Үндэсний үйлдвэрлэгчид үйлчлүүлэгч олонтой байна
“Эх орны хүнс-Эрүүл хүнс” өдөрлөг
2015.05.27

Үндэсний үйлдвэрлэгчид үйлчлүүлэгч олонтой байна

Эрх чөлөөний талбай өчигдөр үндэсний үйлдвэрлэгч компани, үндэсний бүтээгдэхүүн хэрэглэгч, сонирхогчоор дүүрэн байлаа.

Учир нь “Атар өргөө”, “Очир Дагинас”, “Талх Чихэр”, “Жигд хүч”, “Ногоон сор”, “Батбайгаль”, хуванцарын үйлдвэрлэлийн “Монвеком” зэрэг компанийн төлөөлөгч, менежерүүд иргэдэд  бүтээгдэхүүнээ ямар шат дамжлага, технологоор үйлдвэрлэдэг тухайгаа танилцуулж, бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байсан юм.

Тухайлбал, “Түмэн шувуут” компани өндгөө ширхэгийг нь 230 төгрөгөөр борлуулж байсан бол “Очир Дагинас” хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр бүтээгдэхүүнээ цагийн хуваариар үйлдвэрийн үнэ болон, түүнээс хямдарсан үнээр худалдаалж байв.

Түүнчлэн “Атар Өргөө”, “Сүү” хувьцаат компанийн нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр нь худалдан авах гэсэн иргэд дугаарлаж харагдсан. ХХААЯ, МХЕГ-тай хамтран зохион байгуулж буй “Эх орны хүнс-Эрүүл хүнс” үндэсний үйлдвэрлэгчдийн гурван өдөр үргэлжлэх өдөрлөг нээлтээ хийгээд байгаа нь энэ.

Нээлтийн үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа “Үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтран зохион байгуулж буй өдөрлөг амжилттай үргэлжилж байна. Яамны зүгээс Органик хүнс- ний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Уг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа хүмүүс гурван өдрийн өдөрлөгт оролцож, үндэсний үйлдвэрлэлийн талаарх хэрэглэгчдийн санал хүсэлтийг авч, төсөлдөө тусгана.

Үндэсний үйлдвэрлэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, одоогийн байдлаар дотоодын хүнсний хэрэгцээний 50 орчим хувийг  эх орны үйлдвэрлэгчид хангаж байгаа гэх тоо бий” гэсэн юм.

Өдөрлөгийн үеэр МХЕГ- ын улсын байцаагчид эрүүл органик бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ, иргэд болоод худалдааны төвүүдэд байх ёстой аппарат хэрэгслийн тухай зөвлөмж өгч байлаа.