Шүлхийнээс сэргийлэх вакцинжуулалтыг үргэлжлүүлнэ
Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өчигдөр Улсын Онцгой комиссын хурлыг зарлан хуралдуулж гоц халдварт шүлхий өвчин, ой хээрийн түймрийн талаар хэлэлцэн шийд гаргав.Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутаг, Баянбүрдэд хаваржиж байсан малчин Н.Золзаяагийн суурьт 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүлхий өвчний шинж тэмдэг анх илэрсэн.
Үүнтэй холбогдуулан хорио цээр тогтоон, хээрийн штаб ажиллаж, өвчтэй малыг устгах, эрүүл малаа урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах, өвчний гаралт, тархалтыг зогсоох, ариутгал халдваргүйжүүлэх ажил эхэлсэн байна.Үүнээс хойш буюу 2010 оны 5 дугаар сарын 14-нөөс тус аймгийн Матад, Баянтүмэн, Халхгол, Булган сумын нутагт шүлхий өвчин 5 удаа голомтлон гарсан юм.Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Онцгой комисс хуралдан, яаралтай хэрэгжүүлэх ажил, зардлын талаар хэлэлцэж Засгийн газарт асуудлаа оруулсны дагуу Засгийн газраас вакцинжуулалт зэрэгт 326 сая төгрөг гаргасан байна. Мөн Ажлын гурван хэсэг газар дээр нь ажиллан холбогдох арга хэмжээг авчээ.
Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын тушаалын дагуу 2010 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 7 дугаар сарын 3-ны өдөр дуустал Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажилласан тухайгаа Ажлын хэсгийн ахлагч, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дээд дэслэгч М.Энх-Амар танилцууллаа.
Шүлхий өвчний халдвар авсан 1400 орчим малыг устган, булшилж халдваргүйжүүлжээ. Дээрх аймагт малыг вакцинжуулан, үзлэг тандалт хийж, автомашин, зорчигчдыг ариутган халдваргүйжүүлэх цэг байгуулж, малын шилжилт, хөдөлгөөн, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг шалган нэвтрүүлж, байнгын болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна.Шүлхий өвчин тараагч цагаан зээрийн шилжилт хөдөлгөөн их, баруун тийш олноороо нүүдэллэж байгаа тухай малчид ажлын хэсгийнхэнд ярьжээ.Иймээс тархалтыг зогсоох үүднээс Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь аймгийн 7,1 сая малыг вакцинжуулах шаардлагатай гэсэн тооцоог ХХААХҮЯ хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Ажлын хэсгийн танилцуулгыг сонссоны дараа Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд дараах үүрэг, даалгавар өгөв.
Энэ дагуу :
• Сүхбаатар, Дорнод аймгийн төл мал болон вакцинжуулаагүй бог мал, Хэнтий аймаг дахь өвчлөмтгий малыг вакцинд хамруулах
• Хэнтий, Сүхбаатар аймгаас үржлийн бус мал, малын гаралтай түүхий эдийг хот, бусад орон нутагт нийлүүлэхийг зөвшөөрч Дорнод аймгаас гаргахыг хориглох
• Голомтыг устгах, урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан нэмэлт зардлын тооцоог гаргаж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх
• Энэ удаагийн вакцин чанаргүй, дархлаа муу тогтоож байгаа гэсэн малчдын яриаг онцгой анхаарч, нэн даруй мэргэжлийн байгууллагаар шалгуулж дүгнэлт гаргуулах
• Жил бүр хил дамжин гардаг мал, амьтны гоц халдварт өвчний тандалт, судалгааг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт хийх
• Дээрх аймгийн нутаг дэвсгэрт байгаа 10 гаруй мянган цагаан зээрийн шилжилт, хөдөлгөөнийг хянах боллоо.