Европын Холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
2015.06.04

Европын Холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо (ЕХ)-ны хөгжлийн хамтын ажиллагааны 2015-2020 оны хооронд хэрэгжих шинэ хөтөлбөрт гарын үсэг зураг ёслолын ажиллагаа өчигдөр “Шангрилла” зочид буудалд зохион байгуулагдлаа.

Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын Сангийн сайд Ж.Эрдэнэбат, ЕХ-ноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут нар үзэглэсэн бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд ажлын байр бий болгох, эдийн засгийг төрөлжүүлэх замаар тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах чиглэлээр олон төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэж байгаа юм.  

Үүний нэг нь ЕХ-оос  манай  улсад ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх 8.5 сая евро буюу 18.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл  аж.  Засгийн газар, ЕХ-ны хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг үзэглэсний дараа хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээрх тус төслийн  харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол мөн зохион байгуулагдлаа. Тус санамж бичигт Монгол Улсыг төлөөлж, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, ЕХ-г төлөөлж, Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут нар гарын үсэг зурсан юм.

Шинээр эхлэх гэж байгаа энэхүү төсөл нь Монгол Улсын уул уурхайн бус салбар дахь хөдөлмөр эрхлэлтийн чанарыг сайжруулахад чиглэсэн хүртээмжтэй, тоггвортой хөгжлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэх бөгөөд төлөвлөсөн хугацаанд хоёр бүрэлдэхүүн хэсэгтэйгээр хэрэгжих юм байна. Эхнийх нь ажлын байрыг нэмэгдүүлэх /ялангуяа эмзэг бүлгийн иргэдэд түлхүү хандсан/, хөдөлмөрийн зах зээлийн үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагааны чанарыг сайжруулахад нөлөөлөх бодлогыг боловсронгуй болгоход чиглэх аж. 

Харин хоёр дахь хэсэг нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дэх нэмүү өртгийн сүлжээнд илүү олон ажлын байр бий болгох санаачилга, үйл ажиллагааг дэмжих зорилготой юм байна.  Нийтдээ 8.5 сая еврогийн санхүүжилт бүхий төслийг Хөдөлмөрийн яам болон Хүнс, хөдөө аж ахуйн яам Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн болон Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага болон нийгмийн түншүүд, холбогдох бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ гэдгийг албаны хүмүүс тодотгож байсан юм.

Энэ үеэр ЕХ-ны онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Швайсгут “Энэхүү шинэ хөтөлбөр нь Монгол Улс, ЕХ-ны хоорондын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэн өргөжүүлэхэд тодорхой алхам болж байна хэмээн Европын Холбоо харж байна. Өргөн хүрээ хамарсан ажлын байрны боломжийг бий болгоно гэдэг бол Монголд бүхий л хүрээнд ашиг тусаа өгөх хүртээмжтэй хөгжлийн гол түлхүүр юм” хэмээн онцолсон. 

Монгол Улсын Сангийн сайд Ж.Эрдэнэбат, ЕХ-ноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут нар үзэглэсэн бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд ажлын байр бий болгох, эдийн засгийг төрөлжүүлэх замаар тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах чиглэлээр олон төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэж байгаа юм. 

Харин Хөдөлмөрийн сайд С.Чинзориг “ЕХ-оос Монгол Улсад 2015-2020 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлэх төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа. ЕХ-оос Монгол Улсад ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр буцалтгүй тусламжийг үзүүлэхээр болж байна. Нийтдээ 8.2 сая еврогийн санхүүжилттэй төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

Энэ буцалтгүй тусламжийн төсөл нь хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Нэг дэх бүрэлдэхүүн нь хөдөлмөр­лөлтийн байгууллагууд­ыг чадавхижуулах, хөдөлмөр эрх­лэлт­ийн чиглэлээр хууль тогтоомжуудыг боловс­ронгуй болгох, орон нутгийн хөдөлмөрлөлтийн байгууллагуудыг төлөвшүүлэх, бэхжүүлэх чиглэлийн ажлууд хийгдэх юм. 

Хоёр дахь үндсэн бүрэлдэхүүн нь Хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтраад хүнсний ногоо мал аж ахуйн чиглэлээрх нэмүү өртөг бий болгох салбаруудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. Йим хоёр үндсэн хэсэгтэй буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа” гэж тэмдэглэлээ. “Монгол Улсад ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл нь Европын Холбооноос 1994- 1999 онд Монгол Улсад хэрэгжүүлж байсан ТАСИС хөтөлбөрөөс хойш хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа анхны томоохон төсөл гэдгээрээ онцлог байна. 

Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад хөдөлмөрийн зах зээлийн бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийн албадыг бэхжүүлэх, ажилтнуудыг чадавхижуулах, мэдээллийн сүлжээг бий болгож, материаллаг баазыг сайжруулах зэрэг олон чухал арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх  ач холбогдолтой юм байна. Үүний зэрэгцээ орон нутагт нэмүү өртгийн сүлжээ бий болгоход санхүү, арга зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа мөн хэрэгжих аж.