“ХҮН-д том зорилго байгаа”
Монголын шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн тэргүүн Л.Дуурсах
2015.06.10

“ХҮН-д том зорилго байгаа”

Монголын шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн тэргүүн Л.Дуурсахтай ярилцлаа.

-Монголын төр шинжлэх ухаандаа хөрөнгө хаяхгүй байна гэж эрдэмтэд байнга шүүмжилдэг.  Улс орны хөгжилд газрын доорх баялгаас гадна шинжлэх ухааны ололтууд, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн бодлого чухал гэж тайлбарладаг шүү дээ. Чухам яагаад төрөөс гаргаж байгаа шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлгүй байна гэж харж байна?

Монгол Улсын хоёр толгой биш оюунлиг толгой хямралаас гаргана гэж би боддог. Шинжлэх ухаандаа хөрөнгө зарахгүйгээр бид зөв хөгжиж чадахгүй. Өнгөрсөн 25 жил Монгол төрийн бодлогод шинжлэх ухааны ямар үндэслэл байсангүй. Дандаа улстөрчид сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргаж байна. Эсвэл аль нэгэн эдийн засаг-улстөр-хууль гэсэн томоохон бүлэглэлүүдийн захиалгаар л хууль гаргадаг, бодлого боловсруулдаг болсон.

Харамсалтай нь, энэ нь цөөн хэдэн хүнийг, тэднийг дагасан улстөрчдийг баяжуулснаас нийт ард түмний амьдралд ямар ч өөрчлөлт гарсангүй. Ажилгүйдэл, ядуурал яг хэвээрээ байна. Ажлын байрны баталгаа алга.  Намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хар л даа. Яг амьдралаас тасарсан, шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй. Тийм болохоороо ялсан намуудын хөтөлбөр хэрэгждэггүй байхгүй юу. Намууд гэж дээ, яг үнэндээ эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлүүд шүү дээ.

-Улс төрд АН,МАН ээлжилж засаг барилаа.  Харамсалтай нь одоо өнгөний ялгарал ч үгүй болчихсон юм биш үү. Эрх ашгаараа сүлбэлдсэн, түрийвч нэгтэй намуудын бүлэглэлүүд л улс орны бодлогыг тодорхойлж байна гэж та хэлэх гээд байна уу?

Монголын улстөрд өнөөдөрч МАНАН татсан хэвээрээ байна. Хэн ч үүнийг батална. Ардын нам нь ч, Ардчилсан нам нь ч адилхан  нэг тэрэгний хоёр дугуй гэдгийг өнгөрсөн 25 жил монголчууд хангалттай ойлгож авсан шүү дээ.

Хоёулаа худалч, хоёулаа хулгайч.  Одоо улс төрд шинэ хүчин хэрэгтэй байна. Улс төрийн бохирыг цэвэрлэх, нөгөө талаасаа улс орноо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж чадах шинэ нам хэрэгтэй байна.

-Та Хөдөлмөрийн үндэсний намыг хэлж байна уу. Монголд 23 нам байна. Гуравдагч намууд гарч ирэх орон зай бий юу?

Монголд цоо шинэ бодлоготой, цоо шинэ нам гарч ирэх цаг болжээ. Цаг, үе, улс төр ч өөрөө ингэж шаардаж байна шүү дээ. Судалгаанаас харахад сүүлийн жилүүдэд төрдөө итгэх иргэдийн итгэл улам бүр унасаар байна. Яагаад иргэд төрдөө итгэж чадахгүй байна вэ гэвэл намуудын хийж байгаа ажил, бодлого тэдний амьдралд наалдахгүй байгаа учраас тэр. Аргагүй шүү дээ, шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй, сонгуулийн шоу эсвэл улс төрийн хөөрлөөр  шийдвэр гаргачихаж байгаа юм чинь. 

Монголд олон нам байгаа гэдэг. Сонгуулиар нэг ил гарч ирдэг,  нэг хүний атганд орсон,  нэг гэр бүлийн , нэг компанийн  намуудад яаж хүмүүс итгэх юм бэ.  Харин Хөдөлмөрийн үндэсний намын хувьд  Монголын төрд, Монгол Улсад их зүйл хийх болов уу гэсэн хүлээлт хүмүүст байна. Би ч бас ингэж итгэж байна. Цоо шинэ бодлого, цоо шинэ үзэл баримтлал гаргаж ирээсэй гэж хүсч байгаа.

-Та ХҮН-ын гишүүн. Энэ намд элсэх болсон шалтгаан юу вэ?

Улс төрд бохирлогдоогүй шинэ залуусын нэгдэл болсон шинэ нам. Улсаа шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлье. Хүнээ хөгжүүлье, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлье. Монголын үйлдвэржүүллье гэсэн зорилго, санаачлага нь надад таалагдсан.  Монгол Улс социалист улсаас ченжийн улс болсон. 

Баялаг бүтээдэг хүн цөөн.  Өөрийн гэсэн үндэсний том үйлдвэрлэлгүй улс орнуудын эдийн засаг нэг л  мэдэхэд дампуурч дуусдаг. Ганцхан Монгол биш л дээ, дэлхийд манайтай ижил олон орон байна. Тэр бүхний туршлагаас харахад шүү дээ.  Энэ нь нөгөө хөгжлийн том бодлого байхгүй байгаатай холбоотой.

-Сүүлийн үед Хөгжлийн нэгдсэн бодлого болно гэж улстөрчид их ярих болсон. УИХ-аас ажлын хэсэг гаргасан санагдана?

