Санхүүгийн салбарын "Үндсэн хууль"-аа мөрдөх ёстой
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2015.05.25

Санхүүгийн салбарын "Үндсэн хууль"-аа мөрдөх ёстой

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийх үеэрээ Оюутолгой хөрөнгө оруулагчидтай тохиролцоонд хүрч, далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Эдийн засгийн хямралтай үед мега төслүүдийг яаралтай шийдэж байгаад иргэдийн зүгээс талархалтай хандаж байна. Таны хувьд энэхүү асуудалд ямар байр суурьтай байна вэ?

Оюутолгой төслийн хоёрдугаар ээлж буюу далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийн төлөө байгааг нь дэмжиж байна. Гэхдээ шийдсэн арга, шийдэгдсэн асуудлын хувьд ул суурьтай авч үзэх ёстой. Миний хувьд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн “Улстөрчид одоо Оюутолгойг орхих цаг ирснийг сануулж байна” гэсэнтэй санал нийлэхгүй байгаа. Мега төслийг хэрэгжүүлэх асуудал шийдэгдэж байхад түүний эерэг, сөрөг үр дагавар нь ямар байх вэ, үр өгөөж нь юу вэ гэдгийг огт ярихгүй байж болохгүй.

Тэр тусмаа, төслийн нэгдүгээр ээлжийн санхүүжилтийн, үйл ажиллагааны талаар ойлгомжгүй асуудал олон гарсан. Хоёр тал хоорондоо тохиролцох асуудал олон байгаа. Иймд үед бүх асуудлыг харанхуйгаар шийднэ гэдэг байж болохгүй зүйл. Асуудлыг шийдэж, мега төслийн хоёрдугаар ээлжийг гараанаас гаргах гэж байгаа нь сайн, яаж шийдсэн гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Үнэхээр үр ашигтай шийдэж чадсан уу. Надад байгаа анхны мэдээллээр эргэлзээтэй зүйл олон байна.

-Ерөнхий сайд энэхүү асуудлыг улстөржүүлж болохгүй гэдэг үүднээс хэлсэн байх?

Улс төрийн хийрхэл, улс төрийн оноо авах гэсэн энэ хандлагаа өөрчилье гэж хэллээ гэж би ойлгосон. Түүнээс биш УИХ-ын дээр энэхүү асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөх асуудлыг хэлээгүй гэж найдаж байна. Оюутолгойн асуудлыг огт ярихгүй гэж хэлээгүй байх. Ажил хэрэгчээр асуудалд хандах нь нээлттэй байх ёстой.

-Төлөвлөгөөнд эргэлзээтэй олон асуудал байна гэлээ. Ямар асуудал байгаа юм бол?

Ерөнхий сайд Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөг албан ёсоор ирүүлээгүй байна. Санхүүжилтийн асуудалд анхаарах асуудал бий. Эхний шатны хөрөнгө оруулалтыг баталгаажуулах, Оюутолгойн өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланг баталгаажуулах болон цаашид хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг босгох зэрэг асуудал байна. Өмнө нь хийсэн бүх ажлыг үгүйсгээд, асуудлыг шийднэ гэдэг бол байж болохгүй зүйл.

-Өмнө нь хийсэн бүх ажил гэдэг нь шинэчлэлийн Засгийн газрын  үед Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай тохиролцоонд хүрээд байсан асуудал мөн үү?

Эхний үе шатны хөрөнгө оруулалтыг дүгнэе. Яагаад ТЭЗҮ-ийн зардал их хэмжээгээр хэтрэв, яагаад санхүүжилт дунд нотлогдоогүй зардал байгаа вэ, үүнийг Монголын тал яагаад зээл болгож хүлээж авах ёстой юм зэрэг олон асуудал шийдэгдээгүй байна.

Тухайлбал, хоёр тэрбум- ам.долларын хөрөнгө оруулалт баталгаажиж чадахгүй байгаа. Үүнийг ялгаж, салгасны дараа далд уурхайн санхүүжилтийн асуудлыг шийдэх  ёстой. Хэрвээ өмнө нь байсан энэхүү асуудлууд шийдэгдэхгүй гэж байгаа бол миний хувьд санал нийлэхгүй.

-Энэхүү тохиролцоогоор Оюутолгой уурхай дээр хийх бүх зардлыг Монгол Улс хянаж байх бүрэн боломжтой болсон. Мөн Оюутолгойн ашгаас манай улс 53 хувийг нь авах болсон зэрэг олон давуу тал манайд байгаа юм биш үү?

Бүх эдийн засгийн үндэслэл, тооцоогоо гишүүдэд тараана гэсэн. Одоогоор бидний гар дээр ирээгүй байгаа учир тааж хэлэх боломжгүй. Оюутолгой төслийн нэгдүгээр ээлжийн ашгийн 70 гаруй хувь Монгол Улсын талд хэмээн ярьж байсан шүү дээ. Албан ёсны баримтыг үзэж байж дүгнэлт хийх ёстой.

-Эдийн засгийн хямралтай үед мега төслүүдээ яаралтай хөдөлгөх нь зөв гэсэн байр суурьтай хүмүүс байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

Засгийн газрын зээлд бүртгэхгүй гэж байгаа бол засгаар дамжуулж зээл авах хэрэггүй Мега төслүүдээ аль ч үед хэрэгжүүлэх нь зөв. Гэхдээ ямар үр ашигтайгаар явуулах гэж байгааг л анхаарах ёстой. Улс орны эдийн засгийн хүнд сорилттой байгаа энэ үед ийм том асуудлыг шийдэхэд эрсдэл гарах магадлал өндөр байдаг.

