Хүний санааг барьцаалж санхүүжилт олгодог туршилт хийнэ
Монгол, Их Британи, Америк, Франц, Хятад, Солонгос, Дани, Малайз тэргүүтэй улс орны бүтээлч үйлдвэрлэлийн салбарын 200-гаад төлөөлөгч оролцож буй "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн олон улсын чуулган" өчигдөр, өнөөдөр Улаанбаатар хотноо зохиогдож байна.Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, эдийн засаг судлаачдын анхаарлыг татаж буй бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг Монголд хөгжүүлэх бодлогын арга, гарцыг олоход чуулганы зорилго оршиж буй юм. Эл чуулганаар дизайнер болоод кино үйлдвэрлэлийн хөгжлийн асуудлыг онцлон хэлэлцэж байгаа. Чуулганд оролцож сэтгүүлзүй, кино урлагийн салбарыг төлөөлөн илтгэл хэлэлцүүлсэн МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарьтай ярилцлаа.
-Бүтээлч үйлдвэрлэл гэх нэршил, ойлголт манайд нэвтрээд удаагүй байна.Тэгэхээр энэ тухай товч тодорхойлолтыг манай уншигчдад өгөх нь зөв болов уу?
Би илтгэлдээ энэ тухай дурдсан л даа. Манайхан шинээр орж ирж буй шинэлэг ойлголт, нэр томъёог өөр өөрийнхөөр орчуулж, ойлгож хүлээн авдаг. Улмаар өөр өөр ойлголттой хүмүүс нэг зорилго дор нэгдэж түүнийхээ төлөө хамтран ажиллаж чадцаггүй. Тийм учраас бүтээлч үйлдвэрлэлийн кластер буюу бөөм гэж юуг хэлээд байгаа тухай ойлголтоо жигдрүүлэх шаардлагатай байна. Дэлхий нийт үүнийг янз бүрээр илэрхийлж, хүлээн авч, тайлбарладаг. Тухайн улс орны хөгжлийн чиг хандлага, онцлогоос хамаарч ямар чиглэл баримтлах вэ гэдэг нь мөн өөр өөр байдаг. Миний хувьд илтгэлдээ кино үйлдвэрлэлийг онцлон ярьсан.
Кино үйлдвэрлэл гэгч зүйл техник технологи, аж үйлдвэрийн салбараас аваад бүх л салбарыг татан оролцуулах чадвартай, олон салбарын нийлмэл урлаг. Үүнтэй холбоотойгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бөөм гэдэг бол урлагийн бүтээл, санаа юм. Үүнийг бид зохиогчийн эрх, лиценз бүхий барьцаанд тавьж болдог үнэт цаас болгохыг зорьж байна л даа. Улмаар үүнээс үндэслэн санхүү, хөрөнгө оруулалтын бодлогыг боловсруулж цааш массын үйлдвэрлэлд болоод бусад салбарт хүрч, баялаг бүтээдэг цогц системийг л бүтээлч үйлдвэрлэлийн бөөм гэж нэрлээд байгаа юм.
-Энгийнээр ойлговол тодорхой хэмжээнд үнэлэгдсэн, магадгүй дуудлага худалдаагаар зарагдаж аль нэг газрын хананд өлгөөтэй байгаа уран зургийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг л эрэлхийлээд байгаа гэж ойлгож байна?
Ер нь бол тэгж ойлгож болно. Нэг үгээр соёл урлагт суурилсан эдийн засгийн асуудал юм. Гэхдээ эдгээрийн завсарт нөгөөх санааг чинь алтны лиценз шиг цаана нь бодит баялгаар баталгаажсан үнэт цаас болгож байж тэр нь санхүүгийн баталгаа болж үйл ажиллагаанд оролцох эрхтэй болно.
-Сонирхолтой санагддаг юм. Кино уран бүтээлчийн толгойд байгаа нөгөөх санааг банк барьцаалахгүй, зээл олгохгүй. Тийм ч учраас бүтээлч үйлдвэрлэлийгхэчнээн эдийн засгийн нэг хэлбэр гэж авч үзэвч манайд идээшиж суурьшихад багагүй хугацаа шаардагдах байх?
Зөв л дөө. Бид ойлголтоо жигдрүүлээгүй зүйлийнхээ талаар бодлого боловсруулж түүнээсээ уламжилж хууль баталлаа ч юм сайжирна гэсэн үг биш. Тийм ч учраас илтгэлдээ кино инкубатор төслийг танилцууллаа.
Яагаад гэвэл бид бөөний тухай ойлголтоо амьдрал дээр, жижигрүүлсэн хэлбэрээр хийж туршъя, үүндээ түшиглэн хөрөнгө оруулалтын сан байгуулж үзье, хүний санааг барьцаалж санхүүжилт олгодог жижиг туршилт хийе гээд байгаа юм. Цаашид зохиогчийн эрхийг нь баталгаажуулна. Хэрэв барьцаанд тавьсан санаа шийдэл маань бүтэлгүй болбол цааш зарж болдог тогтолцоог туршиж үзье л гэсэн хэрэг.
Товчхондоо, аль нь болох болохгүй байгааг амьдрал дээр хийж үзэх гэсэн оролдлого юм. Түүнээс биш хаа байсан агаар тэнгэрийн том бодлого яриад тэр нь эргээд хэрэгждэггүй. Тийм ч учраас бид ийм инкубатор төсөл санаачлан жижигрүүлсэн хэлбэрээр туршиж үзэх нь хамгийн оновчтой гэж үзсэн.
