Глобын хэрэг юу болов
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ө.Баасанхүү
2015.05.29

Глобын хэрэг юу болов

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны захирал асан Ж.Мэндбаяр өнгөрсөн сард суллагдсаныхаа дараа олон нийтэд хандсан билээ.

Тэрээр төрөөс өөрийнх нь болон хадгаламж зээлийн хоршоодын хөрөнгийг хураахдаа шүүхээс тогтоосон 11.7 тэрбум төгрөгийн хохирлыг хангалттай төлөөд цаана нь үлдэх байсан хөрөнгийг үнэгүйдүүлэн завшиж үрэгдүүлсэн гэж мэдэгдсэн юм.

Тиймээс УИХ-аас дахин ажлын хэсэг байгуулж “Глоб'’-ын гэх хэргийн хохирлыг төлүүлэхээр хийгдсэн шүүхийн шийдвэр биелуулэх ажиллагаанд шалгалт өруулахыг хүссэн өргөдлөө Өргөдлийн байнгын хороонд хүргүүлээд буй. Асуудал ямар шатандаа явааг Ж.Мэндбаяр бөлөн Өргөдлийн байнгын хорооны дарга Ө.Баасанхүү нараас тодрууллаа.

О.Баасанхүү: Ж.Мэндбаярын өргөдлийг прокурорт шилжүүлнэ
-“Глоб кредит” ХЗХ-ны тэргүүн Ж.Мэндбаяр танай байнгын хороонд хандан өргөдөл гаргасан. Судалж, үзсэн үү?

Ирсэн материалтай нь танилцсан. Ер нь бол тэр асуудлыг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн.

-Хуулийн байгууллагад шилжүүлсэн гэсэн үг үү?

Тэнд авлига, өмч хөрөнгөнд халдсан явдал, гэмт хэргийн чанартай асуудлууд байна гэж үзсэн. Тиймээс УИХ ийм асуудлаар хэлэлцэх шаардлагагүй юм. Тиймээс Улсын ерөнхий прокурорт шилжүүлнэ.

Ж.Мэндбаяр: УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй
-Таныг Өргөдлийн байнгын хороонд хандлаа гэсэн. Хариу ирсэн үү?

Хариу өгөөгүй байна. Хэрэв нааштай хариу өгөхгүй бол өөрийнхөө төлөх ёстой мөнгийг хохирогч нарт төлнө. Амьд хүн аргатай. Харин төр хохирлынхоо хойноос явж учраа олох ёстой.

-УИХ-аас дахин ажлын хэсэг гаргахыг хүссэн байх аа?

Тийм. Энэ бол ганцхан Ж.Мэндбаярын биш, дам хохирсон гурван сая иргэний асуудал. Тийм болохоор ажлын хэсэг гаргаад төр өөрийнхөө хөрөнгөд анхаарал тавиач гэж хэлмээр байна.

Шүүхээр шийдэгдсэн асуудалд бид оролцох ёсгүй гэж Бурмаа гишүүнээс хариу ирсэн байдаг. Би өөр асуудал ярьж байна. УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Тиймээс хохирол барагдуулах хуулийг яаж хэрэгжүүлсэн бэ гэдэгт хяналт тавих ёстой.

-Таны хөрөнгийг шүүхээс үнэгүйдүүлсэн төрийн албан тушаалтныг шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байсан. Үнэн үү?

Шалгаж байгаа зүйл алга. Хохирогчдын гомдлыг шүүхээс хэрэгсэхгүй болгочихсон. Тийм болохоор АТГ, цагдаад өгөх шаардлагагүй.