Намгүй бол үхлээ юү...
“ХҮН” буюу “Хөдөлмөрийн үндэсний нам” нэртэй нам байгуулагдлаа.
2015.05.05

Намгүй бол үхлээ юү...

Улс төрийн намын тухай хуулийн 4.1-т “Нам нь Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” хэмээн тодорхойлжээ.

Монголд хамгийн анхны нам шинжийг бүрдүүлсэн иргэдийн нэгдэл тэртээ 1921 онд албан ёсоор байгуулагдаж байжээ. Тэр нь мэдээж МАН буюу МАХН тэгээд МАН болсон түүхтэй улс төрийн хүчин. Яг л өвгөн партизан гэдэг шиг тэд монголын төрийг нэг жарангаас илүү удирдсан.

Гэвч Европыг шуургалан үүссэн их гүрнүүдийн задралын салхи манай улсыг тойрч өнгөрөөгүй. Учир нь Орос ах нарыгаа  үргэлж дуурайдаг бид эх орондоо "Ардчилсан хувьсгалыг" өрнүүлж улмаар ялалт байгуулж чадсанаар олон ургальч үзлийг тунхаглан олон намын тогтолцоонд шилжсэн түүхтэй.

Шинэ нийгмийн салхийг хагалж "Ардчилсан нам" байгуулагдсанаар борооны дараах мөөг шиг олширсон зүйл нь “нам” болсон. Одоогийн байдлаар Монголд 20 гаруй улс төрийн хүчин төрийн эрх мэдлийн төлөө тэмцдэг гэх.

Харин саяхан “ХҮН” буюу “Хөдөлмөрийн үндэсний нам” нэртэй нам байгуулагдлаа. Түүх сөхвөл 2011 онд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн Хөдөлмөрийн нам шинэчлэгдэж байгаа бөгөөд одоогоор 1300  гаруй гишүүнтэй  аж. Түүнчлэн гишүүнээр элсэх 10 000 гаруй хүсэлт ирээд байгаа гэдгийг нээлтийн үеэр намын удирдлагууд хэлсэн.

Бидэнд нам дутсан уу

Шинэ намын гол баримтлал нь "Хүн дээд" үзлийг баримтлан хүнээ хайрлаж, хүнээ хамгаалж, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар орчин цагийн шинэ Монгол хүнийг төлөвшүүлнэ. Хүн дээд үзэл нь Монгол хүнийг идэх хоолтой, орох оронтой, эрүүл байх, сурч боловсрохоор хангагдсан, хүрэлцэхүйц орлоготой байлгаж нийгмийн хөгжлийн явцад Монгол хүнийг хаяхгүй, үнэгүйдүүлэхгүй, орхихгүй байх манай намын хүсэл юм.

Хүнээ хөгжүүлж, дахин төлөвшүүлснээр л бид Монгол улсаа хөгжүүлэх” гэдгийг шинэ намын дарга хэлэв. Мөн эдгээрийг илүү нарийвчилбал “Монгол хүнийг хорт утаагүй, цэвэр орчинд амьдруулах, эрх зүйн зөв тогтолцоогоор хангах, баялаг бүтээхэд нь дэмжих, баялагийг шударгаар хуваарилах, үндэстнийхээ оршихуйг хадгалах” юм. Эдгээрийг нь уншаад, сонсоод үзэхээр нэг л танил сонсогдоод байгаа биз.

Тухайлбал “Монгол хүнийг хорт утаагүй, цэвэр орчинд амьдруулах” гэдэг зүйлийг сүүлийн хоёр, гурван засгийн газар ярьж л байсан. Баялагийг шударгаар хуваарилах гэж байгаа толгой хоёр намын гурван жилийн өмнө сонгуульд амласан мөрийн хөтөлбөрийн жагсаалтад байсан л зүйл. Тэгэхээр бүрээг хэн ч үлээсэн адилхан дугардаг шиг л зүйл болчихоод байгаа юм. Нөгөө талдаа хамгийн чухал нь ард түмний итгэл.

Яг үнэндээ иргэд төрдөө итгэх итгэл алдарсан гэдгийг улстөрчид хүртэл өөрсдөө хэлж байгаа. Жилийн дараа сонгууль болно гэдгийг дээр дооргүй мэдээд хөдөлж байгаа энэ үед улс төрийн шинэ хүчнийг иргэд хэрхэн хүлээн нэлээд сонирхол татаж байна.

Түүнчлэн шинэ намын ард УИХ-ын гишүүн С.Ганбаатар байгаа гэх мэдээлэл цахим сайтуудаар тараад эхэлсэн. Гэхдээ ингэж хардах шалтгаан хүртэл байгаа. Тэрээр өнгөрсөн оны 12 сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надад нам байгуулж, Монголоо аврах талаар маш олон санал ирдэг” хэмээсэн.

Бүр тодруулбал тухайн ярилцлагад “Олон улс төр, нийгмийн идэвхтэй залуучууд, инженер, эрдэмтэд, их дээд сургуулийн багш, банк санхүүгийн ажилтан, хүчний байгууллагын тэргүүлэх ажилтнууд надтай ирж уулзаж байна. Тэд дараагийн намыг байгуулж, дараагийн намд хамтран зүтгэе, та удирдаад яв гэдэг санал, урилгууд тавьсан нь үнэн” гэсэн.

Тэгэхээр магадлал тавин хувьтай. Ер нь аливаа том үйл явдлыг угтаад /сонгууль/ ингэж яриад иргэдийн итгэл дээр тоглолт хийгээд улстөрд гарчихсан зарим хүмүүс тойргийнхоо иргэдийн царайг харж чадахгүй одоо явж л байна.

Гэтэл ийм бүлэг хүмүүс дахиад нэлээд тоогоор нэмэгдэх хэрэг байна уу. Монгол зүйр үгэнд баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаа байхгүй гэдэг шин нам байгуулаад мөнгөө үрэх нь сэтгүүлч надад пад алга.

Гэхдээ бидэнд нам багадаагүй. Ярьдаг хүнээр дутаагүй. Харин ажилсаг, тууштай, эх орноо гэх хүн хэрэгтэйг нийгэм захиалж байна.