Оюутны амьдрал ахуйтай танилцлаа
МАН-ынхан “Иргэдтэй уулзах цаг” аяныг зохион байгуулдаг. Энэ аяны хүрээнд нийслэлийн дүүргүүд, аймгуудаар явж төрөл бүрийн ажил Хөдөлмөр эрхэлдэг хүмүүстэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонсч, ахуй амьдралтай нь танилцдаг.
Мөн улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бодитой мэдээллээр хангадаг энэ аян үргэлжилсээр. Тэд энэ удаа дотуур байранд амьдарч буй оюутнуудтай уулзаж, тэдний санаа бодлыг сонслоо.
Эхлээд МУИС- ийн дотуур байрны оюутнуудтай УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар уулзлаа. Ийн оюутны байраар явах уулзалтын салхийг МУИС-ийн оюутны нэгдүгээр дотуур байраар хагалсан нь учиртай. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат оюутан ахуйдаа энэ байранд амьдарч байжээ.
Тиймээс эрч хүч, аж амьдралын эхлэл болсон МУИС- ийн нэгдүгээр байраар зочилж, оюутны дурсамжаа сэргээж, оюутан дүү нартайгаа уулзсан нь энэ. Харин оюутнуудын хувьд УИХ-ын гишүүд, МАН-ын удирдлагуудтай уулзах сонирхолтой байж. Тиймдээ ч тэд “Аав, ээжийнх нь цалин нэмэгддэггүй хэрнээ сургалтын төлбөр өсч байна. Сургалтын төлбөр өссөн хэрнээ сургалтын чанарт ахиц гардаггүй гаж тогтолцоо байгааг ам уралдан ярьсан. Үүнээс гадна оюутны тэтгэлэг болох 70 мянган төгрөгөөр улстөрчид хэтэрхий их шоу хийж байна.
Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 70 мянган төгрөгийг 90 мянган төгрөг болгож нэмнэ гэж ярьж байсан. Тэгсэн хэрнээ нэмсэн юм байхгүй байж сонгууль дөхөөд ирэхээр дахиад ярьж эхэллээ. Энэ мөнгийг нэг бол өгөхөө больсон нь дээр” хэмээн бухимдах нэгэн ч байсан юм. Мөн “Оюутны байрны гаднах орчин нь тохижилт сайтай, биеийн тамирын талбайтай, хичээл давтах номын сантай, оюутны цогцолбортой болохыг хүсч буйгаа” илэрхийлсэн. Энэ саналыг МАН-ынхан дэмжиж оюутны нэгдсэн цогцолбортой болох нь хүний хөгжилд тун хэрэгтэй гэдгийг тодотгож хариу өгөв.
Түүнчлэн төрийн удирдлагууд сонгууль дөхөөд ирэхлээр та бүхэнд тулгамдаж байгаа ямар асуудал байна, бид шийдэж өгье гэсээр гэнэт гарч ирдэг. Үүний оронд оюутнуудад хичээл хүртэл манлайлагч гэдгээ мэдрүүлээч гэсэн санал гаргасан. Учир нь Америкийн Ерөнхийлөгч Барак Обама дунд сургуульд очиж хичээл зааж, оюутан сурагчидтай нэгдэж чадаж байсан гэсэн саналыг хэлэв. Ингэхдээ УИХ-ын гишүүн Б.Бат- Эрдэнийг үндэсний бөхийн өв уламжлал, арга барилаас зааж өгөөч гэсэн хүсэлт гаргасан.
Оюутны байранд нэг дутагдалтай юм нь хөргөгч, угаалгын машин гэнэ. Хөдөө орон нутгаас мах болон зарим хүнсний зүйл авчрахад хөргөгч байдаггүй. Бараг 100 хүүхдийн дунд нэг хөргөгч байдаг ч хүрэлцдэггүй. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг ч уламжиллаа. Энэ асуудлыг бага ч болтугай шийдвэрлэхийн тулд нэг. хөлдөөгч, нэг угаалгын машин авч өгөхөө уулзалтад ирсэн МХН-ын удирдлагууд амаллаа.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн Ж.Мөнхбат “Би МУИС-ийг төгссөн. Энэ дотуур байранд амьдарч байсан. Амьдарч байсан байрандаа ирэхэд сайхан байна. Тэгээд оюутнуудад тулгамдаж байгаа бага ч болтугай нэг асуудлыг нь шийдвэрлэж өгсөндөө баяртай байна.
Та бүгдийн санал бодлыг сонсоод өнгөрөх бус ажил хэрэг болгохын төлөө МУИС- ийн удирдлага болон БСШУЯ-нд албан ёсоор хүсэлт тавина. Ер нь ганц нийслэлийн төдийгүй хөдөө орон нутагт суралцаж байгаа оюутнуудтай ч уулзана. Улс орны хөгжлийн тулгуур нь залуучууд. Энэ цагийн хөгжил дэвшил оюутан залуусын үүрэг хариуцлагаас ихээхэн шалтгаалах учраас өмнөө том зорилго тавьж, түүнийхээ төлөө зүтгэж чадвал амжилтад хүрнэ” гэж залууст захилаа.
Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Улс орны хөгжил хүний хөгжил, боловсролоос эхтэй. Монгол хүний чадвар уул уурхайн баялгаас үнэтэй. Тиймээс оюутнуудыг гадаадад сургаж, дэлхийн түвшний мэдлэг эзэмшүүлэхэд анхаарч байна. Өмнө нь оюутнуудтай уулзахад дотуур байрны асуудал хүндрэлтэй байгааг хэлж байсан. Үүнийг шийдвэрлэхээр мянган оюутны “Оюутны өргөө”-г барих ажлыг хийсэн” гэлээ.