Хүүхдүүдийн 85 хувийг цэцэрлэгт хамруулна
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2015.05.22

Хүүхдүүдийн 85 хувийг цэцэрлэгт хамруулна

Засгийн газраас долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг "Сайдын цаг" уулзалтад энэ удаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР оролцлоо. Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах байдлаар хариуллаа.

-Энэ жил хэчнээн сургууль, цэцэрлэг ашиглалтад орох вэ?

Төсөв санхүүгийн боломжийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. 2015-2016 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 85 хувийг цэцэрлэгт хамруулна гэсэн зорилготой байгаа. Одоогийн байдлаар бол 82 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа. Засгийн газар 72 сургууль, цэцэрлэгийг концессийн гэрээгээр барих шийдвэр гаргасан.

Үүний дагуу бүтээн' байгуулалтын ажил нь одоо эхэлнэ. 30 гаруйнх нь байршлыг тогтоочихсон. Концессийн гэрээ хэлэлцээрүүдийг нь Аж үйлдвэрийн яам хийж байгаа. Мөн БНХАУ-ын тусламжаар 20 орчим сургууль барихаар төлөвлөсөн. Энэ бүтэн сайнд Сангийн сайд бид хоёр БНХАУ-д айлчилж энэ тусламжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

Эдгээрээс гадна буулгаж шинээр барих 10 барилга бий. Өөрөөр хэлбэл, нийтдээ сургууль цэцэрлэгийн 100 барилгыг хоёр жилийн дотор барихаар төлөвлөөд байна. Энэ төлөвлөгөөгөө биелүүлсэн тохиолдолд Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгасан “2024 он гэхэд ерөнхий боловсролын сургууль нэг ээлжээр хичээллэдэг болно” гэсэн заалтыг хугацаа наашлах байх гэж бодож байгаа.

-Ерөнхий боловсролын зарим хувийн сургуулиудын төлбөр хэтэрхий өндөр байгаа. Танай яамнаас үүнд хяналт тавьж байгаа юу?

Хувийн сургуулиудын төлбөр хэт өндөр байгаа нь шударга бус гэдэг нь тодорхой. Дээд боловсролын сургуулиудын удирдлагыг бие даасан хэлбэрт шилжүүлье гэж байгаатайгаа адилхан хувийн сургуулиудын үйл ажиллагааны удирдлагыг бүр тодорхой болгоно. Эцэг эхчүүд, багш нарынх нь оролцоо ямар байгааг тодорхой болгохгүй бол сургууль байгуулсан хүн нь зөвхөн ашиг олохын төлөө ажиллаад байгаа.

Уг нь ерөнхий боловсролын сургууль гэдэг ашгийн бус байгууллага байх ёстой. Гэтэл үүнийг бизнес болгочихоод байгаад л асуудлын гол нь байгаа юм. Хууль эрх зүйн орчинд нь өөрчлөлт оруулж үндсэн зорилгынхоо дагуу үйл ажиллагаа явуулдаг болгох шаардлага бий. Түүнээс биш манай яам шууд танай сургууль төлбөрөө буулга гэж шаардах эрхгүй. Бидэнд байгаа ганц боломж бол тухайн сургуулийн эрхийг хураах. Энэ боломжоо ашиглах гэхээр цаана нь хүүхдүүдийн сурч боловсрох эрх хөндөгддөг.