Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд
2015.05.22

Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.05.22/ өргөн барилаа.

“Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх 28.8 тэрбум иений Зээлийн гэрээг 2008 оны 05-р сарын 01-ний өдөр байгуулж, мөн оны 05 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан.

Хоёр тал бүтээн байгуулалтын ажлын гэрээг 49.5 тэрбум иенээр байгуулах тохиролцоонд хүрсэн боловч төсөвт өртөгөөс хэтэрсэн тул гэрээг байгуулах нөхцөл бүрдээгүй байна. Иймд нэмэлт зээлийг авах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөх шийдвэрийг гаргасан байна.

Нэмэлт зээлийн хэмжээг тогтоох Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ажлын хэсэг 2014 оны 6 болон 12 дугаар саруудад Монгол Улсад ирж ажиллан зээлийн хэмжээг нийт 36.8 тэрбум иен байхаар тогтоосон бөгөөд нэмэлт зээлийн дүнг Япон Улсын Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэх шатанд байгааг хууль санаачлагч танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээлэв.