Компаниудын захиалгаар японд мянган инженер бэлтгэнэ
Энэ долоо хоногийн "Сайдын цаг" уулзалтад Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцож салбарынхаа цаашдын бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулав. Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогын баримт бичгийг УИХ баталсан билээ.
Энэхүү бодлогын баримт бичгийн хүрээнд 2014-2024 хүртэл олон ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд 360 гаруй ажлын жагсаалт гаргасан бөгөөд энэ жил 100 ажил хэрэгжүүлэх юм байна. Л.Гантөмөр сайд уулзалтын эхэнд сургуулийн өмнөх боловсролын "цөм хөтөлбөр"-ийг онцлов.
"Цөм хөтөлбөр"-ийн үр дүн
Өнгөрсөн 2014-2015 оны хичээлийн жилд энэхүү хөтөлбөрийг туршилтаар явуулж буй. Туршилтаар явуулах хугацаанд хөтөлбөрийг илүү боловсронгуй болгож байгаа юм байна. Аймаг, дүүрэг болгон дээр түшиц цэцэрлэг байгуулж "цөм хөтөлбөр"-ийг туршжээ. Уг хөтөлбөрийн гол зорилго нь цэцэрлэгийн сургалтыг хүүхэд бүрийн өөрийгөө хөгжүүлэх сургалт болгон өөрчлөхөд чиглэж байгаа юм байна.
Өөрийгөө хөгжүүлэх гэдэг нь сургуульд орох наснаас нь өмнө тухайн хүүхдийн авъяасыг нь нээх, юу сонирхдог, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болох, эцэг эхчүүдэд үр хүүхдийг нь илүү таниж мэдүүлэхийн тулд тус хөтөлбөрийг боловсруулж туршилтаар хэрэгжүүлсэн юм байна. Энэхүү хөтөлбөрийг туршилтын үр дүн сайн гарсан гэж салбарын сайд дүгнэлээ. Л.Гантөмөр сайд хэлэхдээ "Өмнөх сургалтын хөтөлбөрийн тал цаг нь ямар нэгэн зорилгогүй, тал нь хүүхдүүдийн бичих, дурслэх, зурах, өнгө ялгах сургалтыг явуулдаг байсан байна.
Энэ жилээс 100 хувь хүүхдийн хөгжлийн цаг болгож, тухайн хүүхдийн сонирхсон тоглоом, үйл хөдлөлөөр дамжсан сургалтын системийг барьж ажиллана" гэв. Энэ нь практик дээр хийсэн туршилтаас үр дүнтэй гэдэг харагдсан гэж тайлбарлав. Хүүхдийг сургууль орох наснаас нь өмнө авъяас, сонирхлыг нь тодорхойлсноор ерөнхий боловсролын сургуульд суралцах хугацаанд амжилт гаргаж, цаашлаад ирээдүйд зөв, бүтээлч хүн болж төлөвшинө гэж үзэж байгаа аж.
ЕБС-ийн багш нарын 70 хувийг магистр зэрэгтэй болгоно
Дараа нь ерөнхий боловсролын сургалтын заах арга зүйн технологийг сайжруулахаар асуудлыг хөндөж ярилаа. Нэг хичээлийг нэг багш заах биш тухайн хичээлийг заадаг 4-5 багш хамтарч хичээлийн хөтөлбөрөө боловсруулж, хамд заадаг болох юм байна. Мөн судалгаа шилжилгээний хичээлүүдийг илүү практикд суурилж заах арга барилыг чухалчлах гэнэ.
Боловсролын салбарт энэ жил 200 орчим шинэ лабораторийг ашиглалтад оруулсан байна. Цаашид заах арга барилыг илүү сайжруулж, сургалтын чанарыг дээшлүүлэхийн тулд Ерөнхий боловсролын сургуульд заах арга зүй, сургалтын технологиор мэргэшсэн магистр зэрэгтэй багш нарын эзлэх хувийг 70 хувьд хүргэх зорилт тавьжээ.
Энэ жил Дэлхийн шилдэг 100 сургуульд 200 оюутан суралцана
2015-2016 оны хичээлийн жилд манай улсаас 200 оюутан дэлхийн шилдэг 100 сургуульд урах урилгаа авсан тухай мэдээг Л.Гантөмөр сайд дуулгав. Мөн 1000 инженер бэлтгэх хөтөлбөрийг Япон улстай хамтран амжилттай хэрэгжүүлж эхэлсэн байна. Мөн энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хувийн хэвшлийнхэнтэй хамтарч, оюутнаа бэлтгэх санаачлагыг салбарын яамнаас гаргажээ. Энэ хүрээнд Монголын Үндэсний худалдаа аж үйдвэрийн танхим, МУИС, ШУТИС хамтран санамж бичиг гаргасан байна.
Хувийн хэвшлийнхнээс ямар мэргэжлийн, ямар чиглэлийн боловсон хүчин хэрэгтэй байгаа захиалгыг нь авч тухайн чиглэлээр сурч байгаа оюутнуудыг компаниудтай холбож өгөх юм байна. Монголд үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллагын төлөөлөгчид Японд инженерээр суралцах, мөн их сургууль дээр ажиллаж байгаа эрдэмтдийг компаниудтай холбох боломжтой болох юм байна.
Компаниуд өөрийнхөө нэр дээр багш, судлаачдийг бэлтгэнэ гэсэн үг. Энэ нь дээд боловсролын санхүүжилтийн шинэ схемийг гаргаж ирэх нэг хувилбар гэж салбарын сайд нь тайлбарласан.Боловсрол соёл шинжлэх ухааны сайд салбартаа хийж хэрэгжүүлж буй олон шинэчлэлийн ажлыг тайлбарласны нэгээхэн хэсгийг тоймлож хүргэлээ. Уулзалтын үеэр сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргье.
