ЭСРЭГ БАЙР СУУРЬ

“АН төрийн дээр гарчихсан байна”

2015.08.03
Сайт: News.mn
Дугаар : 33992
“АН төрийн дээр гарчихсан байна”
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

УИХ дахь МАН-ын бүлгийн  хуралдаан өндөрлөж, бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

УИХ-ын захирамжаар зарлагдсан ээлжит бус чуулганы нээлтэд МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй. Тус намын зүгээс УИХ дарга өргөн баригдаагүй асуудлаар ээлжит бус чуулган зарласан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл боллоо гэж үзсэн учраас чуулганы нээлтэд оролцоогүй гэдгээ тайлбарлав.  

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “МАН-ын бүлэг өглөөний 8.30 цагаас эхлэн ээлжит бус чуулган тойрсон асуудлаар ярилцлаа. Ер нь төрийн толгойд нам гарчээ гэдгийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс гарсан шийдвэр харуулж байна. УИХ дарга захирамж гарган өргөн баригдаагүй асуудлаар ээлжит бус чуулган зарласан нь ч төрийн толгойд нам гарсны илрэл. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл МАН-тай байгуулсан гэрээгээ цуцлах шийдвэр гаргахдаа УИХ дахь бүлэгтээ үүрэг өглөө гэж тайлбарласан. Намын байгууллага, удирдлагаас УИХ дахь бүлэгтээ чиглэл өгдөг болохоос үүрэг өгдөггүй.

Галт зэвсгийн тухай хуулийг яаралтай хэлэлцэх асуудал биш. Тэр тусмаа ээлжит бус чуулган зарлаж байгаа нөхцөлд улс оронд чухал асуудлаар хуралдах ёстой.  Тэгэхээр УИХ-ын дарга энэ мэт хуулиар халхавчилж, цаанаа засгийн асуудлыг ярилцах ганц зорилготой байх шиг.  Эрүүгийн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин хийх шаардлагатай гэсэн санал солилцож байна.  Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа хэвээр” гэсэн юм. 

Тэгвэл  МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхаярваа“Өргөн баригдаагүй асуудлаар УИХ-ын дарга захирамж гаргаж, захирамж гаргахдаа чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэнэ гэсэн нь  Үндсэн хуулийг зөрчиж байна. Тэрчлэн манай намын зүгээс Ерөнхий сайдын бүрэн эрхэнд УИХ дарга хууль зөрчин оролцож байгааг буруутгаж байна. Хууль зөрчсөн ямарч үйлдлийг манай нам дэмжихгүй. Тиймээс өнөөдрийн ээлжит бус чуулганы нээлтэд оролцоогүй. АН-ын зүгээс МАН сандал суудал, албан тушаалтай зууралдаж байна гэсэн ойлголтыг төрүүлэх болсон. Бид сандал суудалтайгаа зууралдаагүй. Учир нь АН, МАН хоёр засагт хамтрахдаа гэрээ байгуулсан. Уг гэрээнд  нэг талын биш хоёр талын үндэслэлээр цуцална гэсэн өгүүлбэр байдаг.

  Өнөөдөр Галт зэвсгийн тухай хууль гэх мэт цаг үеийн бус асуудлаар ээлжит бус зарласны гол зорилго нь засгийн зургаан сайдыг огцруулах явдал байгаа. Засгийн зургаан сайдыг огцруулахаас илүү чухал асуудал олон байна. Монгол Улс ган гачигт нийт ургацынхаа 50 хувийг алдлаа. Араас нь бичин жилийн зуд нүүрлэж байна. Эдийн засгийн хямрал гүнзгийрлээ. Энэ бүхнийг ярихаасаа илүү АН улстөржиж байна.  Уг нь зургаан сайдын суудлаас илүү цаг үеийн асуудалд, эдийн засгийн хямралыг яаж тогтворжуулах вэ, гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ гэсэн асуудлаар ээлжит бус чуулган зарласан бол МАН дэмжинэ. УИХ-ын дарга хууль зөрчиж, дуртай цагтаа дуртай асуудлаа хэлэлцэж, дургүй асуудлаа УИХ-д оруулдаггүй жишиг тогтоож байна.  Намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхээс цааргалж, ирэх оны сонгуульд нөгөө будилаантай хуулиа ашиглах гэж байна” гэв.

 

 

МАН-ынхан сандал ширээний төлөө чуулганы ажлыг гацааж байна

2015.08.03
Сайт: Gogo.mn
Дугаар : 33994
МАН-ынхан сандал ширээний төлөө чуулганы ажлыг гацааж байна
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар

Өнөөдөр өглөө Төрийн ордонд УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт боллоо.

Харин УИХ дахь МАН-ын гишүүд чуулганы нээлтэд оролцсонгүй. Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас тодруулахад, “Уг нь хуульд зааснаар МАН-ын гишүүд чуулганы нээлтэд оролцох ёстой. УИХ-ын гишүүдийн үүрэгт ажил нь чуулганы хуралдаанд, байнгын хороодын хуралдаа суух юм.  Хэлэлцэж буй асуудалд идэвхтэй оролцох ёстой. МАН-ынхан өнөөдрийн чуулганд бүрэн бүрэлдэхүүнээрээ суугаагүй нь сандал ширээгээ хамгаалахын төлөө чуулганы ажиллагааг шантаажилж байгааг харууллаа.

МАН-гүйгээр УИХ-ын чуулган үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой” гэв.    

 


56ХҮНДЭМЖИВ
Дэмжих
277ХҮНДЭМЖИВ
Дэмжих