Бид ирээдүйн баялаг бүтээгчид
Өнгөрөгч баасан гаригт Монголын Хүүхдийн ордонд “Өсвөр насны охид, хөвгүүд-ирээдүйн баялаг бүтээгч” нэртэй хүүхдийн анхдугаар чуулган боллоо.
Энэхүү чуулган нь Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх бүтээлч ажлын нэг бөгөөд дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулжээ.
Ахлах ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ирээдүйд яаж баялаг бүтээгч болох, хөдөлмөрт бэлтгэх болон харилцааны соёлын талаар мэдээлэл өгч, тэдний мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилготой тус чуулганд дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д-.Бадарсан, ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил асуудал хариуцсан орлогч Л.Нармандах тэргүүтэй албаныхан болон Ерөнхий боловсролын сургуулийн 11,12 дугаар ангийн сурагчид оролцсон юм. “Өсвөр насны охид, хөвгүүд- ирээдүйн баялаг бүтээгч” чуулганыг нээж Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан “Өсвөр насны охид, хөвгүүд-Ирээдүйн баялаг бүтээгч" сэдвээр илтгэл тавилаа.
Илтгэлд баялаг гэж юу вэ, баялаг бүтээгч гэж хэнийг хэлэх вэ, ирээдүйн баялаг бүтээгч ямар боловсрол, мэдлэгтэй байвал зохих вэ, Сүхбаатар дүүргийн хувьд ирээдүйн баялаг бүтээгчийг бэлтгэхийн тулд боловсролын салбарт сургууль, цэцэрлэгт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын тухай танилцуулсан нь хүүхдүүдэд сонирхолтой байлаа. Мөн дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил асуудал хариуцсан орлогч Л.Нармандах “Өнөөдрийн арга хэмжээний гол хүмүүс нь хүүхдүүд та бүхэн. Ирээдүйн баялаг бүтээгчдийн төлөөлөл болсон ,700 хүүхэд чуулж байгаад баяр хүргэе.
Өсвөрийн охид хөвгүүд бүгд ирээдүйн баялаг бүтээгчид юм шүү дээ. Эрдэм мэдлэгтэй, эх орныхоо хөгжлийн ирээдүйн жолоодогч нар нь хүүхдүүд та бүхэн. Тийм учраас өөрсдийн гэсэн хүсэл, зорилгынхоо төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Том зорилготой бай, түүндээ хүрэхийн төлөө ямар нэгэн алхам хий. Тэгвэл чи ирээдүйн баялаг бүтээгчдийн нэг нь болно” гэдгийн хүүхдүүдэд хэллээ.
Түүнчлэн сурагч хүүхдүүдэд мэргэжлээ хэрхэн зөв сонгох, хөдөлмөрт бэлтгэх, харилцааны соёлын талаар, СОССАЗЗ-ийн дэргэдэх ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын Парламентийн мэтгэлцээний клубийн гишүүн сурагчид “Үгийн хүч”, “Бидний мэргэжил баялгийг бүтээнэ”, “Төр,нийгмийн түншлэл", “Ажил мэргэжлийн ангилал” гэсэн сэдвийн хүрээнд сонирхолтой илтгэл тавьсан юм.
Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Лаборатори I дунд сургуулийн 10Г ангийн сурагч Г.Оюунтуул энэ чуулганд “Үгийн үнэ цэнэ” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ “Сүүлийн үед үе тэнгийн найзууд маань эцэг эх, багш нар, найзуудтайгаа элдэв асуудлаар сөргөөцөлдөх нь ихэсч байгаа юм шиг санагдаж байна. Үгээр хүнийг үхүүлж болно аварч ч болно гэдэг дээ. Тиймээс биендээ хүндэтгэлтэй хандаж “Уучлаарай, баярлалаа” гэдэг үгийг байнга хэрэглэж заншихыг найзуудаасаа хүсч байна” гэж уриалж байлаа.
Мөн чуулганаас гадна ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид технологийн хичээл дээр бүтээсэн өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн дэлгэжээ. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас боловсролын салбартаа нэлээд хөрөнгө оруулалт хийдэг. Тухайлбал, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр сургуулиудад эрэгтэй сурагчдын технологийн хичээлийн Юнимат төхөөрөмж, эмэгтэй сурагчдын иж бүрэн тоног төхөөрөмж бүхий технологийн танхим тохижуулж өгсөн байдаг.
Үүний үр дүнгийн тайлан болох юнимат төхөөрөмжөөр хийсэн сийлбэр, тоглоом болон гар сийлбэр, 30 зураг, уран зураг, хүүхдийн бойтог, тавчик, баривч, бүх төрлийн гар урлал гэх мэт сурагчдын хийсэн бүтээлүүд олны нүдийг хужирлаж байв. Энэ бол хүүхдүүдийн хийсэн өөрсдийнх нь бүтээл-баялаг юм.