-Энэ жил хэчнээн сургууль, цэцэрлэг шинээр баригдаж байгаа вэ?
Хөрөнгө санхүүгийн хэмжээндээ л бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Батлагдсан төсвийнхөө хүрээнд 2015-2016 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдалтынхаа хэмжээг 85 хувьд хүргэх зорилго тавьсан. Өөрөөр хэлбэл, жилд 15 мянган хүүхдийг шинээр цэцэрлэгт явах орчинг бүрдүүлнэ гэсэн үг.
Улаанбаатар хотод концессийн гэрээгээр 72 сургууль, цэцэрлэг барих эрхийг Засгийн газар дэмжсэн. Энэ дагуу энэ хавраас зарим бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Нийт 30 гаруй байршил дээр барилгын ажил эхлүүлэхээр Аж үйлдвэрийн яам болон Хөрөнгө оруулалтын газар тодорхой гэрээ хэлэлцээр хийж байна.
Үүнээс гадна Хятадын Экзим банкны хөрөнгө оруулалтаар шинээр 20 орчим сургууль барихаар төлөвлөсөн. Үүн дээр нэмээд буулгаж шинээр барих 10 барилгын ажил байна. Нийт суурь цэцэрлэгийн 100 барилгыг хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулбал Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгасан 2024 онд ерөнхий боловсролын сургууль нэг ээлжээр хичээллэдэг болох хугацаа наашилна.
-XIV дүгээр сургуулийн барилга хэзээ баригдах юм бэ?
Сургууль барих асуудал дээр бид гурван эзний нэг зарц болчихоод байгаа юм. Санхүүгийн эрх нь бидэнд байхгүй. Нэгэнт эрх нь байхгүй учраас барилга барих ажлыг хэзээ эхлүүлэх эрх ирэхгүй байна л даа. Нөгөө талдаа сургуулийг ашиглалтад оруулахгүй бол хариуцлагыг боловсролын яам хүлээдэг.
Тиймээс аль болох хөрөнгө оруулалт, концессийн асуудал хариуцаж байгаа яамдуудаа шахаж шавдуулж байгаа. 14-р сургуулийн тухайд барих энэ жил баригдах төлөвлөгөөтэй.-Багшийн ажлын ачааллыг хөнгөвчлөх, заах арга барилыг өөрчлөх чиглэлээр яамнаас ямар ажил хийж байна вэ?-Багш бүрийг хөгжүүлэх чиглэлээр бодитой ажлууд хийж байгаа. Ялангуяа давтан сургалт, багш нарын сургалтад ашиглаж буй хэрэглэгдэхүүн дээр анхаарч байна.
150 ангийг ухаалаг самбартай болгосон. Ойрын хугацаанд ухаалаг анги хөтөлбөрийн хүрээнд самбар цахим болно. Ингэснээр багшийн ачаалал багасна. Энэ хөтөлбөрийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Бас багш болгоныг нөүтбүүктэй болгох ажил зургадугаар сараас эхэлнэ. Цалин бол төсөвтөө захирагдаад явна. Бидний зүгээс багш нарынхаа ажилд яаж туслах вэ гэдэг дээр анхаарч байгаа.
-Шилдэг их дээд сургуульд суралцах оюутнуудын санхүүжилт шийдэгдсэн үү?
Эхний 35 оюутны санхүүжилтийг бүрэн шийдсэн. Дараагийн ээлжийн 35 оюутны санхүүжилтийг шийдэхээр ажиллаж байна.
-Соёлын өвийг хамгаалах асуудлаар БСШУ-ны яамнаас ямар ажил зохион байгуулж байна вэ?
Манай яамнаас музейн тооллогыг хоёр жилийн хугацаанд орон даяар хийж сая дууслаа. Соёлын өвийн тухай хууль батлагдсанаар монголчууд соёлын өвөө хамгаалах, хадгалах тал дээр тогтвортой байдал бий болно. Энэ хуулийг хэрэгжүүлэх нь бидний үүрэг. Занданшуулсан шарилыг бид соёлын өвд бүртгэж авсан. Одоо тухайн гэгээнтнийг шүтдэг нутаг усныханд нь буцааж өгөх үүднээс тухайн суманд нь буцааж байршуулна.
Ингэхдээ хийд барьж зална. Багш, шавь хоёрын занданшуулсан шарил байгаа. Тус хоёр шарилыг нутгийн ард түмэн болон шавь нар нь соёлын өв гэж үзэж байгаа. Манайхан ч соёлын өвд бүртгэж авч хадгалах, хамгаалах ажлыг нь хийж байна. Ер нь цаашид соёлын өвийг хамгаалах систем рүү орох шаардлага байна. Тэр үүднээс Чойжин ламын музей, Богд хааны музей зэрэг музейнүүдээ хамгаалтахаар Засгийн газар шийдвэр гаргасан. Одоо хэлэлцээд явна.
Төрийн хамгаалтад орсноор соёлын өвүүд алдагдах аюулаас холдож байгаа юм. Цаашид соёлын өвөө хулгайд алдахгүй байх алдагдсан бүтээлүүдээ эргээд олж авахыг ажлыг зохион байгуулна. Занабазарын музей болон бусад гайхамшигтай соёлын үнэт өвүүдийнхээ талаар 3D каталогиуд хийгээд дэлхийд танилцуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.