Ерөнхий сайдыг огцруулах асуудал нээлттэй хэвээр байгаа
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.07.06

Ерөнхий сайдыг огцруулах асуудал нээлттэй хэвээр байгаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хоёр сарын өмнө тавьсан бол 19 гишүүний гарын үсэг цуглуулж чадаагүй учир өдийг хүрсэн. МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас гаргах асуудал хөндөгдсөн энэ үед УИХ-ын О.Баасанхүүгээс цөөн асуултад хариулт авлаа.

-УИХ дахь хоёр том нам эвслээсээ татгалзаж, салах гэж байна. “Шударга ёс” эвсэл энэ талаар ямар байр суурьтай байна вэ? 

Эвслийн өмнөөс би байр суурь илэрхийлэхгүй. Миний хувьд бол АН, МАН хоёр бол анхнаасаа л ингэх нь тодорхой байсан. МАН Засагт орохгүй гэж байсан бол одоо Засгаас гарахгүй гэж байна. АН, МАН хоёр санхүүгийн асуудлаас болоод хөлөө жийлцэж байна. Хоёр том нам  өнөөдөр хоёулаа л инээдтэй харагдаж байна шүү дээ.

Та Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавьсан ч гарын үсэг нь бүрдэхгүй байсан. Одоо юу болсон бэ? 

Энэ асуудлыг тавьсан хэвээрээ. МАН-ын гишүүд анхнаасаа АН-аас нэг гишүүн гарын үсэг зурвал бид зуръя гэж байсан. Тухайн үед нь би “Тийм юм байхгүй. Та нар энэ асуудалд өөрийн итгэл үнэмшлээрээ ханд” гэж хэлсэн.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуульч таван гишүүн байнгын хорооноосоо гарна гэж мэдэгдсэн. Яагаад ийм мэдэгдэл хийх болов? 

Байнгын хорооны гишүүн атлаа үг хэлэх эрхгүй, тухайн хуулиар байр сууриа илэрхийлье гэхэд хүлээж авахгүй байна.  Үг хэлэх эрхгүй байнгын хорооны гишүүн байж хэрэггүй гэж үзээд Хууль зүйн байнгын хорооны гишүүн Л.Цог, Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Ц.Оюунбаатарт, Ж.Батзандан бидний таван гишүүн мэдэгдэл хийсэн.

Гишүүд байнгын хорооноос гарах хүсэлтээ тус тусдаа албан бичгээр илэрхийлнэ. Миний хувьд албан бичгээ өгсөн гэлээ.