Төсвийн байнгын хороо хуралдлаа
Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2015.05.21

Төсвийн байнгын хороо хуралдлаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2015.05.21/ чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаанаар хуралдаж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Д.Дэмбэрэл гишүүн төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа төсвийн алдагдал, ДНБ-ний өсөлтийн талаар  гаргасан тооцооллууд хэр үндэслэлтэй талаар асууж байсан.

Сангийн сайд гишүүний асуултад хариулсны дараа үг хэлэх гишүүн гараагүй тул ажлын хэсгээс оруулсан анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураав. Ажлын хэсгийн гаргасан горимын санал гишүүдийн дэмжлэгийг авсан тул нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахаар шийдвэрлэсэн.

Үүний дараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн танилцуулга, ажлын хэсгийн дүгнэлтийн дараа төсөлтэй холбогдолтой асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.