Аливаа улс орон зөв нягтлан бодох бүртгэлийг хэвшүүлэх нь чухал
Япон улсын “Конах” ДС-ийн магистрын тэнхмийн профессор Кавасаки Тэрүюкитэй ярилцлаа. Конах ДС нь мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэдэг сургуулийн нэг юм.
-Японд өнөөдөр нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэнг хэрхэн бэлтгэж байна вэ?
Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэнг Японд мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх гэсэн 2 чиглэлээр бэлтгэдэг. Эдгээр мэргэжлийн зэрэг авахын тулд тусгай шалгалт авдаг. МНБ-ийн шалгалтын 1-р шат нь тест бөглөх, 2-р шатанд зохиомж бичих шалгалт авдаг. Шалгалтад орохын тулд ямар нэгэн нөхцөл шаарддаггүй.
Тухайлбал, ажилласан жил ч юмуу, ямар дээд сургууль төгссөн нь хамаагүй гэсэн үг. Шалгалт өгөөд тэнцсэн бол мэргэшсэн нягтлан бодогч болдог. Харин татварын мэргэшсэн зөвлөхийн шалгалт бол тодорхой нөхцөлтэй. Эдийн засаг, худалдааны чиглэлийн сургууль төгссөн бол 3 жилийн ажлын туршлага, өөр мэргэжлээр төгссөн бол 4 жил ажилласан туршлага шаарддаг.
Манай улсад 10 жилийн өмнөөс мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэдэг сургууль бий болсон. Монголоос ялгаатай тал нь Японд мэргэшсэн нягтлан бодогч, ТМЗ болсон хүнийг л нягтлан бодогч гэж хэлнэ. Гэхдээ МНБ бол аудитын ажил, ТМЗ бол татварын ажлаа л хийнэ.
-Танайд МНБ бэлтгэдэг хичнээн сургууль байдаг вэ?
Мэргэшсэн нягтлан бодогч бэлддэг 13 сургууль байгаа. Ийм сургуулиуд ер нь цөөрсөн. Шалгалтандаа сайн бэлдээд тэнцвэл МНБ болдог учраас энэ сургуульд сурах шаардлагагүй болсон. Харин санхүү менежментийн чиглэлийн сургууль бол 100 гаруй байдаг.
Нягтлан бодох бүртгэлийн тайлан гаргадаг, бүртгэдэг хүнийг бэлтгэдэг сургуулиуд бол бий. Эдгээр сургуулиуд 1-2 жилийн хугацаанд мэргэжил эзэмшүүлдэг. НББ-ийн бүртгэл хөтлөлтийн шалгалт гэж бас байдаг. Энэ нь бас 1, 2, 3-р зэргээрээ ялгаатай. Энэ шалгалтыг мөн хэн ч өгч болно. Мэдээж компаниуд тохирох ажилтнаа авахын тулд ямар зэрэгтэй вэ гэдгээс шалтгаалж авч байгаа.
-Та МНБ бэлтгэдэг сургуулийн багш болохоор Японы МНБИ-ийн гишүүн гэж ойлгож болох уу?
МНБИ-ийн гишүүн бол биш. Практик ажил хийдэг, МНБИ-ийн гишүүн болоод явж байгаа хүн, судлаач хүн гэдэг бол Японд тусдаа ойлголт. Би анх дээд сургууль төгсөөд МНБ-ийн шалгалт өгөх гэж байсан чинь багш, Чи судлаачаар явах гэж байгаа бол энэ шалгалтыг өгөх шаардлагагүй гэж хэлсэн.
Ер нь судлаач хүн МНБИ-ийн гишүүн байж болохгүй ч юм биш л дээ. Судлаачид онолын үзэл бодлоосоо зөрдөг тал байдаг учраас практик, онол гэж хуваагддаг тал байдаг. Манай багш нар дунд МНБИ-ийн гишүүд маш цөөн байдаг.
- “Японы жижиг дунд аж ахуйн нэгжийн НББ-ийг цөм болгон ЖДААН-ийг хөгжүүлэх загвар” сэдвээр мэргэжилтнүүдэд мэдээлэл хийлээ. Таны илтгэлийн хамгийн гол санаа юу вэ?
Жижиг дунд аж ахуйн нэгж /ЖДААН/-ийн захирлууд татвараа төлж л байвал нягтлан бодох бүртгэлд ач холбогдол өгдөггүй. Энэ хандлагыг өөрчлөх үүднээс энэ илтгэлийг тавилаа.