Яагаад гэвэл хэрэгцээ, шаардлагадаа хөтлөгдөөд хөрөнгө оруулагчдын талд буулт хийсэн байдлаар хандах ийм байдал гардаг. Тиймээс туйлын нухацтай хандах ёстой. Үр ашигтай, төр засгийн бодлогын дагуу явж байгаа, эсэхэд хяналт тавина. Хүнд аливаа зүйлээ гуйж зарахад өндөр ашиг авч чадах уу. Энэ бол энгийн логик.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “арван тэрбум ам.долларын эдийн засагтай Монгол Улс долоохон хоногийн дотор найман тэрбумтай болж байна” гэсэн. Харин үүнийг олон нийт хямралаас гарах боломж хэмээн харж байна.

Би тэгж бодохгүй байна. Шууд шийдэгдэх боломжгүй л дээ. Харин ийм боломж байна гэдгийг тодорхойллоо гэж ойлгож байгаа. Боломжийг ашиглах хүртэл нэлээд хугацаа хэрэгтэй. Энэхүү боломжийг ашиглахад манай улсын эдийн засаг хүлээн авах боломжтой юу.

Өрийн таазыг өөрчлөх үү зэрэг олон асуудлыг шийднэ. Мега төсөл хариуцсан сайд М.Энхсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шууд бэлэн мөнгө ороод ирнэ гэж хандвал гэнэн хэрэг болно” гэж хэлсэн. Найман тэрбум ам.доллар долоон жилийн хугацаанд орж ирнэ.

-УИХ-ын чуулганы өнгөрсөн       баасан гарагийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ- хүү өөрчлөлтөөр төмөр зам, эрчим хүчний салбарт авах зээлийг Засгийн газрын зээлд хамаарахгүй байхаар заасан байсан. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

Миний хувьд эсрэг байр суурьтай байгаа. Нэг хэсгийг нь өрийн тооцооноос зүгээр гаргачихдаг байж болохгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль эдийн засаг, санхүүгийн системд Үндсэн хуультай дүйцэхүйц ач холбогдолтой хууль. Монгол Улс баялагийн хараалд өртөхгүй байх, Голланд өвчинд нэрвэгдэхгүй байхаас сэргийлж урт хугацаанд тогтвортой эдийн засаг санхүүгийн тогтолцоогоо аваад явах ийм л ач холбогдолтой хууль шүү дээ.

Тэр утгаараа санхүүгийн салбарынхан үндсэн хууль гэж үздэг. Энэ хуулийн зарчим, шалгуур, үзүүлэлтүүдийг мөрдөх ёстой. Гэтэл Засгийн газар төмөр зам, эрчим хүчний салбарыг хасахаар оруулж ирсэн нь санхүүгийн тогтолцоог эвдэж байгаа хэрэг. Тиймээс эдийн засгийн агуулгагүй шийдвэр гэж үзэж байгаа. Энэ хоёр салбарын зээлийг бүртгэхгүй гэдэг нь нууна гэсэн үг. Хэрвээ Засгийн газар зээл авсан бол түүнийг ил тод бүртгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зээл гэдэг байнга хяналтад байх ёстой. Тэрхүү зээлийг төлөх үйлчлэлийг бий болгох хэрэгтэй байна.

-Засгийн газрын зүгээс энэхүү хоёр салбар нь үр ашигтай ажиллаж, зээлээ өөрөө төлөөд явах боломжтой учир бүртгэх шаардлагагүй гэсэн тайлбарыг өгч байсан шүү дээ?

Эдгээр салбар өндөр үр ашигтай нь үнэн. Хэрвээ Засгийн газрын зээлд бүртгэхгүй гэж байгаа бол Засгийн газраар дамжуулж зээл авах хэрэггүй. Аж ахуйн нэгж өөрөө хариуцлага хүлээгээд авах боломжтой. Энэ бол ойлгомжгүй шийдвэр. Үүнийг эрс эсэргүүцэж байгаа"

-Энэхүү Хоёр салбарт авах зээлийг Засгийн газрын зээлд хамаарахгүй байхаар зааж байгаа нь өрийн таазтай холбоотой байх. Учир нь энэхүү хоёр салбарын зээлийг хассанаар дахиад зээл авах боломж бүрдэх байх л даа.

Тэгж л харагдаж байна. Үүнд хоёр санаа байна. Өрийн таазыг хөдөлгөхгүй гэсэн нэг санаа. Өрийг таазыг огт хөдөлгөж болохгүй гэсэн хууль байхгүй. Хэрвээ эдийн засгийг идэвхижүүлэх бодлоготой уялдуулан өрийн таазыг оновчтой хэмжээгээр тогтоогоод явж болно. Хамтарсан Засгийн газар байгуулахдаа МАН, АН хоёр “Өрийн таазыг нэмэхгүй” гэсэн тохиролцоонд хүрсэн. Одоо өрийн таазыг нэмэгдүүлье гэж хэлэхээр тохиролцооноос буцсан болж харагдах гэж байгаа учраас ийм арга сүвэгчилсэн бололтой.