НҮБ-ын ХХАА-н байгууллагын БНХАУ дахь суурин төлөөлөгч Перси Мисикаг хүлээн авч уулзлаа
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол НҮБ-ын ХХАА-н байгууллагын БНХАУ дахь суурин төлөөлөгч Перси Мисика
2015.05.22

НҮБ-ын ХХАА-н байгууллагын БНХАУ дахь суурин төлөөлөгч Перси Мисикаг хүлээн авч уулзлаа

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол НҮБ-ын ХХАА-н байгууллагын БНХАУ дахь суурин төлөөлөгч Перси Мисикаг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газар тус байгууллагатай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байдгаа БОНХАЖ-ын сайд уулзалтын эхэнд хэллээ. Тус байгууллагын дэмжлэгээр байгаль орчны салбарт ойн бодлогыг тодорхойлох, ойн түймэр, хортонтой тэмцэх, ойн тогтвортой менежмент, хяналт шинжилгээний системийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрснийг мөн тэмдэглэв.

Түүнчлэн НҮБ-ын ХХААБ-ын Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэх төсөл батлагдан хэрэгжих болсонд ноён Перси Мисикад талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны хэд хэдэн асуудлаар санал солилцсон юм. Монгол орны хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд өртөх байдлыг бууруулах, түүнд дасан зохицох чиглэлээр хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хэллээ.

Монгол Улсын нийт газар нутгийн 77.4 хувь нь цөлжилтөд их, бага ямар нэг хэмжээгээр өртсөн гэх судалгаа гарсан. Тиймээс цөлжилтийг сааруулах чиглэлээр бэлчээр хамгаалах, мод тарьж ургуулах ажлыг хийж, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад хувь нэмэр оруулах шаардлагатай гэв. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад ой модны үүрэг асар их учраас БОНХАЖЯ санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг өрнүүлж байгаа.

Үүнийг ноён Перси Мисика “маш чухал” ажил хэмээн үнэлж, 1990-ээд онд газар нутаг нь тэр чигээрээ цөлжилтөд нэрвэгдсэн байсан ч нийт ард иргэдийнхээ дунд хөдөлгөөн өрнүүлсний хүчээр тус улс танигдахын аргагүй өөрчлөгдсөн тухай дурдлаа.

Тус улсын хувьд дунд сургуулийн хүүхдүүд жилд 50 мод, оюутнууд тус бүр 100 мод тарьж, арчилж ургуулах хөдөлгөөн өрнүүлсний хүчинд цөлжсөн газар нутгаа ойжуулж чадсан. Монгол Улсын хувьд мод тарьж, тарьсан модоо ургуулах хөдөлгөөн өрнүүлж байгаад ноён Перси Мисика баяр хүргэж, амжилт хүслээ.

НҮБ-ын ХХАА-н байгууллагын БНХАУ дахь суурин төлөөлөгч Перси Мисика НҮБ-ын ХХААБ-ын Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэх төсөл батлагдан, ирэх баасан гаригт төслийн эхлэлийн семинар болох гэж байгаад баяртай байгаагаа хэлэв.

Цаашид хоёр тал хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд идэвхжүүлэхээр санал нэгдлээ.