Ж.Эрдэнэбат: Эдийн засгаа өөрсдөө эрүүлжүүлж чадвал "Стэнд бай" хөтөлбөр авах шаардлагагүй
УИХ-ын гишүүн, Сангиин сайд Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.
-УИХ-аар төсвийн холбогдолтой хуулиудаа нэг мөр цэгцэлчихлээ гэж ойлгоод байгаа. Хамгийн сүүлд гэхэд Өрийн удирдлагын тухай хуулийг УИХ баталсан?
Манай орны өрийн асуудал бүх хүний анхаарлын төвд орсон. Чуулганаар Өрийн удирдлагын тухай хуулиа батлан гаргасан. Хуулиараа өрийн удирдлагын стратегийг боловсруулан батлуулах заалттай. Энэ хүрээнд 2016 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны Төсвийн төсөөлөлтэй хамт Өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийг Их хурлаар батлууллаа.
Өнөөдөр Монгол Улс хэдий хэмжээний өртэй болчихов, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагууд ямар өртэй байгаа вэ гэдгээ эхний ээлжинд мэдэж авах ёстой л доо. Мөн эдгээр өр нь богино, урт хугацааны өр юм уу, хөнгөлөлттэй зээл юм уу, бизнесийнхний өр хэдэн хувийг нь эзэлж байгаа вэ. Уг өрийг эргэн төлөхөд Монгол Улсад хэдий хэмжээний валют шаардлагатай юм гэх мэтчилэн бүхий л эдийн засгийн тооцооллыг хийсэн бодлогын шинж чанартай баримт бичгийг баталлаа.
Сүүлийн хэдэн жил эдийн засгийн өсөлт байнгын бууралттай байгаа. Бодит нөхцөлд эдийн засаг өсөлттэй байгаа юм гэсэн статистик тоон мэдээлэл байдаг боловч энэ нь өгөөж багатай байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор төсөв мөнгөний хүрээнд зайлшгүй хийх шаардлагатай ажлууд бий. Төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн төлөвлөлтийг аль болох эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулах зайлшгүй шаардлага тулгарсан гэдгийг УИХ-ын гишүүдэд ойлгуулсан.
-Эдийн засагт нааштай хариу дуулдах нь уу. Хэрэв тийм бол хэзээнээс эдийн засаг өнгө төрхеө олох вэ?
ӨнөөдрийГ хүртэл эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй дүр зурагтай явж байгааг гадны санхүүгийн байгууллагууд ч гэсэн хэлж байна. Манай орны зээлжих зэрэглэлийг тодорхойлж байдаг байгууллагууд тийм гэгээлэг дүгнэлтийг өгөхгүй байгаа.
Цаашид энэ байдлаасаа хэрхэн гарах вэ гэдэг дээр Монгол Улсын Засгийн газар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж Их хурлаар батлуулсан. Хөтөлбөрийн хүрээнд төсөв мөнгөний бодлогын ажлуудыг зохион байгуулж байна.
Сүүлийн хоёр гурван жил ярианы сэдэв болоод байсан Монгол Улс хоёр гурван төсөвтэй боллоо. Төсөв ямар нэгэн хяналтгүйгээр явагдаж байна. Хянах бололцоо алга гэдэг байлаа. Мөн төсвийн хувьд хөрөнгө оруулалтын хөрөнгийн шинж чанартай зардлынхаа үйл ажиллагааг санхүүжүүлэх бололцоогүй болсон.
Дээр нь маш их хэмжээний алдагдал хүлээж үүнээс хамаараад Монгол Улсын өрийн хэмжээг жилд нэгээс доошгүй их наяд төгрөгөөр нэмэгдүүлж ирснийг засч залруулах бодлогын хүрээнд тодорхой ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Энэ жил улсын төсөв дээр нэлээд хэмжээний тасалдал үүсэх нөхцөл байдал бий болчихсон.
-Яг ямар ямар салбарт тасалдал үүсэх юм бэ?
