Судлаачид Монголд ургах боломжтой жимснүүдийг онцлов
2015.06.15

Судлаачид Монголд ургах боломжтой жимснүүдийг онцлов

ХХААЯ, Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо хамтран “Жимс, жимсгэнэ судлал” сэдэвтэй хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол орны жимс, жимсгэнийн салбарт судалгаа хийдэг бүх эрдэм шинжилгээний байгууллагууд, Чацарганын кластерын санаачилга төсөл болон тариалалт эрхэлдэг аж ахуйн нэгжүүд оролцсон юм. Энэ салбар үүсч хөгжөөд 60-аад жил болсон ч 1990-ээд оноос судалгаа шинжилгээний ажил хийгдээгүй хэмээн эрдэмтэд ярьж байлаа.

Тэд жимс, жимсгэнийн аж ахуйг аль боло үр ашигтай эрхлэх, Монгол орны экологи, байгалийн цэвэр нөхцөлд ургасан жимс, жимсгэнийг органик бүтээгдэхүүн болгож, экспортын баримжаатай хөгжүүлэх хэрэгтэй гэцгээж байлаа. Мөн Монголын эрс тэс цаг уурын нөхцөлд зохицсон сортын нэр төрлийг олшруулах, бүтээгдэхүүний боловсруулалтын өндөр технологи бий болгох зэрэг асуудлыг ч хөндсөн юм.

Дарханы Ургамал газар тариалангийн хүрээлэн, ХААИС, ШУТИС зэрэг байгууллагын судлаач эрдэмтэд Монголд ургахад тохиромжтой чацаргана, чавга, алим, интоор, үхрийн нүдний талаар судалгааны материалаа танилцуулсан юм. Чацаргана жимс нь өөрийн найрлагадаа биологийн идэвхит 50 гаруй төрлийн бодисыг агуулж байгааг эрдэмтэд судалжээ. Чацаргана жимсэн дэх амин дэм болох “А” каротины агууламж арав, арваннэгдүгээр сард дээд хэмжээндээ хүрдэг гэнэ.

Каротины агууламж ихсэх тусам жимсний өнгө улам улаан болдог аж. Чацаргана амин дэмээс гадна уураг, амин хүчлийг хангалттай хэмжээгээр агуулдаг гэж хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Судлаачид чацарганын жимсэнд уургийн агуулга 0.9-1.2 хувь, үрэнд 24.38 хувь хүртэлх хувийг эзэлдэг болохыг тогтоожээ. Чацарганыг ходоод гэдэсний үрэвсэл, шархлаанаас урьдчилан сэргийлэх, эмчлэх шархны төлжилт сайжруулах зорилгоор эмчилгээнд хэрэглэдэг талаар ч ярьж байв.

Чацаргана хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 2.5 сая ширхэг чацарганын суулгац зээлээр олгожээ. Ингэж дэмжсэний хүчинд өнгөрсөн оны байдлаар гэхэд л жимст цэцэрлэгийнх нь талбай 5.6 га-д хүрсэн байна. Ноднин жил 1734 тонн чацаргана хурааж авчээ. 2009 оныхоос дөрөв дахин их ургац гэнэ. Сүүлийн хоёр жилд монгол чацарганын үнэ цэнийг бий болгож, экспортод тогтвортой гаргадаг болгох чиглэлээр нэлээд ажил хийж эхэлжээ.

Үхрийн нүдний хувьд суулгацыг нь хавар тарьснаас намар тарьсан нь илүү үр дүнтэй гэсэн судалгааны дүн сонирхол татав. Үхрийн нүд жимсийг тогтмол хэрэглэвэл альцгеймерийн өвчин, чихрийн шижин, зүрх, судасны гээд олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэж хэлэлцүүлгийн үеэр судлаачид ярьж байсан юм. Сонирхуулж хэлэхэд АНУ болон Европын холбооны эрдэмтэд хүний амьдралыг уртасгаж, хөгшрөлтийг сааруулдаг хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргасны гуравт үхрийн нүд оржээ.

Сүүлийн үед иргэд интоорын мод сонирхон тарих болжээ. Интоорын мод зуны хэт халалт, өвлийн хэт хүйтнийг тэсвэрлэдэг учраас төвөггүй ургадаг аж. Тарьснаас хойш 4-5 дахь жилдээ жимсээ өгч, 6-8 дахь жилдээ жимсээ бүрэн гүйцэд өгдөг гэж судлаачид ярьж байв. Нэг модноос 10-15 кг жимс авдаг байна.

Алимны тухайд манай оронд том алимны славянка, боровинка, грушовка, московская, бэсрэг алимны ермолаева 23, алтайская десертная, жижиг алимны сеянец кравченко, сеянец пудовщины, ранетка пурпу- ровая, янтарка алтайская сортууд нутагшжээ. Арчилгаа, усалгааг нь зөв тохируулж ургуулж чадвал жил бүр нэг модноос 2-3 кг жимс авах боломжтой аж.