Л.Гантөмөр: “Монгол гэр” төслийг санаачлагчдад баярлалаа
2015.05.29

Л.Гантөмөр: “Монгол гэр” төслийг санаачлагчдад баярлалаа

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Монгол гэр” төслийг санаачлагч Улаанбаатар Шэйпэрс нийгэмлэгийн залууст баяр хүргэлээ.

Тус нийгэмлэгийнхэн улс үндэстнийхээ нандин сайхан уламжлалыг бэхжүүлэн, хойч үедээ өвлүүлэн үлдээж, Ерөнхий боловсролын сургуулийн заавал судлах хичээлийн хөтөлбөрт Монгол гэрээ барьж сурах агуулгыг оруулж, шаардлагатай загвар гэрүүдийг худалдан авах санхүүжилтийг олох зорилготой энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.

Чингисийн талбайд болсон нээлтийн үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр барьж, цугласан хүмүүсийн дунд Монгол гэр барих уралдаан болсон юм. БСШУ-ны сайд Л.Гантөмөр хэлсэн үгэндээ “Монгол гэр төслийг санаачлагч Г.Бат-Эрдэнэд баяр хүргэе. Монгол өв соёл, Монгол ахуйгаа хадгалж үлдэх сайхан санаачилга гаргасанд талархаж байна.

Энэ нийгэмлэгт дандаа гадаадад сургуульд төгссөн 30 хүртэл насны залуучууд байна.

Энэ нийгэмлэгт дандаа гадаадад сургуульд төгссөн 30 хүртэл насны залуучууд байна. Ихэнх хүмүүс гадаадад сургууль төгссөн хүмүүсийг Монгол ёс, заншлаа мэддэггүй, Монголоо алдсан гэж ярьдаг. Гэтэл үнэндээ тэд Монголоо илүү их хайрладаг болоод ирдэг юм болов уу гэж би боддог. Бид боловсролын салбарт чанарын шинэчлэл хийж, бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэхдээ хүүхэд бүр зөв Монгол хүн болж төлөвших үйл явцыг чухалчилсан. Үүнд Монгол ёс заншлаа мэдэх, хадгалж, өвлүүлж үлдээх цөм багтаж байгаа.

Намайг хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгүүдэд очиход бүгд сургууль дотроо жижиг гэр барьчихсан байсан. Хүүхдүүд тэр гэрээ буулгаж, барих Монгол гэрийн талаар бүх л зүйлийг мэддэг болсон байсан.

Тиймээс Улаанбаатар Шэйпэрс нийгэмлэгийн энэ ажлыг цаашид дэмжиж ажиллах болно.” гэдгийг онцолсон юм.

“Монгол гэр” төслийг Оюу толгой компани дэмжин ажиллаж, нийслэлийн 60 сургуульд Монгол гэр хандивлахаар болсноо мөн энэ үеэр дуулгалаа гэж БСШУЯ-аас мэдээллээ.