ХАА-н биржийн Зохицуулах зөвлөлийн даргаар дэд сайд Б.Батзориг сонгогджээ
Өчигдөр Хөдөө аж ахуйн биржийн Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан болж, зөвлөлийн даргаа сонголоо.
Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолоор Биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батласан бөгөөд төрийн захиргааны төв байгууллагын 6, төрийн бус байгууллагын 7 төлөөллөөс бүрддэг юм байна. Шийдлийн Засгийн газар байгуулагдснаас хойш зөвлөл анх удаа хуралдаж байгаа бөгөөд хуралд оролцогсдын 100 хувийн саналаар ХХАА-н дэд сайд Б.Батзоригийг зөвлөлийн даргаар сонголоо.
Хөдөө аж ахуйн биржийн Зохицуулах зөвлөл нь ХАА-н биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэл өгөх, биржийн арилжааны зах зээлд оролцогчдын үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулах, биржийн үйл ажиллагааны чиглэлээр зөвлөмж дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий байгууллага юм.
Ээлжит хуралдаанаараа Хөдөө аж ахуйн биржийн тухай хуульд зааснаар үйл ажиллагааны ерөнхий журмын төсөлд гишүүд өөрсдийн саналаа тусгаж, хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргалаа.
Өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйн Бирж нийт 388 удаагийн арилжаа зохион байгуулж, 12 351.3 тонн хонины ноос- 20.8 тэрбум, 2 126.4 тонн тэмээний ноос – 10.6 тэрбум, 16 026.5 тонн ноолуур 1 их наяд 78 тэрбум , 27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 2 460.3 тонн ямааны завод ноос – 54.9 тэрбум, 43 тонн тэмээний завод ноос – 107.5 сая төгрөгөөр, 1 165.9 тонн хонины завод ноос 1.4 тэрбум төгрөгөөр, 12 толгой хонь – 1 сая төгрөгөөр, 500 тонн хүнсний буудай 273.4 сая төгрөгөөр тус тус арилжиж нийт 1 их наяд 188 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.
Өнөөдөр ХАА-н бирж дээр 9 төрлийн ноолуур, тэмээний ноос 8 төрөл, хонины ноос 6 төрөл, тосны ургамал 2 төрөл, ямааны завод ноос 2 төрлөөр, тэмээний завод ноос 1 төрлөөр, хонины завод ноос 1 төрлөөр, мал 1 төрлөөр, хүнсний буудай 1 төрлөөр тус тус арилжигдаад байна.