Эдийн засаг өөрөө бүхий л салбарын үйл ажиллагаанд доголдол үүсгээд ирэхээр тэр хэмжээндээ бууралтыг бий болгож байгаа юм. Ялангуяа өнөөдөр барилгын салбар маш хүнд байна. Мөн уул уурхайн салбар хүнд байгаа. Эдгээр салбаруудаас шалтгаалан төсвийн тасалдал үүсэх нөхцөл бүрдчихээд байна. Уул уурхайн салбарын голлох экспортын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд уналттай байгаатай холбоотойгоор төсвийн тасалдал үүсэх нь тодорхой болчихсон. Эдийн засагт хатуу бодлого хэрэгжүүлж байгаагаас шалтгаалан хумигдаж эхэлсэн.
Гаалиар орж ирж буй бараа бүтээгдэхүүний хэмжээнээс харахад өмнөх үеэс 30 орчим хувиар бууж байх жишээтэй. Тэгэхээр нэг талдаа бизнесийнхний нөгөө талдаа иргэдийн хэрэглээ багасч байна гэсэн үг. Төсвийн орлогыг бүрдүүлдэг гааль, татварын байгууллага бий. Нэг гол хүчин зүйл болох гаалийн орлого багасч байгаа нь тасалдал үүсэх нэг нөхцөл болж байна. Энэ нь эдийн засагт сөрөг үр дагаврыг авчирч байгаа юм.
-Саяхан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай оронд айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдлээ гэдгийг мэдэгдсэн. Мөн Оюу толгойн далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Оюу толгойгоор энэ онд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ гэж байна. Үүнээс шалтгаалан ам.долларын ханш бууж эхэллээ. Эдийн засагт нөлөөлөл хэр үзүүлэх вэ?
Монгол Улс импортлогч орон. Маш олон зүйлийг импортоор авдаг. Цаашид Засгийн газрын зүгээс үйлдвэрлэгч орон болох тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Бидний хэрэглээний ихэнх зүйлүүд импортоор орж ирдэг тул валютын ханш гэдэг зүйл нэлээд том давалгааг бий болгож байдаг.
Валютын ханшаа тогтворжуулах, боломж гарвал валютын ханшийг сулруулж төгрөгийн ханшийг чангаруулах нь үе үеийн Засгийн газрын барих бодлогын нэг байдаг юм. Ямартаа ч 2000 төгрөг давчих гээд байсан ам.долларыг 70- 80 төгрөгөөр буулгаж чадлаа.
Энэ нь олон улсын зах зээл дээр байгаа орнуудын нэр хүндийн асуудал юм л даа. Оюу толгойн далд уурхайн үйл ажиллагааг хөдөлгөсөн нь валютын ханшид нөлөөлсөн. Өмнө нь БНХАУ-ын дарга ирээд зээлийн шугамаа нээсэн. Харин зээлийн ашиглалтыг түргэтгэх тал дээр Засгийн газар шуурхай ажиллаж байгаа.
Сая Энэтхэгийн Ерөнхий сайд ирэхдээ зээлийн шугамыг нээж өглөө. Бид эхний ээлжинд урд хөршийнхөө зээлийн шугамаар орж ирэх төсөл хөтөлбөрүүд дээрээ шийдвэрүүдээгаргаадявж байна. Монгол Улсад үр өгөөжөө өгөх зүйл дээр урт хугацаатай зээлүүдийг авч ашиглах нь хамгийн найдвартай. Бид арилжааны өндөр хүүтэй бага хугацаанд эргүүлэн төлөх зээлийг эдийн засагтаа оруулснаас байдал хүндэрчихлээ.
Бид валютынхаа орох урсгал дээр нэлээд том эрсдлийг хүлээсэн. Жишээлбэл, шууд хөрөнгө оруулалтын хувьд хасах руугаа орж байна. Үүнийг дагаад валютын орох урсгал хасах руугаа шилжлээ гэсэн үг. Нөгөө хэсэг болох экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ унаад байнаа гэдэг чинь үүнийг дагаад валютын урсгал буурна гэсэн үг.
Дараагийн валютын урсгал орж ирэх нэг зам нь зээл байдаг. Зээлийн асуудал дээр аль аль талдаа үйл ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай. Дэлхийн зах зээлийн үнийг Монгол удирдана гэж байхгүй болохоор экспортын бүтээгдэхүүний үнээс хамааран валютын урсгалыг нэмэгдүүлнэ гэдэг хүндрэлтэй асуудал. Гэхдээ манай бизнесийнхэн нэлээд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа. Статистикийн мэдээллээс харахад орж байгаа валютын урсгал нэмэгдэхгүй байгаа ч манай орны үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний биет хэмжээ өсч байна.
-Оюу толгой хөдөллөө. Харин Таван толгой яах бол?
Улс орондоо ашигтай хувилбараар Таван толгойг явуулах л ёстой. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл үзүүлчихгүй, эдийн засагтаа тодорхой хэмжээний нэмэр болох бололцоотой бол явуулах нь зөв. Нэг зүйлийг хэлэхэд бүх зүйлийг эсэргүүцдэг хүмүүс байна. Хийж байгаа зүйл сайн ч бай, муу ч бай ерөөсөө л эсэргүүцэх ёстой гэдэг байр сууринаас хандагчид байгаа. Монгол Улс хөгжлийнхөө эхний шатанд ирчихлээ.
Тийм болохоор уул уурхайн томоохон төслүүдээ эхний ээлжинд ашиглаад тэндээсээ эдийн засгаа солонгоруулах зүйлийг хийх ёстой. Тэгэхгүйгээр өөр байдлаар мөнгө босгох зүйл байна уу гэвэл тэр нь зээл. Байнга зээл авч өр төлбөр тавина гэдэг мэдээж хүнд асуудал. Томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж байнаа гэдэг чинь нэг талдаа эдийн засгаа солонгоруулах зүйлийг хийж байна гэсэн үг.
-Эдийн засаг хэзээ сайжрах вэ. Өнөөдөр хямарсан, хүндэрсэн гэж олон өөр тайлбар хийж байна?
Эдийн засгийн хувьд муудах тал руугаа орсон байсныг ямартаа ч энэ Засгийн газар тогтоон барьж чадсан. Энэ бол хамгийн том амжилт. “Эдийн засгийн өсөлт 7.8 хувь байхад чи эдийн засгийг муу гэж хэллээ” гэсэн хүмүүс байна.
-Гэхдээ 7.8 хувийн өсөлт гэдэг чинь Азидаа л толгой цохиж байгаа гэсэн үү?
Азидаа битгий хэл өндөр үзүүлэлт л дээ. Гэхдээ эдийн засгийн өсөлт 7.8 хувь байхад ард түмний амьдрал сайжирч байна уу. Тэгэхээр эдийн засгийн өсөлт маань бодит амьдрал дээр өгөөжөө өгч байна уу гэдгээс шалтгаалах ёстой. Түүнээс тоогоороо эдийн засаг 70 хувь ч өсч болно. Энэ өсөлтийн өгөөж нь ард түмний амьдралд, татварт, төсөвт үзүүлэх нөлөөлөл нь өндөр байх хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт нь 2-3 хувийн өсөлттэй орнууд олон бий.
Манай улс 11 тэрбум ам.долларын жижигхэн эдийн засагтай. Үндсэндээ дэлхийн дундаж компанийн жилийн борлуулалтын орлого гэсэн үг. Тэгэхээр энэ эдийн засаг жижигхэн болохоор өсөлт нь өндөр гарсан ч нөлөөлөл нь бага болчихоод байгаа юм. Бид гуравхан сая хүнийхээ хэрэгцээг хангах бодлого боловсруулах ёсгүй байхгүй юу. Манай орны хувьд хоёр хөршийн маш том зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангадаг үйлдвэрлэл байгуулах ёстой. Т эгэхгүй бол худалдан авагчгүй зах зээл ямар ч ирээдүйгүй. Гуравхан сая хүний хэрэгцээг хангах эдийн засагтай байгаад байх юм бол Монгол Улс хөгжихөд хэцүү.
