Махны худалдааны гэрээ хэрэгжих үндэстэй
ХХАА-н дэд сайд Б.Батзориг Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын ХХААЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дэд дарга Нүин Ань Минь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэ оны 3-р сард Вьетнам улс мах экспортлох хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд үүнийхээ дагуу манай 6 аймгийн 21 махны үйлдвэрт тандалт, эрсдлийн үнэлгээ хийж ажиллажээ.
Уулзалтын эхэнд дэд сайд Б.Батзориг Монгол улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлоход мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухайд хоёр улсын яам хоорондын протокол байгуулсан. Тээвэрлэлтийн тухайд дамжин өнгөрүүлэх үеийн асуудлыг Хятадын талтай тохироход хамтран ажиллана гэж ойлгож байна хэмээлээ.
Харин Вьетнамын төлөөлөгч Нүин Ань Минь “Монгол улсын холбогдох газрын мэргэжилтнүүдийг оролцуулан мах ,махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 21 компаний үйл ажиллагаанд тандалт, эрсдлийн үнэлгээ хийж ажиллалаа. Хоёр орны худалдааны нэг жилийн эргэлт 16 сая доллар байсан бол сүүлийн жилүүдэд өсч 20 саяд хүрсэн бөгөөд махны худалдааны гэрээ хэрэгжих бүрэн үндэстэй гэж үзэж байна. Вьетнам улс жилдээ 100 000 тонн орчим мах импортоор авдаг” гэв.
Ирэх 8-р сард Монгол, Вьетнам хоёр орны Засгийн газар хоорондын 16 дугаар хуралдаан Улаанбаатар хотод болох бөгөөд тэр үеэр махны экспортын асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.