Хөгжлийн бодлогыг улстөрчид тодорхойлдоггүй юм. Тэд тодорхойлбол дахиад л намын хөтөлбөрүүд нь, өөрсдийнх нь сонирхол, эрх ашиг шингэнэ гэсэн үг. Хөгжлийн бодлогыг шинжлэх ухаанчид, эрдэмтэд, мэргэдийн саналыг үндэслэн тодорхойлох учиртай.  Хэрэв улстөрчид тодорхойлдог байсан бол Монгол Улс өдийд үйлдвэржсэн орон болохгүй яагаав. Баялаг нь байна, түүхий эд нь байна. Өнөөдрийг хүртэл, мах, ноос, ноолуур, эрдэс баялгаа бүгдийг нь түүхийгээр нь экспортод гаргаж байна шүү дээ. 

Хэрэв зөв бодлого боловсруулсан бол гурван сая хүнээ сайхан амьдруулж болох байсан. Гурван сая хүн гэдэг бол дэлхийн томоохон байгууллагын ажилчдын тоо.  Алдар “Бенз” компани гэхэд 3 сая ажилчинтай.  Бид энэ гурван сая хүнийхээ гуравны нэгийг нь дор хаяж 2-3 сая  төгрөгийн цалинтай ажлын байртай болгож чадах байсан. Харамсалтай нь, улстөрчид Монголыг яаж “идэж” барах вэ гэснээс монголчуудыг яаж баян болгох вэ гэж хүчилсэнгүй.

-Хөдөлмөрийн үндсэн нам тэгээд Монголыг өөрчилж чадах болов уу. Бусад гуравдагчдаасаа илүү гарч чадах уу?

Чадна. Чадах ч ёстой. ХҮН-д их олон зөв бодолтой, Монголоо гэсэн залуус элссэн. Тэд сонгуулиар нэг хоёр суудал авах биш, Монгол Улсаа хөгжүүлэх том зорилготой байгаа нь надад таалагдсан. Залуу улс орныхоо төлөө зүтгэх хэрэгтэй шүү дээ. Улс төрд буг болтлоо сууцгаасан нөхдүүдээс одоо юу ч хүлээх хэрэггүй. Шавхаад ч юм гарахгүй. 

Монголын улстөрд яаж газрын доорх баялгийг өөрийн болгох вэ гэсэн өрсөлдөөн яваад байгаа болохоос яаж Монгол Улсаа, монголчуудаа баян болгох вэ гэсэн зөв өрсөлдөөн алга.  Төмөр замтай болно гэж өчнөөн жил ярилаа. Сайншандын аж үйлдвэрийг олон жил мөрөөдлөө. Тавдугаар цахилгаан станц байна.  Өнгөрсөн хорь, гучин жилд Монголд ямар том бүтээн байгуулалт, үйлдвэрийн төсөл хэрэгжсэн юм бэ.  Өр, зээлэндээ баригдсан улс боллоо. Тиймээс улс төрд ХҮН бусдаасаа ялгарах ёстой.  Ялгарч чадна байх. Хүмүүс ч ингэж хүлээж байгаа байх. 

Шинжлэх ухаан дээр үндэслэж хөгжлийн бодлоготой байх ёстой гэсэн эрдэмтдийн саналыг тэд дэмжсэн. ХҮН-ын бодлого өөрөө ч тийм юм билээ. Монголчуудад хөдөлмөрлөх эрх чөлөөг олгоё, хөдөлмөрийн хөлсөө шударгаар хүртэе гэж.  Хүний хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэхээр хөдөлмөрлөх урам зориг, эрч хүч нэмэгддэг. ХҮН-ын залуус үүнийг олж харсанд талархаж байгаа. Залуу хүмүүс эрчтэй, зоригтой үзэлцэх ёстой. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн хувьсалыг ХҮН нам хийнэ гэж итгэж байна.

-Ирэх жил сонгууль болно. Сонгуулийн өмнө ХҮН байгуулагдсаныг шоу гэж харах хүмүүс байна?

Хүн, хүний бодол өөртөө зөв. Гэхдээ ХҮН бол өөр шүү гэдгийг ахиад хэлье. Энэ намд улстөрд буг болтлоо явсан, төрийн өндөр албан тушаал удаа дараа томилогдож явсан, муу нэртэй луу данстай хүмүүс байхгүй. Дандаа залуучууд. Улс орноо өөрчилж, хөгжүүлнэ гэсэн том итгэл өвөртөлсөн оюунлаг залуучууд байгаа.  Монголын хоёр толгой биш, ийм оюунлиг толгойнууд аварна. Бид оюун ухаанаа экспортолдог болно.  Ард түмэн хорь, гучин жил хүлээлээ. Ахиад арван жил, хорин жил хүлээ гэх үү.

Монголын залуус ах нараа их харсан, хүлээсэн. Гэвч, өөрсдөө улс орноо хөгжүүлэхэд оролцохгүй бол болохгүй юм байна гэдгээ ойлгожээ. Тиймээс оюунлиг, хүмүүнлэг залуучууд улсс хөгжүүлье гэж уриалж байгааг муугаар харах хэрэггүй.  Өмнөх үе нь хойд үеээ дэмжиж явдаг. Тиймээс бид залуусаа дэмжих ёстой. ХҮН асар том зорилго байгаа. Тэр нь үйлдвэржсэн, шинжлэх ухаанч Монголыг хөгжүүлэх.