Улмаар барьцаалах гээд байгаа. авьяасаа хэрхэн хөгжүүлж, дэмжих тухай ярих ёстой. Зохиогчийн авьяас хөгжиж, задарч санаа шийдэл нь амьдрал дээр урган дэлгэрч чадаж байна уу гэдгийг инкубатор төсөл харуулна. Энэ төслийг Монголын кино урлагийн зөвлөлийн хэсэг нөхөд, МҮОНРТ-тэй хамтран хэрэгжүүлэхээр ярьж байна. Хүүнээс бодитоор хэрэгжээд эхэлсэн юм биш. Миний мэдэхээр инкубатор төслийн туршилт Ипаркт хийгдсэн.
Шинээр байгуулагдаж буй байгууллагуудад байр савыг нь үнэгүй олгож нөгөөдүүл нь тэндээс бойжиж гардаг байх жишээтэй. Гэхдээ IT салбар дангаар инкубаторт байгаа хэр нь яагаад бойжихгүй байна гэхээр түүнийг хөгжүүлдэг санаа, уран бүтээлч сэтгэлгээ байхгүй, урлаг соёлынхонтой нэгдээгүй учраас дан ганц техник технологийн хөгжлөөр хүчрэхгүй байгаа хэрэг. Иймээс кино үйлдвэрлэгчид, технологи, хөгжмийн салбар гэх мэт бусад бүх л салбар нэгдэж байж сая нийлмэл урлаг гарч амжилтад хүрнэ гэсэн санааг хэлээд байгаа юм.
Яахав, хэт томоор хөдөлж алдаж байснаас жижгээр эхлээд алдсан ч алдагдал нь бага байх юм. Өнөөдөр бид нийлмэл урлагийг дан дангаараа хийх гэж оролдоод байна. Угтаа нийлмэл урлагийг цогцоороо хийвэл амжилтад хүрнэ, эрсдэл ч бага. Би өмнө нь хэлсэн, кино уран бүтээлд 125 мэргэжил байхад манайд өнөөдөр зургааг нь л бэлтгэдэг. Зургаан мэргэжил 125 мэргэжлийн хүрээнд ярихад асар их ялгаа байна биз. Гол санаа цааш хэрхэн ургах, төлжих нь дээрх нарийн мэргэжлүүдээс шууд хамаарна.
-Монгол контент гэж их ярих болсон. Бидний хэлээд буй контентийг бүтээлч үйлдвэрлэлийн нэг хэлбэр гэж ойлгож болох уу?
Контент гэдэг маань өөрөө нэг бүтээгдэхүүн шүү дээ. Эцсийн бүтээгдэхүүнийг л бид контент гэж нэрлээд байгаа юм. Манайхан бол контентоо жижиг жижгээр нь нэвтрүүлэг, кино, хүүхэлдэйн кино гэж тусгайлан нэрлээд
байдаг боловч бөөн утга агуулгаараа бол контент юм. Нэгдсэн нэршил нь шүү дээ. Талхны үйлдвэрээр бол хэрэглэгчийн гарт хүрч буй талх нь контент юм. Магадгүй чихэртэй, чихэргүй, үзэмтэй, зуйван, бөөрөнхий эсвэл гурвалжин ч талх байж болох шиг монгол контент маань ямар үйлдвэрлэлийг дамжиж байгаагаасаа шалтгаалж өөр өөр төрлөөр гардаг. Хэдий тийм боловч эцсийн дүнд энэ монгол контент гэгч юмыг ганцхан оюуны үйлДвэрлэл л хийнэ, өөр зүйл хийхгүй.
-Бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг дагаад оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудлыг жигдлэх шаардлага гарч байх шиг байна?
Бид өнөөдөр оюуны өмчийн үнэлгээгүй болчихсон шалтгаан нь 70 жил үнэгүй үйлчилгээ авсных. Анх соёл урлагийн салбар байгуулагдахад л үнэгүй үйл- чилдэг, үнэгүй юм шиг ойлгогдчихсон. Яг энэ эрчээрээ өчнөөн жил явсны дээр эдийн засгийн хүндрэлээс шалтгаалсан оюуны өмчийн хулгай гарч газар авсан. Тиймдээ ч өнөөдөр оюуны өмч гэдэг үнэ цэнэтэй зүйл гэдэг сэтгэхүй нийтэд түгээгүй байна.
Тийм учраас оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудал гэдэг цаагуураа эдийн засгийн асуудал гэдгийг иргэд олон нийт, зохиогчдод сурталчлан таниулах ажлыг эрчимтэй хийх хэрэгтэй байна. Хэрэглэгчид хүний юмыг хулгайлдаггүй, харин ч хүндэлдэг болж гэмээнэ үнэ цэнэтэй болно шүү дээ. Миний яриад байгаа зүйл хэт хийсвэр, хоосон зүйлийн тухай бодлого ярихаас илүүтэй бодит байдалдаа дүгнэлт хийж, бий болгох жижиг алхмыг эхнээс нь хийе л гээд байгаа хэрэг.
Ер нь бол соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар бид нэгдүгээр ангийн хүүхдийн хэмжээний боловсролтой байна. Гэтэл нэгдүгээр ангийн хүүхдэд доктор, профессорууд хамгаалсан зүйлийг батлах, хэрэгжүүл гэж шахаж болохгүй шиг энэ бол ахадсан зүйл. Тийм ч учраас байгаа нөхцөл байдалдаа тохирч жижгээс нь эхлэх нь зөв гэж үзэж байна. Энэ чуулга уулзалт ч энэ талын ач холбогдол ихтэй үйл ажиллагаа болж байна.