Улаанбаатараас өдөрт 3500 тонн хаягдал гардаг
“Байгаль орчны доройтлоос болж хүний эрүүл мэнд муудаж, хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаль сүйдэж байна” хэмээн Кени улсын байгаль хатгаалагч Вангари Маати хэлсэн байдаг.
Бид өндөр хөгжилтэи орны жишигт хүрэхийг мөрөөдөж, боловсролтой нэгэн болохоор тэмүүлдэгээс биш амьдарч буй орчноо өөрчлөх талаар төдийлэн боддоггүй мэт санагдана. Гудатжинд хөглөрөх хогийг төр цэвэрлэх ёстой хэтээн иргэд нь хүлээж, төр нь иргэдийнхээ сэтгэхүйг өөрчлөх гэсээр олон жил өнгөрлөө. Хэн хэнийгээ хүлээхгүйгээр хийж эхлэх цаг ирсэн. Тиймээс БОНХАЖЯ- наас хог хаягдлын бүтцийг тодорхойлж, тооллого хийх ажил эхлүүлжээ.
Улаанбаатар хотоос өдөрт 3500 тонн хог хаягдал гардаг гэсэн судалгаа бий. Эдгээр хогийн 40 гаруй хувийг дахин боловсруулах боломжтой цаас, хуванцар сав, хөнгөн цагаан эзэлдэг аж. Өнгөрсөн онд гэхэд л 26 тонн хогийг дахин, ашиглаж, түүхий эд болгон экспортод гаргажээ. Гэхдээ бид үүнээс ч илүү ашиг олж болно. Хогийг хаягдал чигээр нь ойлгодог, ангилан хаяж сурахгүй байгаагаас эндээс олж болох ашгаа алдсаар байна. Өдгөө дэлхийн том хотууд хог хаягдлаа дахин боловсруулж, иргэдийнхээ хэрэгцээнд зориулан бүтээгдэхүүн болгон нийлүүлснээр асар их ашиг олдог болжээ. Гэхдээ хог боловсруулах үйлдвэр олныг нээгээд энэ асуудал зохицуулагдахгүй.
Хогоо ангилан хаях, эзэнгүй хог гаргахгүй байх, хаягдал бага гаргахаас л ашгийн тухай яриа эхэлнэ. Ганц бохь хаялаа гээд хот бохирдохгүй гэсэн сэтгэлгээ, хог хаяж буй нэгнээ тоохгүй өнгөрөх хэн нэгэн хотын хөгжлийг хойш татсаар байна. Иргэд хог хаягдлаа ялгаж хаяхгүй, хотоор дүүрэн эзэнгүй хог гаргасаар байгаа учраас удирдах албан тушаалтнууд хаягдал хогны бүтэц тодорхойлох шинэ төрлийн ажил эхлүүлжээ. Энэ бол БОНХАЖЯ- наас гаргасан хог хаягдлын норматив, бүтэц тогтоох тооллого юм. Гэхдээ зөвхөн Улаанбаатар хотын хаягдлыг тоолох бус орон нутгийн хогийг ч ангилж, ялгахаар болжээ.
Тооллогын комисс айлуудын нэг өдөрт гарч буй хог хаягдлын бүтэц буюу хэдэн хувь нь хатуу, хүнс, үнс байгааг тогтоох аж. Харин норматив нь тухайн өрх, аж ахуй нэгжүүдийн өдөрт ялгаруулж буй хог хаягдлын хэмжээг тодорхойлох юм байна. Эхлээд хог хаягдлын хэм хэмжээ, бүтцийг тодорхойлоод, түүнийгээ иргэдэд танилцуулж, мэдээлэл өгөх нь энэ төслийн зорилго аж. Уг тооллогын дүнг цаашид хог хаягдлын менежмент боловсруулахад ашиглахаас гадна иргэн аж ахуйн нэгжээс авсан төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх гэнэ. Зарим аймаг, сумдаас тооллогын явцыг лавлалаа.