Бизнес хийхэд нягтлан бодох бүртгэл маш чухал. Жишээлбэл, хүн өглөө босоод үс зүсээ янзлахгүйгээр шууд гардаггүй. Түүнтэй ижил бүртгэл ямар байна, түүгээр дамжуулж бизнесийнхээ ямар байгааг олж харна. Өөрөөр хэлбэл, бүртгэлийг харахгүйгээр бизнес цааш явах боломжгүй гэдгийг ойлгуулахыг зорьж байна.
-Байгууллагууд бүртгэл хөтлөхгүй байвал ямар үр дагаварт хүрэх вэ?
ЖДААН-ийн бүртгэл хөтлөлт ойлгомжгүй байгаа учраас тэдэнд зээл авахад хүндрэл бэрхшээл тулгарч байна. Бүртгэл хөтлөлт сайн байвал эдийн засгийн мөнгөний урсгал сайжирч, найдвартай байдлыг бий болгоно.
Иймээс энэ асуудалд төр засаг, судлаачид, хувийн хэвшлийн оролцоо нэгдмэл байх нь их чухал. Үүний гарц нь зөв нягтлан бодох бүртгэл хөтлөлт юм. Тийм ч учраас амьдрал дээр хөтөлж чадахаар стандартыг мөрдөх асуудал чухал.
-Японд ЖДААН-үүд олон улсын стандартыг мөрддөг үү? ЖДААН-д ямар байгууллагууд багтдаг вэ?
Гадаад улс орнууд жижиг дунд аж ахуйн бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлнэ гэсэн зорилготой байгаа. Монгол бас адилхан. Япон улс эхлээд олон улсын жишигт нийцүүлж хөтөлнө гэсэн бодлоготой байсан. Гэтэл бодит амьдрал дээр улс дотроо үйл ажиллагаа явуулж байгаа жижиг аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартын дагуу бүртгэл хөтлөхөд шаардлага бага, зардал их байсан учраас улсдаа өөрийн жижиг дунд аж ахуйн нэгжийн стандартыг бий болгож, түүнийг хэрэгжүүлэхийг зорьж ажиллаж байгаа.
Манайд ерөнхийдөө олон улсын стандартыг заавал мөрдөх ёстой гэж тулгадаггүй. Японд аж ахуйн нэгжүүдийг том, жижиг гэж 2 ангилдаг. 5 тэрбум хөрөнгөтэйг жижиг ААН, 5 тэрбумаас дээшхийг том ААН гэнэ. Компанийн тухай хуулиар том ААН-үүд аудит хийлгэх ёстой. Үүнд олон нийттэй холбоотой компаниуд багтдаг бол бусад нь ЖДААН-д хамаардаг. 2 сая 600 мянган ЖДААН байдаг.
-Таны бодлоор нягтлан бодох бүртгэлийн судалгааны ажлын үр дүн юу вэ?
Зарим хүмүүс эрдэм шинжилгээний хурлыг бодлого боловсруулахад нөлөөлнө гэж үздэг байхад зарим хэсэг нь сонирхлоороо цуглардаг эрдэмтдийн цуглаан гэж үзэх нь ч бий. Би хувьдаа судлаачид шийдвэр гаргахад нөлөөлж чаддаг байх, улмаар зөв бодлого гарч ирж байвал судалгааны ажил үр дүнтэй байна гэж ойлгодог.
-Та Монголд анх удаа ирсэн үү, манай орны талаар ямар сэтгэгдэлтэй байна?
Тийм ээ. Би Монголд анх удаа ирсэн. Монгол ард түмэн байгалтайгаа ойрхон байдаг юм байна. Өчигдөр 13-р зуун цогцолбор, Цонжинболдог үзсэн. Надад их таалагдлаа.
-Ярилцлагын төгсгөлд манай санхүүчдэд хандаж үг хэлнэ үү?
Мэргэшсэн нягтлан бодогчид санхүүгийн тайланг үнэн зөв гаргаснаар найдвартай ил тод байдлыг олон нийтэд болон нийгэмд хангаж өгч байгаа юм. Мэргэжлийн хүмүүсийн оролцоотой залилангийн асуудал сүүлийн үед гарах болсон. Олон жилийн өмнө Энроны хэрэг гэж гарч байсан. Нягтлан бодогчдод мэргэжлийн ур чадвар зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ мэргэжлийн ёс зүй бол хамгийн чухал гэдгийг онцолмоор байна.