Монголын Даатгагчдын Холбооны Бүх гишүүдийн хурал амжилттай болж өнгөрлөө
Монголын Даатгагчдын Холбоо нь жил бүрийн эхэнд Бүх гишүүдийн хурлаа зохион байгуулж, өнгөрөгч жилийнхээ ололт амжилт, алдаа дутгадлаа хэлэлцдэг. Энэ жилийн хувьд ээлжит Бүх гишүүдийн хурлаа 2015 оны 01 сарын 29-ны өдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн хурал нь Холбооны шинэ Удирдах зөвлөлийн гишүүд болон Ерөнхийлөгчийг сонгох хурал байсан ба өнгөрсөн оны Холбооны ажлын үзүүлэлт, салбарын цаашдын авч хэрэгжүүлэх стратегийн асуудлуудыг хэлэлцлээ. Холбооны дүрмийн дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 1 жил ба дахин 1 жил улиран сонгогдож болдог. Үүний дагуу өнгөрөгч 2013-2014 онд Холбооны Ерөнхийлөгчөөр МИГ Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Бат-Орших ажилласан ба энэ жил Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж, олонхийн саналаар Хөдөө Аж Ахуйн Давхар Даатгал ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Өлзийболд Монголын Даатгагчдын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Холбооны Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд Ард Даатгал ХХК, МИГ Даатгал ХХК, Монгол Даатгал ХХК, Монре Даатгал ХХК, Нэйшнл Лайф Даатгал ХХК, Практикал Даатгал ХХК, Соёмбо Даатгал ХХК, Тэнгэр Даатгал ХХК, ХАА-н Давхар Даатгал ХК -ууд сонгогдож, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд Бодь Даатгал ХХК, Мандал Даатгал ХХК, Мөнх Даатгал ХХК-ууд тус тус сонгогдлоо.
Монголын Даатгагчдын Холбооны шинээр сонгогдсон удирдлагууддаа нийт гишүүн байгууллагуудын нэрийн өмнөөс ажлын өндөр амжилтыг хүсье.