БОНХАЖЯ-ны Хурээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын ахлах мэргэжилтэн Г. Эрдэнэбаясгалан:
“Хог хаягдал ялгаж хаях нь манайхны хувьд шинэ ойлголт гэж нэгнээ өмөөрсөөр олон жил өнгөрлөө. Хоолоо хаягдалгүйгээр идэж сурахаас л соёлтой хүн болж эхэлнэ.
Гэтэл манайхан зоогийн газар, гэртээ ч хоолны үлдэгдэл гаргаж, асар их хаягдал үүсгэж байна. Гэхдээ бид иргэдийн сэтгэхүй өөрчлөгдөхийг хүлээгээд зүгээр суугаад байж болохгүй. Хог хаягдлын тоо бүртгэл, бүтцийг тодорхойлсноор олон ажил эхлүүлж болно. Тухайлбал, аюултай хог хаягдал их гаргаж буй айл, аж ахуйн нэгжийг илрүүлэх юм. Түүнчлэн хот, хөдөөгийн аль хэсгээр ямар хэмжээний хог гарч байгааг судална. Нийслэлд эзэнгүй хог хаягдал маш их байдаг. Гудамжинд хэвтэж байгаа хогийг аль дүүргийн хэн хаясныг тогтоох боломжгүй. Хог хаягдлын бүтэц тогтоох энэ ажлыг анх удаа хийж байгаа учраас туршлагагүйтэх зүйл их байна.
ог хаягдлын бүтэц тогтоох энэ ажлыг анх удаа хийж байгаа
Орхон аймгийн Байгаль орчны газрын дарга Х.Машбат
Аймгийн Байгаль орчны газраас хог хаягдлын норматив, бүтэц тогтоох судалгааг өнгөрсөн сард эхлүүлсэн. Үүний дагуу манай аймагт тооллого явуулах найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, Баян- Өндөр сумын 13, Жаргалант сумын дөрвөн багийн 200 орчим айл өрхийг хамруулж байна. Энэ тооллогыг айл өрх, аж ахуйн нэгж гэсэн хоёр ангилалд хуваасан. Айл өрхөөс гарч буй хаягдлыг ялгах нь манай ажилтнуудад шинэ зүйл болж байна. Ихэнхдээ хатуу хаягдал гардаг. Дахин боловсруулах боломжтой, эсвэл хаягдал гэхээргүй хог ч их бий. Зарим айлаас гарсан хэрэггүй зүйл нөгөө айлд хэрэг болох юм шиг санагддаг учраас тэрийг хүртэл ангилж байна. Хогоо ангилж хаях нь ямар чухал болохыг энэ ажлыг эхлүүлээд л ойлгож байна гэж ажилтнууд маань хэлж байгаа.
Дорноговъ айтгийн Байгаль орчны газрын Хурээлэн буй орчны асуудал хариуцсан тэргэжилтэн Д. Болормаа:
БОНХАЖЯ-наас манай аймгийн мэргэжилтнүүдэд “Хог хаягдлын норматив, бүтэц тогтоох, хог хаягдлын тоо бүртгэл явуулах” нь сэдэвт сургалт зохион байгуулсан. Бид хог хаягдлын бүтцийг өрх айл, зам цэвэрлэгээ, зочид буудал, зах, аж ахуйн нэгж гэсэн хэсгүүдэд хуваан тодорхойлж байна. Эдгээр газраас нэг өдөрт гарч буй хог хаягдлыг хэмжээд ирээдүйд гарах үр дүнг нь тооцоолж үзсэн. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хогоо ялгаж хаяхгүй, хур хог үүсгээд байвал энэ өвөл айл өрхүүдээс 510 тонн, засгийн газраас 10 гаруй тонн хаягдал гарахаар байна. Энэ чигээрээ байвал хүмүүс хогийг хаях биш хог бидний хаях цаг ойрхон байна. Учир нь хог хүний эрүүл мэндэд асар их сөрөг нөлөө үзүүлдэг.
энэ өвөл айл өрхүүдээс 510 тонн, засгийн газраас 10 гаруй тонн хаягдал гарахаар байна.
Хог хаягдлын бүтцийг тогтоосны дараа үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах тухай дээр дурдсан. Харилцан адилгүй хаягдал гаргадаг мөртлөө ижил төлбөр төлдөг тогтолцоог удахгүй халах аж. Хог тээвэрлэх тарифыг 2009 онд баталсанаас хойш дахин өөрчлөлт оруулаагүй. Гэтэл тээвэрлэлтиин зардалд хамгийн их нөлөөлдөг зүйл нь шатахуун юм. 2009 оноос шатахууны үнэ өссөөр буй ч хогны төлбөр хэвэндээ байгаа нь хог тээвэрлэдэг байгууллагуудыг алдагдалтай ажиллахад хүргэдэг гэнэ. Эдгээр асууддаас болж улсаас энэ салбарт зориулж өнгөрсөн онд л гэхэд долоон тэрбум гаруй төгрөг төсөвлөжээ. Тиймээс энэ тогтолцоог удахгүй халж “ Хог бага гаргавал төлбөр хэмнэгдэнэ гэсэн зарчмаар ажиллахаар болсон тухай БОНХАЖЯ-ны мэргэжилтнүүд хэлж байлаа.
Хураамж тооцох аргачлалыг Япон улсын “Жайка” байгууллагын Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн хог хаягдлын мастер төлөвлөгөө боловсруулах төслийн зөвлөмж дээр үндэслэн боловсруулжээ. “Жайка”-гаас 2004- 2007 онд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөгжлийн судалгаа явуулж, 2020 он хүртэлх хог хаягдлын мастер төлөвлөгөө боловсруулан гаргасан. Уг төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор 2008 онд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Нарангийн энгэрт хогийн шинэ цэг байгуулж, хогны машин, бусад тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна.
Засгийн газраас энэ төслийг дэмжиж, өнгөрсөн сард хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах, үйл ажиллагаа эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчилж. урамшуулал олгох журам баталсан. Түүнчлэн үүнтэй зэрэгцэж батлагдсан өөр нэг чухал журам бол аюултай хог хаягдлын жагсаалт юм.
БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбаясгалан “Улсын хэмжээнд 400 мянга гаруй авто тээврийн хэрэгсэл байна. Эдгээр машин жилд нэг удаа моторын тос, шүүлтүүрээ, хоёр жилд нэг удаа аккумлятороо сольдог. Тэгэхээр жилд 200 мянга гаруй аккумлятор, 4000 гаруй тонн тос хаягдаж байна. Эдгээр хаягдлын багахан хэсэг л тос цэвэрлэх үйлдвэрт дахин сэргээгддэг гэж бодохоор үлдсэн нь хөрсөнд шууд булагдаж байгаа. Зарим хүн аюултай хог хаягдлаа ч ялгаж мэдэхгүй юм. Зурагтын удирдлага, цагны зайгаа хүүхдэдээ өгчихсөн, тоглуулж байдаг. Зай маш хортой. Ялангуяа бага насны хүүхдийн мэдрэлийн системийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, хорт хавдар үүсгэдэг. Тиймээс эдгээр хог хаягдлыг түр байршуулах, устгах үйл ажиллагааг яаралтай зохицуулах хэрэгтэй. Журам батлагдсан болохоор арга хэмжээ хурдан авах байх” гэв.
Хог хаягдалтай холбоотой чухал журмууд батлагдсан учраас одоо иргэдийн оролцоо хэрэгтэй байна. Арван жилийн өмнөх Улаанбаатарт байхдаа өнөөдрийн зарим ололтыг бид мөрөөдсөөр суусан. Цэвэрхэн, соёлтой гадаадын орнууд ч анхнаасаа тийм байгаагүй учраас бид бүхэн одооноос ч болтугай хичээх хэрэгтэй.