-“Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой гэж байгаа тухайд...
Олон улсын валютын сангийн санхүүжилттэй, санхүүжилтгүй хөтөлбөрүүд байдаг. Санхүүжилтгүй хөтөлбөр аваад тэг ингэ гэдгээ хүнээр заалгаж, бүх зүйлээ хориулж, хянуулж, тануулаад явна гэвэл хэцүү. Санхүүжилттэй хөтөлбөр авъя гэхээр ямар нэгэн байдлаар манай эдийн засгийн бодлогод оролцохын хувьд оролцож тодорхой шаардлагуудыг тавина. Санхүүжилттэй хөтөлбөр авна гэвэл Монгол Улс дахиад нэг өр авч байна гэсэн үг. Зарим хүмүүсийн зүгээс нэг тэрбум 500 сая доллар орж ирэх байсан юм гэх мэтээр янз бүр байна.
Эцсийн бүлэгтээ энэ чинь . нэг талдаа өр байхгүй юу. Нөгөө талдаа бид олон санхүүгийн байгууллагуудтай хамтардаг. Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас өөрсдийн дүгнэлтийг өгч ийм зүйлсийг хийж хэрэгжүүлэх шаардлагатай гэдгээ гаргаж өгдөг. Эдгээр байгууллагуудын санал дүгнэлт дээр үндэслээд тодорхой хэмжээний бодлогоо боловсруулаад явж байгаа. Эрдэнэбат гэдэг хүн биеийнхээ амрыг бодсон бол хөтөлбөр авъя гээд явах байлаа. Хэрэв тэгсэн бол зээл аваад төсвийнхөө алдагдлыг ямар ч асуудалгүй санхүүжүүлээд явах боломж байна. Энэ хөтөлбөрийг авснаар төсөвт ирэх ачаалал хөнгөрөх ч гэсэн эдийн засагт тодорхой хэмжээний хатуу бодлого хэрэгжих шаардлага гардаг.
Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчид хамгийн ихээр сөрөг нөлөөлдөг. Хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засаг агшиж, валютын ханшийг сул тавих шаардлага тавина. Ингэснээр гадны хөрөнгө , оруулалт тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Гэхдээ үндэсний үйлдвэрлэгчид маш хүнд байдалд ордог. Биеийнхээ үндэсний үйлдвэрлэгчдэдээ хатуу бодлого бариад явах уу эсвэл үндэсний үйлдвэрлэлээ тодорхой хэмжээнд дэмжээд төсвийнхөө зардлыг бууруулаад явах нь зөв үү л гэдэг сонголт байсан.
Ямартаа ч үндэсний үйлдвэрлэл тодорхой хэмжээнд сэргэх хандлагууд гарч ирж байна. Өнөөдрийн хувьд маш хатуу мөнгөний бодлого явагдаж байгаа. Төсөв дээр хэмнэж болох бүхий л зардлуудаа тэвчиж хэмнэлтийн горимд шилжсэн. Аль болох өөрсдөө эдийн засгаа эрүүлжүүлэх бодит нөхцөл байдал дээр нь аваачиж үзье гэж байгаа юм. Ингэж яваад эдийн засагт нааштай үр дүн үзүүлбэл бид заавал “Стэнд бай” хөтөлбөр авах шаардлагагүй.
-Хөгжлийн банкны захирлын талаар нэлээдгүй таагүй мэдээлэл цацагдах болж. Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг солих гэж байгаа гэсэн. Үнэн үү?
Хөгжлийн банкны асуудлыг Ерөнхий сайд хариуцдаг.