УИХ-ын 54 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ
2015.05.20

УИХ-ын 54 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ

 Тус хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат оролцлоо.

“Цагаан суварга”-ын ордод зарцуулсан улсын төсвийн нийт хөрөнгийг холбогдох компани улсад нөхөн төлсөн болох нь баримтаар нотлогдсон бөгөөд Улсын Их Хурлын дээрх тогтоолоор, “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал байна гэж Үндсэн хуулийн цэц үзлээ.

Эдгээрийг үндэслэн Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргав.