Хог, хаягдлын асуудлыг хамтын хүчээр шийднэ
УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол
2015.02.05

Хог, хаягдлын асуудлыг хамтын хүчээр шийднэ

БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Ногоон хөгжил стратеги төлөвлөлтийн газраас НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй “Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог дэмжих” үндэсний сургалт семинар өнөөдөр эхэллээ.

Гурван өдрийн турш  үргэлжлэх үндэсний хэмжээний сургалт,семинарт НҮБ-ын Олон Улсын Байгаль орчны технологийн төв, БОНХАЖЯ, нийслэлийн ЗДТГ-ын  холбогдох газар, эрдэмтэн судлаачид, ТББ, орон нутгийн мэргэжилтнүүд гээд 100 гаруй төлөөлөгч хог хаягдлын тулгамдсан асуудлаар хэлэлцэн, харилцан туршлага солилцож, цаашид авах арга хэмжээг тодорхойлох юм.

Сургалт, семинарыг нээж УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол  хэлсэн үгэндээ, хүрээлэн буй орчныг бохирдуулж байгаа хог хаягдлын өнөөгийн нөхцөл, үүнийг шийдвэрлэхэд тулгамдаж  буй асуудлаа ярилцаж, тодорхойлох, бусад улс орны туршлагыг бүтээлчээр хэрэгжүүлэх шинэ санааг олно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоо чухал үүрэгтэй гэдгийг онцолсон. 2012 онд  УИХ-аас Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсан. Гэхдээ  энэ хуулийг амьдралд хэрэгжүүлэх асуудал  учир дутагдалтай байгаа учир энэ онд холбогдох бүх журам, аргачлалыг боловсруулж батлуулах, тэдгээрийг мөрдүүлж ажиллах, улсын хэмжээнд хог хаягдлын тооллого явуулж мэдээллийн сан бүрдүүлж бүртгэлжүүлэх гээд олон ажлыг хийхээр төлөвлөсөн гэдгээ сайд хэллээ.   Мөн  орон нутагт “хоггүй хот, дүүрэг, сум, хороо” зэрэг болзолт уралдааныг зохион байгуулж  дэмжиж ажиллах ажээ. 

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хороон дарга Су.Батболд “Байгаль орчныг хамгаалах үйлс нь олон нийтийн оролцоо, дэмжлэггүйгээр үр дүнд хүрэхгүй. Тиймээс хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал үүрэгтэй. Бид алхам тутамдаа хог үүсгэж байдаг. Үүн шигээ үйлдэл болгоноороо байгаль  орчиндоо хувь нэмрээ оруулж, хогоо зориулалтын саванд хийж хэвших нь хамгийн эхний дэвшил болно”  гэлээ.

Нийслэлд жил бүр 850 мянган тонн хог хаягдал үүсдэг гэх тоо баримт бий. Үүнээс 750 мянган тонн нь ахуйн, 80 мянган тонн нь барилгын, 10 мянган тонн нь аюултай, нэг мянган тонн нь эмнэлгийн хог хаягдал байгаа ажээ.  Эдгээр хог хаягдлыг тусгайлан тээвэрлэх, цуглуулах, боловсруулах, эцэслэн байршуулах дэд бүтэц, байгууламж одоогоор манайд байхгүй.

Тиймээс цаашид аюултай хог хаягдлыг цуглуулах саармагжуулах, боловсруулах, байгууламж барих асуудлыг нийслэлийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэх нь зүйтэй  гэж Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хороон дарга Су.Батболд хэлсэн.

Мөн энэ үеэр хог хаягдлыг дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Эко пластик” үйлдвэр, “Сан-Оргиу” ХХК, “Амарсанаа степ” ХХК гэх мэт компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээрээ  үзэсгэлэн гаргасан нь оролцогчдын сонирхлыг ихээхэн татав. Тухайлбал, “Эко пластик үйлдвэр” нь хаягдал хуванцар сав, гялгар уутыг боловсруулан  ахуйн хогийн сав, зөөврийн эвхдэг хайрцаг, супермаркетын тор зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг өргөтгөх зорилт тавин ажиллаж байгаа аж.

НҮБ-ын Олон улсын байгаль орчны технологийн төвийн захирал Сурендра Шреста “Хог хаягдлын менежментэд тулгарч буй бэрхшээл болон боломжууд” сэдвээр тавьсан илтгэлдээ хөгжингүй улс орнууд хог хаягдлаа газрын гүнд булах аргаас татгалзаж эхэлсэн талаарх мэдээллийг өгсөн юм. 30,40 жилийн өмнөөс хэрэглэж ирсэн энэ аргаасаа  Европын улс орнууд 2030 он гэхэд бүрэн татгалзах зорилт тавьжээ.  Харин хөгжиж буй Азийн улс орнууд энэ аргыг даган, хэрэглэж  байгаа нь буруу гэсэн юм. Өөрөөр хэлбэл, бусад улс орны туршлагыг яг таг хуулбарлахаас илүүтэй туршлагыг нь судлах хэрэгтэй гэлээ. 

2050 он гэхэд дэлхийн нийт хүн ам 7,3 тэрбумд хүрнэ гэх судалгаа бий. Үүнээс хот суурин газрын хүн ам 3,6 тэрбумд хүрнэ гэж тооцоолжээ.  Хотжилт, үйлдвэржилт хүрээгээ тэлэхийн хэрээр хүн ам өсч,   хог хаягдлын хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг юм. Тиймээс хог хаягдлын талаар одооноос зөв бодлого явуулж, иргэн бүр хүрээлэн буй орчноо гэсэн чин сэтгэлтэй байх ёстой гэв. 

Нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 87,9 хувиас нь нян, хөгц, мөөгөнцөр илэрчээ. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний газар хөрсний бохирдолтой байна гэсэн үг юм. 2012 онд хийсэн судалгаагаар нутаг дэвсгэрийн  28 хувь нь нянгийн бохирдолгүй гэж судалгааны дүнгээр гарч байсан бол өнгөрсөн онд 12 хувь нь нянгийн бохирдолгүй гэж гарсан байна. Энэхүү судалгаа жилээс жилд хөрсний бохирдол ихэсч байгааг харуулж байна.

Үүнд гэр хорооллын нүхэн жорлон ихээхэн нөлөөлж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм. БОНХАЖЯ-нд байгаа мэдээллээс үзвэл сүүлийн дөрвөн жилийн байдлаар зөвшөөрөлтэй хогийн цэгт хаягдаж байгаа хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянган тонн-оор нэмэгдэж, 2013 онд  2.3 сая гаруй тоннд  хүрчээ. Улаанбаатар хотод хог хаягдал тээвэрлэдэг 20 аж ахуйн нэгж, байгууллага байдаг бөгөөд тэдгээр нь хог хаягдал тээвэрлэх нийт 264 тээврийн хэрэгсэлтэйгээс 179 тээврийн хэрэгсэлд GPS суурилуулжээ.

Байгаль орчноо хамгаалах асуудал бол бүх нийтийн оролцоог шаардсан ажил бөгөөд зөвхөн хамтын хүчээр л бид амжилтанд хүрнэ. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэн миний тарьсан  хогийг хэн нэгэн ирж цэвэрлэхийг хүлээлгүй, амьдралын хэв маягаа эерэгээр болгон хэвшүүлэх нь эрүүл, аюулгүй орчинд амьдрахад тус дөхөм үзүүлэх юм.