. Татвар төлөхөөс чөлөөлөгдөх босгыг 10 сая төгрөг байсныг 50 сая төгрөг болгож өөрчиллөө. Мөн худалдан авагч нарт НӨАТ-ын 10 хувийнх нь 2 хувийг буцаан олгохоор хуулинд тусгасан байгаа. Энэ нь худалдаа бизнесийнхнийг дэмжсэн томоохон хууль болж чадсан.

Мөн Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль бол яах аргагүй манай улсын баялаг бүтээгчдэд, тэр дундаа Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн, хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг дэмжсэн чухал хуулийг баталсан гэх мэт үр дүнг ярьж болно. Үүний зэрэгцээ улс төр, нийгмийн хүрээнд Сонгуулийн нэгдсэн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хуулийг батлахаар төлөвлөж байсан ч ажлын хэсэг хуулиа өргөн барьж амжаагүйгээс хэлэлцэж чадсангүй. Бүхэлд нэгтгээд дүгнэх юм бол тодорхой гарсан үр дүн бол бий.

-МАН Засгийн газарт хамтарснаар ямар үр дүн гарав?

-Үүнд цаг хугацаа, ард иргэд хариулт өгнө байх. Мэдээж үл ойлголцох зарчмын зөрүүтэй асуудлууд бол байсан. УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын оруулж ирсэн зөв бодлого бүрийг дэмжиж, бурууг нь засч залруулахын төлөө ажилласан. Энэ хаврын чуулганаар нийтдээ 22 бие даасан хууль, 100-гаад хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нийтдээ 120 хуулийн өөрчлөлтөөс 2-3 хууль дээр завсарлага аваад чуулган завсарлаж байна. Бусад хууль батлагдлаа. Ингээд үзвэл манай бүлэг хариуцлагатай ажилласан. Улс орныхоо төлөө хийх зүйлээ хийсэн гэж дүгнэж байна.

-МАН-аас томилсон зургаан сайдын асуудлыг хэрхэн харж байна вэ?

-МАН-ыг Засгийн газраас гаргах асуудал бол шалтгаан биш шалтаг. Цаана нь эрх баригчдын үл ойлголцол газар авсныг илэрхийлж байгаа юм. Бид сандал ширээтэй зууралдаад байгаа юм алга. Зургаан сайдыг засагт урьсан. Хэрвээ урилгаасаа татгалзвал бид 6 сайдаа татаж авахад бэлэн.

-Ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцэхээр болвол аль талаасаа асуудлыг гаргаж тавина гэсэн үг вэ?

-Бид гуйж ороогүй. Гуйж орсон бол санаачилгыг гаргаж болж байна. Гэтэл уригдаж орсон. Урьсан хүмүүс нь санаачилгаа гаргана байх.