Байнгын хорооны дарга Сул Хуныг хүлээн авч уулзав
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2015.07.07

Байнгын хорооны дарга Сул Хуныг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассемблейн Боловсрол, соёл, спорт, аялал жуулчлалын байнгын хорооны дарга Сул Хуныг өнөөдөр /2015.07.07/ хүлээн авч уулзав.

Байнгын хорооны дарга Д.Батцогт ноён Сул Хуныг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, манай байнгын хороонд ХАХНХ-ын яам, Хөдөлмөрийн яам, Эрүүл мэнд, спортын яам, Боловсрол соёл, шинжлэх ухааны яамдууд хамаардаг. Байнгын хороогоор хэлэлцдэг асуудал нь өргөн хүрээг хамардаг учраас нилээд олон хуулийн төслийг хэлэлцэн баталдаг гэлээ.

Мөн тэрээр БНСУ-ын Үндэсний ассемблей болон Монгол Улсын Их Хурал маш сайн харилцаа, хамтын ажиллагаатайг онцлоод цаашид байнгын хороодын түвшинд түлхүү хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Ноён Сул Хун Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, манай байнгын хороо боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарыг хариуцдаг. Байнгын хороонд боловсрол, соёл, аялал жуулчлалын сайдууд харьяалагддаг өргөн бүрэлдэхүүнтэй байнгын хороо юм гэлээ.

Мөн тэрээр манай улсын хөгжилд нөлөөлсөн зүйл бол боловсрол юм. Солонгосын ард түмэн боловсролын салбарт багагүй хөрөнгө оруулалт хийдэг. Үүний хүчинд эдийн засгаа хөгжүүлж чадсан юм гэдгийг онцолсон юм.