Бид 20.7 их наядын өртэй
УИХ-ын чуулган
2015.05.22

Бид 20.7 их наядын өртэй

Өчигдөр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд тавьсан өрийг хэрхэн дарах тухай тусгасан юм байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улс хэдий хэмжээний өртэй байгаа тухай тодруулсан бол Сангийн сайдын хариултаар бол Монгол Улс 20.7 их наядын өртэй. Түүнд Засгийн газрын баталгаа гаргасан бүх зээл, хувийн хэвшлийнхний авсан зээл бүгд хамаарч байна.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд Хан-Уул дүүрэг дэх 32 дугаар сургуулийн барилгын асуудлыг Засгийн газар шийдэж өгөхгүй байгааг шүүмжлэв.

Сангийн сайдын хариултаар бол сургууль, цэцэрлэгийн барилгад Засгийн газар хамгийн их анхаарч байгаа. Концессын гэрээгээр 72 сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн тухайд 8 тэрбум төгрөг шаардсан. Цогцолбор сургуулийг 3 тэрбум төгрөгт багтааж байхад нэг сургууль 8 тэрбум төгрөг шаардсан нь бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзээд Засгийн газрын хуралдаанаас бодит төсөв оруулж ирэх даалгаврыг өгсөн аж. Ерөнхий сайдын зүгээс сургуулийнх нь хуучин тавилгыг агуулахад хадгалж байгаад буцаагаад ашиглаж болох байтал шинээр худалдаж авахаар оруулж ирэх нь зохисгүй гэж үзсэн гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Хуучин тавилгууд нь бороонд идэгдээд дахин ашиглах боломжгүй болсон. Та нартай УИХ хариуцлага ярьж болно шүү” гэсэн тайлбар хийсэн.

Ингээд холбогдох байнгын хороонд шилжүүлснээр энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлөв.